Хайрын дулаан хорвоо буюу Эрэнжидийн Хархүү

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Хорвоо гэдэг ийм дулаахан, хайр гэдэг тийм сайхан шүү гэдгийг сануулах мэт өнөө цагийн зэвэргэн сэтгэл, хатанги бодлыг дэвтээн “Хайрын дулаан хорвоо буюу Эрэнжидийн Хархүү” ном гараас гарт, газраас газарт гэрэлтэн түгнэм.  Амьдралынхаа 30-аад жилийг ардын багшаар титэмлэж, аглагхан өмнийн говьдоо даруухан атлаа асаж дүрэлзэж амьдарсан хүн бол Ханхонгор сумын унаган хүү Эрэнжидийн Хархүү. Тэрбээр утга зохиолын алтан үеийнхэн дундаа говийн тос даасан ааруул шиг, сэвшээ хонгор салхи шиг уянга утга томсон шүлгээрээ цолгорч яруу найраг, дурсамж өгүүлэл, өгүүллэгийн 40 шахам ном эмхэтгэж өөрийн тод мөрөө тунхаглаж яваа билээ. Хүн хүнээрээ хөглөгдөхийн сайхан, хүн байхуйн утга учрыг өгүүлсэн дурсамж, хөрөг, захидал, шүүмж, бодрол, ярилцлага юм юмнаас бүрдсэн энэхүү ном салахын аргагүй амттай, ёстой л тос даасан ааруул гэлтэй. Э.Хархүү гуайтай мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж явсан зохиолчид, түүний шавь, утга зохиолын хүрээнийхэн гээд сор болсон сайхан хүмүүс түүний талаар чин сэтгэлийн үгээ сүүн цацал болгож өргөснийг нь эмхэтгэн “Хайрын дулаан хорвоо”-доо нэгэн цацал өргөж яваа түүний номоос аргагүй л хайр, илч, гэгээ, сэтгэл мэдрэгдэнэ.  Илүү үг нуршилгүй эш татан өгүүлсү.

Сэтгүүлч Б.Цогзаяабаатар “Ерөөс Өмнөговь даяар үзүүлсэн Э.Хархүүгийн утга зохиолын нөлөө асар их ээ. Аймгийн уран зохиолын дугуйлан, Залуу зохиолчдын нэгдлийг олон жил удирдаж, их ч бүтээлч, цар хүрээ өргөнтэй ажилласныг нь онцлон тэмдэглэлтэй. Түүнийг манай зохиолч нөхөд нь жинхэнэ монгол шүлэгтэй, монгол найрагч гэж хэлэх нь ч бий” гэсэн бол яруу найрагч Ж.Раднаадаргиа агсан тэртээ 2005 онд “Найрагчийн уран бүтээлийн багш нь билэг танхай, бэлэн цэцний далай Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай л даа. Ийм л эрхмээс урлах эрдэм, уянгын мэдрэмж, ухааны цар өвөрлөнө гэдэг ховорхон аз юм аа. Эрэнжидийн Хархүү тэнгэртэй л эр дээ” гэж дуун алдсан байдаг.

Түүний гарын шавь Төрийн шагналт  зохиолч Д.Төрбатын дурсамжаас сөхвөл “Э.Хархүү багш Хөрхийн хадан дээр гарч шүлгээ уншсан нь ч далд тэмүүллийг минь өдөөж, холын хүслэн дуудсан явдал байлаа... Ийм л гэгэлгэн сэтгэлт гэгээн хүн арван гуравны минь жил орсон тэр жил хувьхан заяаны минь харгуй дээр таарч, тавдугаар ангийн сурагч хөвгүүний гарыг хөтөлж, Хөрхийн хад руу төдийгүй Илгийн цэнхэр уул руу авирсанд одоо ч талархаж явдаг юм”  гэж гүнээ мэхийжээ. Мөн түүний шавь Дундговь нутгийн унаган хүү, өдгөө нутагтаа ажиллаж амьдарч яваа Сэтгүүлч Сандагдоржийн Пүрэвсүрэн гуай дурсамжийн бор авдраа ийн уудлав. “Яруу найргаар өвчилдөг насан дээрээ тэр, залуу намайг гололгүй шүлэг найргаа уншиж өгнө. Хичээл тараад л тэдний рүү гүйнэ. Ээжтэйгээ, дунд сургуулийн хоёр дүүтэйгээ хамт багш маань ном дэвтэр дэлгэн даруухан аж төрнө. Ээж нь борлуулсан будаатай цайгаар намайг дайлна. Багшийнхаа ээжийн амттай цайг олон удаа “буудсан даа”. Дотуур байрны мань мэтэд дээдийн хишиг тэр байлаа.

Итгэл хайр хоёроор дутааж боломгүй хорвоо

Инээд дарс хоёрыг дундалж боломгүй хорвоо

Ингэний гэгэлгэн буйлааг нулимс болгомоор хорвоо

Ирмэсэн хонгор харцыг шүлэг болгомоор хорвоо

Энэ шүлэг багшийн маань найргийн үндсэн философи билээ” гэсэн юм.

2011 онд Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн бичсэн тэмдэглэлд  “1979 оны намар Даланзадгадын төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын утга зохиолын 10 хоногийн нээлт болоход би “Утга зохиол урлаг” сонины сурвалжлагчаар, С.Удвал, С.Дашдооров, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ, Б.Явуухулан зэрэг арваад зохиолчдынхоо хамт оролцож, алдарт Ёлын ам, Хонгорын элс зэрэг говийн үзэсгэлэнт газруудаар шүлэг найргаа уншиж, олон түмэнтэй уулзаж явахад Цогт-Овоо сумын сургуулийн хичээлийн эрхлэгч байсан Хархүү маань цуг явсан юм. Тэр л үеэс бид дотно танилцсан. Элдэв эрээн мяраан чамирхлаас ангид уянга ур тэгширсэн, говь талын үнэртэй уянгын сайхан шүлгүүдээс нь тэр цагт бид сонсож, Өмнөговиос нэг сайн шүлэгч төрж байгаад нь баярлаж явцгаасан түүхтэй” гэж дотно сэтгэлээ дэлгэсэн сэтгэлийн утас цааш хөврөн хөвөрсөөр тэнгэрийн орноо саяхан одсон зохиолч МУСГЗ С.Пүрэв гуайн дурдатгал байх нь тэр..“Бид хоёр 1971 оны жихүүн өвөл  Даланзадгад хотод бараа зүсээ харж, залуу зохиолчдын гэнэн итгэмтгий, үе тэнгийн залуусын дотно халуун сэтгэлээр уулзаж билээ. Шороо шуургаар өдөр шөнөгүй балбаж, хормой хот сандчуулсан талын хотод өөрийн өвөрмөц төрхөө хадгалж яваа энэ эрхмийг хараад “ганган л амьтан байна, бурхан минь” хэмээн санаж байв... Бид хоёрын дунд их говийн гоёоны нэг “аальгүй амьтан” сүүтэлзэж, тэр “аальгүй” биднийг бузгай нээж өгөв.  гэж түүний залуу нас хийгээд дотоод сэтгэлийг урнаар дүрсэлжээ.

Э.Хархүү гуайн талаар сэтгэлээ ивэн бичсэн зүрхний хэдэн анд нөхөд, зүүгдэж явсан шавь нараас нь гадна олон нэр алдартай хүмүүсийн бичсэн таталбар, захидал занаа багтсан энэхүү ном нэгэн хүмүүний тухай мэт боловч нэгэн цагийн амьдрал, хүн хүнээ гэсэн элгэмсэг дулаан сэтгэл, эрхэмсэг оршихуйн үлгэрлэл бүхэн багтжээ хэмээн мөхөс би ухварлан бодном. Залуу үеийн төлөөллөөс аанай л аваргуудтай үе тэнгийн мэт “найзалж” явдаг адуу шиг тачигнасан найрагч Болор цомын эзэн Н.Гантулга “Түүний шүлгүүд намрын говьд ингэ гунганахыг сонсох мэт дотогшоо мэлмэрсэн, таанын цагаан толгой царвайтал  цайрах адил гэгээ гэрлээр булхагдсан, говийн шөнийн одод энгэр цээж рүү шургалан асгарч, шуугин нисэлдэх лүгээ тийм л тунгалаг мэдрэмжийг  төрүүлдэг юм. Үг бүрээс нь хайрын торгон аялгуу солонгорч, хүмүүний амьдралын жам хийгээд үнэн мэдрэгддэг нь сайхан. Тэрээр нэгэнтээ “Би үхэхээс огтхон ч айдаггүй. Авах өдрөө аваг. Жам юм чинь. Харин би орчлонгоос цагаан мөртэй буцна гэдэгтээ итгэж омогшдог. Ерөөс яруу найрагчид эмзэг улс. Зүрхээ хямгадахгүй бол энэ ариун ертөнцөө шархдуулчихвал  яаж шүлгээ бичиж, амьд явах юм бэ” гэсэн нь бий. Энэ бол Хархүү найрагчийн халуун зүрхнийх нь тангараг юм. “Шүлэг шиг ариухан явъя, шүүдэр шиг ариухан явъя” гэж зам мөрөө өөрийнхөө гэгээн тунгалаг он жилүүдийг тунхагласан өмнийн говийн буурал “хөвгүүн” энэ амьдралд яг л номынхоо нэр шигээ “Хайрын дулаан хорвоо” ажгуу” гэсэн юм.

Сартай шөнийн од цөөхөн харагдах л даа. Олон юм бодогдож байна шүү. Юуны түрүүнд ээж минь санаанд тодроод ирэв. Ийм намуухан тунгалаг сартай шөнө ингэ хөөслөөд зогсдог байсан нь, хажууд нь би оччихоод хөөсийн намуухан дуугий нь бүр нэг зүрхээрээ сонсох дуртай байсан минь өчигдөрхөн юм шиг санагдаад иртэл хоолой зангирч байна. /"Намрын шөнө төрсөн бууцан дээрээ" Э.Хархүү/

Д.Пүрэвдоржийн “Улаан гэрийн хоригдол”,  Д.Нямаагийн “Тэнгэрийн хаяа”, Д.Гармаагийн  “Цэцэгсийн мөнгөн шүүдэр” зэрэг дурсамжийн бороо асгаруулсан зохиолчид аль хэдийн төрийн хайр ивээлийг хүртжээ.  Эл бүхэнд говийн намираа борооны өнгө нэмж Э.Хархүү гуай “Улаан овооноос эхэлсэн зам” дурсамжийн номоо хэвлүүлсэн нь  даацтай, мөлжүүртэй бүтээл болсон гэдгийг бэлхнээ хэлэх хүн олон. Утга зохиолд бүхий л амьдралаа зориулж “Хүрэн толгойн сүүдэр” өгүүллэгийн ном, шилдэг бүтээлийн хоёр боть туурвижээ. Монголын томоохон хоёр сэтггүүл болох “Хийморь”, “Зиндаа” -гийн редактороор арваад жил ажиллахдаа 50 орчим уран бүтээлчийн шүлэг, зохиол, хөргийг нийтлэн олон нийтэд өргөн барьсан юм. Жүжигчид зохиолчдын 40 гаруй хөргийг урлаж, тус тусад нь ном хэвлүүлсэн нь Э.Хархүү гуайг судлаачийн түвшинд бүтээн туурвигч гэдгийг нотолно. Үүний сацуу залуу зохиолчдын 50 гаруй номыг ариутган шүүж, дөрөө чангалах үгээр алтан шар замыг нь мялаажээ. МЗЭ шагналт Э.Хархүү гуай өдгөө 75 насны босгон дээрээ аавынхаа 75 насны ойн дурсгалд зориулж "Хайрын дулаан хорвоо буюу Эрэнжидийн Хархүү" номоо эмхэтгэн гаргасан байна. Тэрбээр шүлэг зохиолоороо тэсэрч шатаж, уянгалж урлаж, говийнхоо нөмөр нөөлөг, илч гэрэл, уянга хөг, уул нуруу нь болж, шүлэг шиг ариухан, шүүдэр шиг ариухан яваа энэ хүмүүн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top