Эдийн засагч Г.Энхнасттай хэрэглэгчдийн хоршооллын талаар ярилцлаа.
-Таны “Хоршоолсон банк ба санхүүгийн сектор” нийтлэл хүмүүсийн анхаарлыг нэлээд татсан. Манай банкны системийг хэрхэн эрүүлжүүлэх вэ гэдгийг сонирхох хүмүүс бишгүй байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай банкны систем ямар байгааг бүгд л мэдэж байгаа. Шүүмжлэх нь олон ч энэ байдлаас хэрхэн гарах вэ гэдэг шийдэл бидэнд бараг байхгүй. Хоршоолсон банк бол үүнд том шийдэл болж чадна. Хоршоолсон банк гэж хамгийн товчоор банкны үйлчлүүлэгчид нь банкны эзэд байдаг банк юм. Хэн нь эзэн бэ гэдгээрээ л ялгаатай болохоос биш бусад банкуудтай ижил үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк, ерөөсөө үйлчлүүлэгчид нь банкны эзэд байдаг.
-Сонирхолтой юм. Бас их ойлгомжгүй байна. Тодорхой тайлбарлаад өгөхгүй юу?
-Аргагүй ээ, анх мэдээд би бас гайхсан. Учир нь анх хоршооллын талаархи ойлголт манайд маш муу. Хоршооллыг арав, хорин хүнтэй хөдөөгийн нэг жижиг оёдлын цех, талх нарийн боовны цехээр л төсөөлж байсан. Дэлхийд хоршоолол маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, үндэстэн дамнасан аварга корпорациудтай эн зэрэгцэх хэмжээнд очсон гэж төсөөлөөгүй. Бод л доо, Германы хоёр дахь том банк нь хоршоолсон банк байна. Дэлхийн арав дахь том банк нь хоршоолсон банк байна. Тиймээс энэ хоршооллын загварыг сонирхон судалж эхэлсэн. Энэ судалгаагаа хоёр жил гаран хийж байна. Үр дүнд нь бас ч гэж боломжийн ойлголттой болоод авлаа. Хоршооллыг эзэн нь хэн бэ гэдгээр нь жижиг бизнес эрхлэгчдийн, хэрэглэгчдийн, ажилчдын гэсэн гурван төрөлд хуваадаг. Хэрэглэгчдийн хоршооллын загвар банк санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, худалдааны салбар, боловсрол, эрчим хүч, дулаан зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс банк, даатгал, өргөн худалдааны салбарт зонхилон хөгжиж байгаа. Хоршоолсон банк бол хэрэглэгчдийн хоршооллын төрөлд багтдаг. Хоршоолсон банкны эзэд нь банкны үйлчлүүлэгчид нь юм. Банкны үйчлүүлэгчид хоршоолсон банкны гишүүн болсоноор хоршоолсон банкны засаглалд оролцох эрхтэй болдог. Үйчлүүлэгчид банкны эзэд учраас шийдвэр гаргах эрх мэдэлтэй болно. Үйлчлүүлэгчид банкаа хэнээр удирдуулахаа, банкаа ямар бодлоготой байхаа, банкны зэлийн хүү хэдэн хувь байвал боломжтой байх вэ гэдгээ шийднэ.
-Дэлхийд хоршоолсон банкууд байдаг гэлээ. Эдгээрээс нэрлэбэл?
-Дэлхийд хоршоолсон банкууд маш өндөр түвшинд хөгжсөн. Энэ салбарт Франц, Нидерланд, Финлянд, Австри, Дани, Итали, Герман, Швейцари, Япон гэсэн арван улс тэргүүлсээр байгаа. Цаашилбал, Африк, Латийн Америк орнууд, Зүүн Европийн орнууд, Азид ч хоршоолсон банкын загвар амжилттай хөгжиж байна. Би хамгийн томуудаас хэдийг дурдая. Дэлхийн хамгийн хүчирхэг хоршоолсон банктай орон бол Франц. Энэ орны банкны салбарыг хоршоолсон банк атгаж байна. “Кредит Агрикол”, “BDCE”, “Кредит Мүтүэл” гэсэн гурван том хоршоолсон банк Францын банкны салбарын 60 хувийг эзэлдэг. Эдгээр банкууд Францын номер хоёр, гурав, тавд эрэмбэлэгддэг.Энэ гурван банкыг нийтдээ 24 сая үйлчлүүлэгч нь өмчилдэг. Өөрөөр хэлбэл гурван франц хүний нэг нь хоршоолсон банкны эзэн байдаг. Нидерландад, “Рабобанк” гэж хоршоолсон банк байна. Энэ банк Нидерландын хоёр дахь том банк. Энэ банкыг хоёр сая гаруй үйлчилүүлэгч нь өмчилдөг. Тус банк мөн хөрөнгө оруулалтын сан, даатгал, лийзинг, моргэйж, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Финляндад, “ОП файнэншил групп” бол хамгийн том санхүүгийн нэгдэл бөгөөд үүнийг 1.4 сая үйлчлүүлэгч өмчилдөг. Тус групп нь банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан гэсэн гурван үндсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг. “Райфайзн Зентрал Банк” бол Австрийн хамгийн том банк. Энэ хоршоолсон банкыг 2.4 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Данийн “Никредит Холдинг” гээд хамгийн том санхүүгийн групп нь хоршоолсон загвартай. Тус группыг 300 мянган үйлчлүүлэгч нь өмчилдөг. Тус группын мэдэлд Данийн хоёр дахь том банк “Никредит банк” байдаг. Мөн энэ групп моргэйж, даатгал, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, брокер, лийзинг, хөрөнгийн менежмент зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Германы “ДЗ Банк” бол улсынхаа дөрөв дэх том банк. Энэ хоршоолсон банкыг 18 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Мөн Германы хамгийн том гурван хөрөнгө оруулалтын компанийн нэг “Юнион инвестмент” тус банкных. “Юнион инвесмент” 86 тэрбум еврогийн хөрөнгөтэй. Швейцарийн “Райфайзн Групп” хоршоолсон банк бол “UBS”, “Кредит Швийз” банкуудын дараа орох гурав дахь том банк. Энэ банкийг 1.8 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Мөн “Миргос Банк” хоршоолсон банк гэж бий. Энэ банк Швейцарийн найм дахь том банк. Тус банкыг хоёр сая үйлчүүлэгч нь өмчилдөг. Мөн “Норичукин” хоршоолсон банк бол Японы дөрөв дэх том банк. Дэлхийд энэ банк 29-т эрэмбэлэгддэг аварга банк. “Норичукин” банкыг Японы ХАА-н хоршоодын нийгэмлэг, Японы загасны аж ахуйн хоршоодын нийгэмлэг, Японы ойн аж ахуйн хоршоодын нийгэмлэг өөрсдийн салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хамтран байгуулсан. Тус банкийг 4.6 сая фермерүүд өмчилдэг ба Японы дотоодын хадгаламжийн 10.6 хувийг төвлөрүүлдэг. “Норичукин” банк мөн Японы хамгийн том хөрөнгө оруулалчдын нэг. Японы хамгийн том сан тус банкны мэдэлд байна. Дэлхийд хоршоолсон банк ийм л өндөр түвшинд хөгжсөн байна даа.
-Эдгээр орнууд дандаа өндөр хөгжилтэй орнууд байна. Хөгжиж байгаа, эсвэл буурай хөгжилтэй орнуудад хоршоолсон банк байдаг уу?
-Хоршоолсон банк зөвхөн зах зээл өндөр хөгжсөн орнуудад хөгждөг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Латин америк, Африк, Ази, Зүүн Европын орнуудад ч амжилттай хөгжиж байгаа. “Мороккогийн банк” бол хоршоолсон банк. Энэ банк Мороккогийн хоёр дахь том банк. Африк тивд, Кени улс хоршоолсон банкыг маш амжилттай хөгжүүлж байна. “Кенийн хоршоолсон банк” бол Кенийн тав дахь том банк.Африкийн нэг улс амжилттай хөгжүүлж болоод байхад бид яагаад хоршоолсон банкийг Монголдоо байгуулж чадахгүй гэж.
-Азид Японоос өөр хоршоолсон банктай орон бий юу?
-Азид Японоос гадна Өмнөд Солонгос, Малайз, Энэтхэг, Бангладешт амжилттай хөгжиж байгаа. Бангладешт “Грамин” гээд хоршоолсон банкын нэг өвөрмөгц загвар маш амжилттай хөгжиж байна. Энэ банкыг “Ядуусын банк” гэж нэрлэх нь түгээмэл. Яагаад гэвэл “Грамин” банкыг эмзэг бүлгийн хүмүүс, эмэгтэйчүүд, бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс зэрэг ядуус эзэмшдэг. Грамин банкны загварыг анх боловсруулж, амьдралд хэрэгжүүлсэн хүн нь эдийн засагч, профессор Мухамед Юнүс гэж хүн бий. Түүнийг 2006 онд Нобелийн Энхтайваны шагналаар шагнасан. Анх 1983 онд байгуулагдсан Грамин банк өнөөдөр Бангладеш даяар 2,100 гаран салбартай үйл ажиллагаа явуулж байна. 2008 оны байдлаар 7.6 тэрбум долларыг ядууст зээлүүлсэн байна. Грамин банкны энэ амжилт Дэлхийн Банк зэрэг ОУ-ын санхүүгийн байгууллагуудаас Грамин төрлийн бичил зээлийн төслүүдийг санхүүжүүлэхэд маш том түлхэц болсон. Өнөөдөр Грамин төрлийн бичил зээлийн төслүүд дэлхийн 40 гаруй оронд хэрэгжиж байна.
-Өмнөд Солонгост ямар хоршоолсон банк байна вэ?
-Өмнөд Солонгост хоршоолсон банк саяхан 2012 онд байгуулагдсан. “Нонгхюп” банк нь Солонгосын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны доор байгуулагдсан. Солонгосын ХАА хоршоодын үндэсний холбоо бол 275 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аварга хоршоолсон групп. Зөвхөн санхүүгийн зах зээлд гэхэдтус холбоо доороо банк, даатгал, үл хөдлөх, хөрөнгө оруулалт, үнэт цаас, брокерын компани байгуулж санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ загвараар Монголын ХАА-н Хоршоодын Үндэсний Холбоо яагаад ийм загвараар хөгжиж малчид, тариаланчид эзэмшдэг санхүүгийн том корпорацтай байж болохгүй гэж. Тэр нь доороо банк, даатгал, үл хөдлөх, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг охин компаниудтай байж яагаад болохгүй гэж. Бодох л асуудал.
-Хоршоолсон банк банкы зах зээлийг эрүүлжүүлж чадна гэж та үзэж байна уу?
-Тийм. Учир нь хоршоолсон банк бол хуйвалддаггүй тоглогч. Хоршоолсон банкын эзэд нь үйлчлүүлэгчид нь байдаг учраас бусад банкуудтай үгсэн хуйвалдах боломжгүй. Одоо манайд байгаа банкууд бол хөрөнгө оруулагч эзэдтэй банкууд. Ийм банкууд ашгийн төлөө ажилладаг. Харин хоршоолсон банк үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийн төлөө ажилладаг. Энэ хоёр эсрэг эрх ашиг байгаа биз? Ашиг сонирхол нийлэхгүй учраас тэд хуйвалдах боломжгүй. Ийм учраас л хоршоолсон банкыг хуйвалддагүй тоглогч гэж хэлээд байгаа хэрэг. Бидэнд эрх ашиг юу байх вэ? Зээлийн хүү бага байх, шимтгэл хураамжгүй байх, байх хэрэгтэй бол хамгийн бага хэмжээнд байх зэрэг эрх ашиг бий. Харин хөрөнгө оруулагч эзэдтэй банкинд ямар ашиг сонирхол байх вэ? Ашиг их байх. Мөн биз. Ашгаа их байлгахын тулд зээлийн хүү өндөр байлгахыг хүснэ. Тийм үү? Тэгэхээр хоршоолсон банк монополийг задлахад, зах зээлийг эрүүлжүүлэхэд маш үр дүнтэй шийдэл байж чадна. Энэ бол зах зээлийн гажуудлыг зах зээлийн аргаар засч байгаа хэлбэр. Түүнээс биш манай зарим их мэдэгч нарын хардаад байгаа шиг зах зээлийн бус, социалист зохицуулалт биш юм.
-Банкны үйлчлүүлэгчид нь банкаа яаж хянадаг вэ. Засаглал нь ямар байдаг вэ?
-Хоршоолсон банк “нэг гишүүн-нэг санал” гэсэн зарчмаар санал хурааж олонхийн саналаар бодлого, шийдвэрээ гаргадаг. Харин хөрөнгө оруулагч эзэдтэй банкууд “нэг хувьцаа-нэг санал” зарчмаар бодлого, шийдвэрээ гаргадаг. Ийм банкны 51 хувийг эзэмшигч ганц хүний санал 49 хувийг эзэмшдэг хэдэн мянган хүний саналаас хүчтэй. Сул тал нь энэ. Харин хоршоолсон банкны бодлого шийдвэрт дийлэнхи олонхийн эрх ашиг шууд тусдаг. Засаглалын дараагын нэг онцлог бол эрх мэдлийн хуваарилалт. Хоршоолсон банкны эрх мэдэл төвлөрсөн бус байдаг. Банкны үйчлүүлэгчид тухайн орон нутгийн банкаа эзэмшдэг. Орон нутгийн банкууд нь нэгдэж толгой банкаа үүсгэдэг. Орон нутийн банкны үйчлүүлэгчид толгой банкаа хянах төлөөлөгчдийн хуралд өөрсдийн төлөөлөгчөө сонгоно. Төлөөлөгчдийн хурал нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгоно. ТУЗ нь гүйцэтгэх удирдлага буюу менежментийн багаа сонгоно. Гүйцэтгэх удирдлага нь толгой банкаа удирдаж, өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцаад явна. Хоршоолсон банкууд хэв шинжийн хувьд дотроо нутаг дэвсгэрт суурилсан, холбоонд суурилсан, хадгаламж зээлийн хоршоодод суурилсан гэсэн гурван өөр хэв шинжтэй байна. Нутаг дэвсгэрт суурилсан хоршоолсон банкын бүтэц зонхилж байна. Энэ нь орон нутгийн, бүс нутгийн, төв банк гэсэн банкны гурван түвшинд зохион байгуулагддаг. Хүн ам цөөтэй улсад бол хоёр түвшинд зохион байгуулагддаг. Жишээ нь Нидерландын “Рабобанк” хоёр түвшинт зохион байгуулалттай. Франц, Герман зэрэг том улсууд гурван түвшинт хоршоолсон банкны зохион байгуулалтыг ашиглаж байна. Холбоонд суурилсан гэдэг нь бүх гишүүд нь нэг холбоонд нэгдэн банкны үндсэн хувьцаа эзэмшигч болж банкаа эзэмшдэг загварыг хэлж байна. Үүнд Данийн “Никредит” санхүүгийн группыг нэрлэж болно. Энэ оронд “Никредит холдинг” толгой компанийн хувьцааны 86.7 хувийг “Никредитийн Холбоо” эзэмшдэг. Энэ холбоо нь тус санхүүгийн нэгдлийн үйчлүүлэгчдийн холбоо юм. Мутуал банк. Гурав дахь хэлбэр бол хадгаламж зээлийн хоршоодод суурилсан хэлбэр байна. Үүнд Канадын “Desjardins Group”, Кени улсын ”Кенийн хоршоолсон банк”-ыг нэрлэж болно. Кенийн хоршоолсон банк бол хувьцаат компани. Гэхдээ үндсэн хувьцаа эзэмшигч нь “Күүпхолдингс кооператив сосайти лимитэд” гэх байгууллага бий. Банкны 64.56 хувийг эзэмшдэг. Энэ байгууллага нь 3,800 хоршоолсон гишүүн нийгэмлэгээс бүрддэг. 13 сая кеничүүд эдгээр нийгэмлэгүүдээр дамжуулж тус банкыг эзэмшиж байна.
-Тэгэхээр хоршоолсон банкын давуу тал юу вэ. Бидэнд ямар ашигтай юм бэ?
-Юуны өмнө бид монополь банкуудын ноёрхолыг халж тэднийг зах зээлийн бодит өрсөлдөөнд оруулж чадна. Бидний хүсээд байгаа зүйл энэ. Зах зээл дээр тэсч үлдье, байр сууриа хадгалъя гэвэл банкууд бидний хүлээлтэд хүрсэн үйлчилгээг үзүүлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Зах зээл дээр хуйвалддаггүй тоглогч байхын давуу тал энэ. Ер нь эзэн байхын давуу тал юу билээ дээ. Өөрсдийнхөө эрэлт, хэрэгцээнд хүрсэн үйлчилгээ авдаг болно. Наад зах нь АТМ-ээс мөнгө авахад, шилжүүлэг хийхэд шимтгэл авах ёстой юу үгүй юу, зайлшгүй бол тэр нь хэд байвал боломжтой юм, зээл авахад бэлэн мөнгө гаргасны шимтгэл гээд нэг хувийг авдаг энэ байх ёстой юу үгүй юу, зээлийн хүү зардлаа нөхөөд хэдэн хувь байвал болохоор байна тэр бүгдийг шийдэх эрх нь банкны үйлчлүүлэгчдэд бий болно. Энэ л хамгийн том давуу тал. Одоо бол бид яадаг билээ дээ. Хичнээн гомдоллоод, уурлаж бухимдаад банкуудаа өөрчилж чадахгүй байгаа биз дээ.
-Зээлийн хүү буурах уу?
-Зээлийн хүүг боломжит хамгийн бага түвшинд буулгаж чадна. Гэхдээ манайд зээлийн хүү яагаад ийм өндөр байгаа шалтгааныг судлах ёстой. Манайд зээлийн хүү өндөр байгаа хоёр фактор бий. Нэгдүгээрт, асар их хадгаламж эзэмшдэг цөөн хэдэн хүн байна. 2016 оны едүгээр сарын байдлаар Монгол Улсын нийт хадгаламж 8.1 их наяд төгрөг байна. Үүний 80 хувийг хадгаламж эзэмшигчдийн ердөө 3 хувь эзэмшдэг. Тэдний хадгаламж 6.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ба тэд жилдээ 850 орчим тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж байна. Ямар ч эрсдэл хүлээхгүй сууж байгаад ийм их хэмжээний мөнгө олно гэдэг хаа ч байхгүй алтан боломж юм. Тэд алтан өндөг гаргадаг тахиагаа алдахыг хүсэхгүй. Энэ тэдний амиа тавьж хамгаалах ашиг сонирхол юм. Тэдний ашиг сонирхол Монгол Банкны бодлогын хүүг өндөр байлгахад ч нөлөөлдөг. Энэ ашиг сонирхолыг даван гарч, хадгаламжийн хүүг буулгахын тулд зээлийн бусад эх үүсвэрүүдийг ашиглах ёстой. Зээлийн бусад эх үүсвэр хангалттай болсоноор банкууд заавал өндөр хүү амлаад байх шаардлагагүй болно. Хоёр дахь фактор нь банкууд өөрсдөө. Банкууд хэт их ашгийн хойноос хөөцөлддөг. Их ашиг олохын тулд тэд зээлийн хүүг хамгийн өндөр түвшинд тогтоодог. Нэг жишээ хэлэхэд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байна. Өнөөдөр НДС-гаас 577 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад жилийн есөн хувийн хүүтэй байршуулсан байгаа. Үүн дээр гурван хувь нэмээд жилийн 12 хувь, сарын нэг хувийн хүүтэй зээл өгч яагаад болохгүй гэж. Гэтэл арилжааны банкууд хоёр, гурав нугалаад хүүлж байна. Заавал ингэж өм цөм хүүлэх хэрэг юу байна аа. Бизнест ч гэсэн ёс зүй байдаг юм. Өнөөдөр ямар бизнес хамгийн ашигтай байна? Банк л байна. Банкуудын зээлийн хүүгийн орлого жилд нэг тэрбум ам.доллар болж, банкуудын ашиг 300-400 сая доллароор хэмжигдэж байна. Гэтэл манай улсын ДНБ 12 тэрбум ам.доллар шүү дээ. Өөрөөр хэлбэл монголчууд жилд бүтээсэн баялгийнхаа 10 хувийг банкуудад өгч байна. Энэ бол маш нухацтай бодох ёстой асуудал.
-Зээлийн бусад ямар эх үүсвэрүүд байна?
-Зээлийн эх үүсвэр бол зөвхөн хадгаламж биш юм. Хадгаламж бол зөвхөн зээлийн нэг л эх үүсвэр. Мэдээж зээлийн гол эх үүсвэрийн нэгл дээ. Гэхдээ бид бусад эх үүсвэрүүдийг бас ярих ёстой. Бонд, гадаадын банк гэж зээлийн хоёр том үүсвэр байна. Худалдаа Хөгжлийн Банк гадны зах зээл дээр бонд гаргаад 500 сая ам.доллар босголоо. Энэ бол манайх шиг жижиг эдийн засагтай оронд зээлийн том эх үүсвэр. Эдийн засаг хямраагүй үед Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахад, бонд худалдан авах захиалга нь үүнээс хэд дахин илүү 10 тэрбум ам.доллар хүрч байсан. Бондоор зээлийн маш том эх үүсвэр бий болгох боломжтой. Гэхдээ тэр үед банкны салбар шинэчлэгдээд, үндэсний хэмжээний нийтийн банктай болсон байх хэрэгтэй байна. Хэрэв тэгэж чадахгүй бол бондоор хэчнээн том зээлийн эх үүсвэр босгоод зээлийн хүү буурахгүй. Учир нь банкуудыг цөөн хэдэн гэр бүл эзэмшиж байгаа тохиолдолд тэд нийтийн эрх ашигт үйлчлэхгүй. Тиймээс л нийтийн банктай болъё гээд хэлээд байгаа хэрэг. Зээлийн дараагийн нэг том эх үүсвэр бол гадны банк. Гадны нэр хүндтэй том банк оруулж ирвэл бид хямд зээлээр хангагдана. Тэдний хөрөнгөтэй харьцуулахад манай улсын зээлийн эрэлт маш бага. Зээлийн ийм том эх үүсвэр байхад хадгаламжийн өндөр хүүтэй зээл авах ямар ч шаардлагагүй болно. Манай банкирууд “Зах зээлийг чөлөөтэй байлгах хэрэгтэй” гэх мөртлөө гадны банк яригдахаар “Банкны зах зээлийг хамгаалах хэрэгтэй” гээд эсрэгээр онолдоод унадаг. Ийм хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. Ингэж “онолдоод” байгаа нөхдүүд банкны О.Чулуунбат асан гуай хэдэн жилийн өмнө өгч байсан ярилцлагуудыг сайн унш гэж зөвлөмөөр байна. Тэр хүн гадны банк Монголд оруулж ирэх хэрэгтэй гээд мөн ч их хэлж ярьсан даа. Гэтэл бид ойлгоогүй. Хэсэг нөхдүүд ч санаатайгаар “ “Банк оф Чайна”-аар айлгаж бидний тархийг мөн ч их угаасан. Бид одоо л ухаарч байна. Гадны банк оруулж ирсэнээр валютын ханшийн савалгаа ч үүсгэх нөхцөлгүй болно. Мөн гадаадын том банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, зээлийн эх үүсвэрүүд татах боломжтой. Жишээ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк энэ тал дээр маш идэвхитэй ажилладаг. Манай олон том компаниудад хяналтын хувь эзэмших замаар маш хямд зээл өгсөн. Бүр арга ядахад л нийгмийн даатгалын сангийн хөрөнгө боломжийн зээл эх үүсвэр болж чадна. 577 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан байгаа. Их мөнгө шүү. Энэ мэт олон сувгаар зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж болно.
-Монголд ямар төрлийн хоршоолсон банк байвал тохиромжтой вэ?
-Монголд хосолмол буюу хайбрид загвартай хоршоолсон банк илүү тохирно. Өөрөөр хэлбэл, хоршооллын загвараар сууриа тавиад хувьцаат компани хэлбэртэй банк гэж харж байна. Хоршооллын загвараар сууриа бий болгохдоо нутаг дэвсгэрээр зохион байгуулалтыг ашиглавал үндэсний хэмжээний том банк болоход илүү үр дүнтэй. Яг л Дани, Нидерландын хоршоолсон банкууд шиг корпорацийн хэв маягийг илүү хадгалсан банктай болмоор байна. Өөрөөр хэлбэл 21 аймаг, Улаанбаатар хотод иргэд банкны үйлчлүүлэгчдийн хоршоолсон нийгэмлэгүүд байгуулж, нэгдээд нэг том санхүүгийн хоршоолсон нэгдэл болох хэрэгтэй. Энэ хоршоолсон санхүүгийн нэгдэл нь хайбрид хоршоолсон банкны хамгийн том хувьцаа эзэмшигч болоод хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа 49-өөс ихгүй хувийг чөлөөтэй арилжих хэрэгтэй. Тэгэж чадвал хөрөнгийн эх үүсвэр хангалттай бүрдэнэ. Энэ хувиа хэсэгчлээд гадаадын том банкуудад зарж бас болно. Хэрэв ингэвэл гадны банк оруулж ирсэнтэй ялгаагүй хэрэг болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Маш зөв санаа байна. Менежмент болон аргачлалыг нь зөв хийгээд хувьцаа гаргаж хэрэгжүүлбэл хурдан хугацаанд зээлийн хүүг бууруулах боломжтой.