ТОЙМ: Мүүдийз Монголын зээлжих зэрэглэлд нөлөөлж болзошгүй ЭРСДЭЛ-ийг онцоллоо

2019 оны 06 сарын 16

Эдийн засгийн салбарын онцлох сэдвүүдээс тоймлон хүргэж байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз агентлаг “Монгол Улс сүүлийн хугацаанд гаргасан ололт амжилтуудыг нь алдагдуулах эрсдэл бүхий гадаад болон дотоод сорилтуудтай тулгарч байна” гарчигтай хэвлэлийн мэдэгдэл гаргалаа.

Төв банкнаас эдийн засгийг сэргээх чиглэлд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ болоод цаашид анхаарах ёстой асуудлуудыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд дуулгасныг тодотгоё.

Мөн Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн шинэ үзүүлэлтүүдийг танилцуулсныг дурдах хэрэгтэй.  Шинэ тоонуудаас дурдахад,  татварын орлого оны эхний таван сард 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 639.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Инфляци тавдугаар  сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан бол нэг ажилтанд ногдох дундаж цалин 1.2 сая төгрөг байна гэсэн мэдээллийг статистикчид өглөө.

Ингээд эдийн засгийн салбарын урт хугацааны эрүүл саруул байдлыг хангахтай холбоотой сэдвийг онцлон хүргэе.


“Монгол Улс ахиц дэвшлээсээ ухарч болзошгүй”

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз агентлагаас манай улстай холбоотой хэвлэлийн мэдэгдэл гаргав. Тус агентлагийн мэдэгдэлд  дараах зүйлүүдийг тэмдэглэжээ.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөх эдийн засгийн өсөлт болон төсвийн бат бэх байдал сүүлийн жилүүдэд сайжирсан. Гэвч Монгол Улсад гараад буй зарим ахиц дэвшил нь тус улсын эдийн засагт тулгарч буй гадаад болон дотоод сорилтуудын улмаас 2019-2020 онд алдагдаж болзошгүй байна.

Монгол Улсын эдийн засаг нь БНХАУ руу гаргах түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай байдаг. БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаагаас шалтгаалан Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2019 болон 2020 онд саарах төлөвтэй байна. Уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах дарамтууд нь Монгол Улсад нэмэлт сорилтуудыг бий болгож байна.

2020 онд болох УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр Монгол Улсын төсвийн алдагдал 2019 болон 2020 онд нэмэгдэх хандлагатай байна. Төсвийн реформ (шинэчлэл) нь ОУВС-гийн хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Төсвийн реформын хүрээнд авч хэрэгжүүлээд буй арга хэмжээнүүд хэр үр дүнтэй болох нь бодит эдийн засгийн идэвхжил саарах хүлээлттэй байгаа 2019 болон 2020 онд харагдахаар байна. 

 Экспортын орлого саарч, аж үйлдвэрлэлийн орцын импортын өсөлтөөс шалтгаалан нийт импорт үргэлжлэн өсч улмаар урсгал дансны алдагдал нэмэгдэхээр байна. Үүний зэрэгцээгээр уул уурхайн салбарын гадаад шууд хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй санхүүжилт (concessional funding)-ийн эх үүсвэрүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд дэмжлэг болохоор байна.

 Улс төрийн орчин тогтворгүй байгаатай холбоотойгоор хоёр гол хүчин зүйл Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөхөөр байна. Тодруулбал одоогийн эрх баригчдын ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд бодлогоо хэрэгжүүлэх цаашдын хандлага, мөн  уул уурхайн томоохон төслүүдэд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтад хандах хандлага нь голлон нөлөөлөхөөр байна гэж дүгнэжээ.


Давах ёстой сорилтууд

 Эдийн засгийн цаашдын төлөвийг ярихын тулд дөрвөн томоохон сорилтыг анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг Төв банкнаас илэрхийлж байна. Улстөрчид сонгууль  дөхөхөөр эрүүл бус асуудлууд ярих нь олширч, эрх мэдэлтэй байгаа хэсэг нь судалгаа, нотолгоогүй шийдвэрүүд гаргадаг жишиг манайд бий. Энэ жил сонгуулийн өмнөх он учраас “бүсээ чангал” гэдэг үгсийг бодлого, шийдвэр үзэглэгчид санаатайгаар мартах магадлал маш өндөр. Энэ бол манай улсын өмнө тулгамдаж буй дотоодын том эрсдэл. Тэгвэл үүнтэй зэрэгцэн ярих ёстой дөрвөн сорилтыг Төв банкны зүгээс дараах байдлаар тодорхойлж байна.

Манай улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13.3 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна.Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх дүн 7.1 тэрбум ам.доллар байхаар байгаа юм. Тэгвэл энэ өр, төлбөрийг дефолтоос зайлсхийж, амжилттай шийдвэрлэх сорилт нь дан ганц Монголбанкны бус, Монголчууд бидний шандас шөрмөсийг шалгасан үйл явц болохоор байгааг тодотголоо. Энэ сорилтыг даван гарахын тулд ёстой нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх. Үүнээс өөр сонголт байхгүй гэж Н.Баяртсайхан ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурдлаа. Мөн  олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ манай улс биелүүлэх ёстой. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Солонгосын засгийн газар зэрэг донорууд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд бид эдийн засгийн болон бүтцийн бодлогыг ирээдүйн тогтвортой өсөлтийг хангах чиглэлд сайжруулах үүрэг амлалт авч хэрэгжүүлж байна. Эдгээр доноруудын тусламж, дэмжлэггүйгээр 2017 оноос эхэлсэн том дүнтэй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэх боломж туйлын хомс байсныг мартах ёсгүй гэж байна. Мөн нэг сорилт бол Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “Саарал жагсаалтад” орох эрсдэл  Монгол Улсад өндөр хэвээр байгааг санууллаа. Биднээс хамаарах бас нэг гол сорилт бол дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ 2021 оноос буурах эрсдэл нэмэгдэж буйг мөн тодотгож байна. Тэгэхээр эдгээр эрсдэлт нөхцөл байдлууд  нэгэнтээ ил тод байхад өмнөх алдаануудаа давтахгүйгээр, эрүүл саруул шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлэх нь чухал болохыг тойм онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top