Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал их байгаа юм.
Иймд Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын ажлыг тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сарын ажлыг 2 үндсэн чиглэлээр явуулсан. Сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүй, хамтын баталгаажуулалт, органик болохыг гэрчлэх тэмдгийн хэрэглээтэй холбоотой нийт 9 удаагийн сургалтыг зохион байгуулж, 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид, баталгаажуулалтын болон мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан байна.
Мөн "Органик хөгжил" хамтын баталгаажуулалтын байгууллага үүсгэн байгуулагдаж, гишүүд тангаргаа өргөн, Органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэхээр 05 өнгөрсөн сарын 29-ний өдөр холбогдох материал ирүүлснийг ХХААХҮЯ-аас хянаж, хамтын баталгаажуулалтын анхны байгууллагыг бүртгэжээ. Хуулинд органик хүнсийг баталгаажуулах гурван төрөл байгаагийн нэг нь Хамтын баталгаажуулалтын байгууллага юм. Тус байгууллага нь харилцан итгэлцэл дээр тулгуурласан сайн дурын үндсэн дээр нэгдсэн байх юм.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг “Сарын ажлын бас нэг үндсэн чиглэл нь ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, НХХААГ гэсэн дөрвөн байгууллага хамтран зах зээл дээр байгаа “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд улсын хэмжээнд тандалт судалгаа хийсэн. Судалгаанд 360 зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9 хувь нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой, импортын хүнсний буюу 35.7 хувь нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байна. Иймд 200 орчим аж ахуйн нэгжид сануулга, зөрчлийг арилгах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.
Үйлдвэрлэгч нар Органик хүнсний тухай хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллах ёстой. Үүнийгээ хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байх ёстой” хэмээлээ.
“Органик” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
“Байгалийн цэвэр” гэсэн мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
Сэтгэгдэл ( 0 )