2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа 2009 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Global Green New Deal” буюу “‘Дэлхийн ногоон шинэ хэлэлцээр” хийх уриалгыг гаргасан байдаг. Улмаар 2012 онд Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн чуулганаас “Бидний хүсэж буй ирээдүйн гол зорилт бол тогтвортой хөгжил болон ядуурлыг бууруулах явдал бөгөөд үүнд ногоон эдийн засаг гол байр суурь эзэлнэ” хэмээн тунхагласан. Энэхүү тунхаглалд, ногоон эдийн засаг нь байгаль орчны эрсдэл, экологийн доройтлыг багасгахын зэрэгцээ хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн тэгш байдлыг хангаж, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг, нөөц ашиглалтын хувьд үр ашигтай, иргэдийн тэгш оролцоог хангана гэж тодорхойлсон байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд тогтвортой хөгжилд ихээхэн ач холбогдол өгөхийн зэрэгцээ ногоон эдийн засгийг цогцлоон бүтээснээр энэхүү зорилтод хүрэх боломжтойг чухалчлах болжээ. Монгол Улсын хувьд ч мөн энэхүү “давалгаа”-нд нэгдэхийг зорих болсны нэгэн жишээ нь “Ногоон хөгжлийн бодлого”–ыг 2014 онд УИХ-аар баталсан явдал.
Гэхдээ ногоон эдийн засагт шилжих үйл явц удаан байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Ногоон эдийн засгийг бий болгох, хэрэгжүүлэхэд манай улсад тулгарч буй бэрхшээлүүд бий бөгөөд “Монгол Улсын ногоон эдийн засгийн барометр 2018” тайланд ногоон эдийн засаг руу шилжих үйл явцыг 10-аас гурван оноогоор дүгнэсэн байгаа юм.
Үйл ажиллагааны түвшинд ногоон эдийн засгийн өсөлт нь:
Олон улсын эрчим хүчний агентлагийн 2016 оны тоон мэдээллээс харахад Монгол Улс 140 орноос “GDP intensity” буюу ДНБ үйлдвэрлэхийн тулд ялгаруулж буй СО2-ийн хэмжээгээр тавд эрэмбэлэгдсэн байна. Эндээс харахад Монгол Улс ДНБ үйлдвэрлэлд зарцуулж буй нүүрсхүчлийн хийг бууруулахыг зорилт болгохоос гадна ногоон хөрөнгө оруулалт, тэр дундаа эрчим хүчний салбар дахь ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Хэдийгээр манай улс Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ыг хэрэгжүүлснээр томоохон ахиц гаргасан ч тулгамдсан асуудлууд байсаар байна. Тухайлбал, нийт хүн амын 21.6 хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдарч байгаа бөгөөд МХЗ-д тусгагдсан цэвэр ус болон ариун цэврийн асуудлууд хүндрэлтэй хэвээр байна. 2015 онд дэлхий нийтээр “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг баталж Тогтвортой хөгжлийн зорилтуудыг боловсруулж дэвшүүлсэн. Хэрэв Монгол Улс ногоон хөгжлийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлж чадвал ТХЗ-д давхар хүрэх боломжтой юм. Үүнээс үүдэн ногоон эдийн засагт шилжих нь зайлшгүй шаардлагатай болсныг мэргэжилтнүүд хэлж байна.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн билээ.
Манай улсын тухайд дэлхийд хамгийн бага хүн амын нягтаршилтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18 дугаарт бичигддэг, газар нутгийн 70 хувь нь газрын доорх усанд холбогдоогүй, уул уурхайн салбар нийт экспортын 81.9 хувийг эзэлдэг гэсэн анхаарал татсан үзүүлэлтүүд бий.
Тэгвэл ногоон эдийн засагт шилжих явцад тулгарч буй бэрхшээлийг харахад орон нутгаас хотруу шилжих хөдөлгөөн эрчимжсэний улмаас үүдэх хотжилтын асуудлууд байна. Бодлого болон хэрэгжилтийн зөрүү, мэдлэгийн зөрүү, тэгш бус байдал ба ядуурал, усны буруу менежмэнт ба бохирдол, агаарын бохирдол, бэлчээрийн доройтол ба цөлжилт нь ногоон эдийн засаг руу шилжих үйл явцыг удаашруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )