Дөрвөн сорилтыг давахад бид бэлэн үү?

2019 оны 06 сарын 14

Сонгууль  дөхөхөөр  улстөрчид цочирдом шийдвэр гаргадаг тул энэ онд эдийн засагт нөлөөлөх улс төрийн эрсдэл нэмэгдэнэ гэдэгтэй санал нийлэх эдийн засагчид олон байна. Дэлхийн 63 улсыг харьцуулсан өрсөлдөх чадварын шинэ тайланд улс орнуудыг  улс төрийн тогтворгүй байдал бага байгаагаар нь эрэмбэлэхэд манай Монгол Улс 63 орноос 61 дүгээрт бичигдээд байгаа юм. Гадныхан бидний дотоодын нөхцөл байдлыг ингэж харж буй бол дэлхийгээс хамаарсан эрсдэл бас холгүй байгааг санах ёстой. Тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны дайнтай холбоотойгоор манай уул уурхайн орлого саарах эрсдэл нэмэгдэх магадлалтайг шинжээчид хэлж буй. Тэгвэл Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монголын эдийн засгийн цаашдын төлөвийг ярихын тулд дөрвөн томоохон сорилтыг анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж буй ч дараах асуудлуудад бид анхаарах ёстой гэж байгаа юм.  


НЭГ ДЭХ СОРИЛТ: Манай улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13.3 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна.Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх дүн 7.1 тэрбум ам.доллар байхаар байна. Энэ өр, төлбөрийг дефолтоос зайлсхийж, амжилттай шийдвэрлэх сорилт нь дан ганц Монголбанкны бус, Монголчууд бидний шандас шөрмөсийг шалгах болно. Энэ сорилтыг даван гарахын тулд өнөөдрийн бидний хийх ёстой эн тэргүүний зүйл бол гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх явдал. Үүнээс өөр сонголт бидэнд үгүй. Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх нь гадаад, өр төлбөрийн тодорхой хэсгийг нөөцөөс төлөх боломжийг олгохоос гадна Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх, улмаар гадаад өр төлбөрийн хугацааг сунгах, шинээр тогтох хүү нь бага байхад чухал нөлөө үзүүлэх юм. Иймд, Монголбанкны зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн онцгой анхаарна гэлээ.


ХОЁР ДАХЬ СОРИЛТ:  Олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ манай улс биелүүлэх ёстой. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Солонгосын засгийн газар зэрэг донорууд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд бид эдийн засгийн болон бүтцийн бодлогыг ирээдүйн тогтвортой өсөлтийг хангах чиглэлд сайжруулах үүрэг амлалт авч хэрэгжүүлж байна. Зарим үүрэг амлалт нь богино хугацаандаа ‘өвдөлт’ мэдрүүлэхээр байсан хэдий ч дунд, урт хугацаатай ‘эрүүл, чийрэг’ болгоход тус дэмтэй билээ. Үүний зэрэгцээ эдгээр олон улсын санхүүгийн байгууллага, доноруудын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай хэрэгжүүлж, цаашид ‘нэр нүүртэй’ хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангах, тэдний дэмжлэгийг авч тулгарч буй сорилтыг хамтдаа амжилттай даван туулахад стратегийн чухал ач холбогдолтой. Эдгээр доноруудыг тусламж, дэмжлэггүйгээр 2017 оноос эхэлсэн том дүнтэй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэх боломж туйлын хомс байсан түүхэн сургамж бидэнд бий.


ГУРАВ ДАХЬ СОРИЛТ: Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “Саарал жагсаалтад” орох эрсдэл  Монгол Улсад өндөр хэвээр байна. Хэрэв энэхүү жагсаалтад орох тохиолдолд гадаадын банкууд  дотоод банкуудтай төлбөр тооцоо хийхээ зогсоож, Монгол Улсын гадаад төлбөр тооцоонд хүндрэл бий болж, гадаад худалдааны зээл зогсохын зэрэгцээ гадаад санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтад маш ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Энэ бол дан ганц Монголбанкны хариуцах асуудал бишээ. Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар,  Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, бидэнтэй нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.


ДӨРӨВ ДЭХ СОРИЛТ: Глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ 2021 оноос буурах эрсдэл өндөр байна. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 орчим хувь, төсвийн орлогын 25-аас бага хувийг дангаар бүрдүүлж байгаа тул эдийн засгийн цаашдын төлөв эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт хүчтэй нөлөөтэй. Монголбанкны судалгаагаар манай улсын эдийн засгийн мөчлөгийн 40-50 хувийг гадаад шокууд болох эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрдэс бүтээгдэхүүний экспортын эрэлт, ГШХО болон хятадын өсөлт бий болгодог тооцоо бий. Иймд, эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн уналтын мөчлөгөөс урьтаж эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэн, хугацаа нь тулж ирээд байсан гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэсний дараа ОУВС-гийн зүгээс Монгол Улсад хандаж хандаж өгсөн нэг сануулга нь эрдэс бүтээгдэхүүний зах зээл таатай байгаа энэхүү “үүлэн чөлөөний нар”-тай байгаа дээр “Амжиж дээврээ засаж сайжруулах” дунд хугацааны сорилтуудыг даван туулах бэлтгэл ажлуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх асуудал байсан билээ. Иймд бидэнд цаг алдалгүй хийх шаардлагатай олон ажил байна. Тухайлбал, гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чандлан сахих, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, банк, санхүүгийн салбарын эрүүл мэнд, эрсдэл даах чадварыг сайжруулах, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох онцгой чухал хэрэгцээ хэвээр байна гэхчлэн байр сууриа илэрхийлж байна.

Тодотгоход, энд дурдагдсан эрсдэлт нөхцөл байдлууд Монгол Улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөхийг  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс ч мөн сануулж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top