“Сэтгэл нинжин” номын зохиогчтой идэрхэн багаасаа нөхөрлөж, амьдрал замын уртад хол ойр олон ч аянд ганзага сарвайлгажээ. Гэтэл он цагийн нар, сартай дурсамж, түүний бодол алсын чанадаас өндийсөн “Сэтгэл нинжин” яруу найргийн түүвэр надад огтхон ч шинэ санагдсангүй. Уг нь уншигчдын гар дээр дөнгөж хүрэн алдаж буй цоо шинэ ном л доо. Гэхдээ л уншихыг яаруулсан нь цаанаа ямар нэгэн учиртай биз ээ. Магадгүй, би олон жилийн нөхөрлөлдөө эрдэж, 2007 онд уншигчдын сэтгэлд зочилсон “CHUKA”, 2010 онд нууцаа дэлгэсэн “Амраг нандин” шүлгийн түүврүүдтэй эн зэрэгцүүлснээс үүдэлтэй байж болох юм. Ийнхүү яарсан сэтгэлдээ хөтлөгдөн “Сэтгэл нинжин” номыг сөхвөөс өнөөх арав гаруй жилийн өмнөх “CHUKА” ч харагдсангүй, арваад жилийн өмнөх “Амраг нандин” ч харагдсангүй. Арга ч үгүй биз ээ. Хориод настай бүсгүйн сэтгэлдээ шатаж бичсэн омголон шүлгүүд гучин насны босго элээж, дөчин насны дөрөөнд дөхөж яваа бүсгүйн дотогшоо чимээлсэн шүлгүүд хоёр тэнгэр газар шиг л ялгаатай байдаг аж. Энэ нь ч захын шүлгээс нь харагдаж байна.
Найрагч өөрийгөө цэл залуухан гэж дэрвэж омогшиж байгаа ч шүлгүүд нь түүнийг “Чи тийм ч залуу биш шүү” хэмээн сануулж байна. “Найрагчийн сэтгэл хөгширдөггүй” гэдэг ч ухаажиж томоождог нь хүний ёсон гэдгийг яруу найрагч Б.Чулуунцэцэгийн “Сэтгэл нинжин” номын шүлгүүд хэллээ. Хэн нэгэнд хөнгөн гуниг төрүүлэх хэдий ч надад бол баяр төрж сууна. Учир юу вэ гэвээс надад “огтхон ч шинэ санагдахгүй байсан” энэ түүвэр цоо шинэ ертөнцөд намайг авчирч байна. Тэгэхээр би амьдралын баяр гуниг дундуур олоон жил хөтөлцөн алхасан дотны анд Б.Чулуунцэцэгтэйгээ “дахин танилцах” шалтгаан боллоо. Би ийм л агшинг урьдчилан хүсээд “шинэ санагдахгүй” байжээ гэдгийг ном уншаад дууссаны дараа мэдсэн хэрэг. Үүнийг утга зохиолч судлаач, эрдэмтэн мэргэд “шинэчлэл, хувьсгал”, “өөрийгөө дахин нээх”, “яруу найрагч өөрийгөө оллоо” гэх зэргээр гоё хэлэх байх. Надад бол тийм том зүрх үгүй өчүүхэн бичээч учраас ийн хэлэх нь яавч хүнддэж таарна. Өөрөө хүнд ухуулан таниулж яваагүй ч хүнээс сонссон зүйл насны эрхээр эрх биш байх аж. Тиймдээ л би Б.Чулуунцэцэгийн шинэ төрүүлсэн “Сэтгэл нинжин”-д олзуурхаж сууна. Тухайлбал, “Эргэж төрдөг орчлон” /55 тал/ шүлэгт
“Зөв л амьдрахгүй бол горьгүй дээ
Зүүдэнд аав минь уйлах байх” хэмээн эхлэх энэ шүлэгт идэр цагийн харууслаа хойш тавиад, харин бурхан болсон аавыгаа дурссан сэтгэлээр дамжуулан эргэж төрдөг хүний орчлонгийн жам ёс руу ихээхэн ноцсон нь өнөөх л ухаажиж томоожисныг, дотогшоо чимээлснийг харуулж байна. Мөн цааш үргэлжилэхдээ
“Даахь минь ижийн сүүтэй байхад та явсан
Даль жигүүр шиг жаахан гараараа даллаж таныг үдсэн” гэх буюу
“Элгэндээ эх газрын чинь шороог илэхдээ
Ижий чинь болно гэж цурхирсан сүүлчийн нулимс
Хөрсөн дээр чинь цэцгийн үр болж үлдсэн
Хөр цасан дор ч гал улаанаараа байдаг юм аа” хэмээн өрнүүлж, улмаар
“Даахийг чинь үнэрлэж ижий болно
Даль жигүүр шиг жаахан гараараа даллаж ир
Өлгийн гурван бүсийг дутуу зангидаж хүлээнэ
Өнгөт орчлонд ижий нь бүүвэй аялаж угтья” хэмээн утгыг тайлж
“Энхэлтэй донхолтой орчлонгийн
Элгэнд нь нойрсох аавынхаа
Дэрснийх нь чулуунд хайр ивлээ
Дээлийн хаваас тасчин үр минь болж ирээрэй” төгсгөж байгаагаас харахад тэр амьдралын юмс үзэгдэлд өөрөөр ханддаг болжээ. Ойлгохыг хичээж, дотогшоо шаналж, магадгүй залуу насаа зүхээгүй ч алдаандаа гэмшиж яваа хүн байна гэдгийг шуудхан хэлэх шүлэг ч эл номонд байгааг дурдах шаардлагагүй биз ээ. Яагаад гэхээр уран бүтээлчийн бүтээлд тэр өөрөө оршдог учраас хөндөх эс хөндөх зүйл гэж бий. Харин /81 хуудас/ “Нэг шувуу” шүлэгт
“Нэг шувуу бийр зуугаад нисч байсан
Нэрийг нь мэдэхгүй ч танил шувуу байсан
Нэгдүгээр ангид ордог тэр жилийн намар
Ташуу шугамтай дэвтэр дээгүүр минь гүйгээд мөрөө үлдээсэн
Тэр шувууг эх хэл гэдэг байсан” хэмээн эхлэх энэ шүлэг өөрөө өвөрмөц хийцтэйгээс гадна уламжлалаа хадгалсан, өнөөх л дотогшоо чимээлсэн шүлгүүдийн нэг аж. Ийнхүү цааш үргэлжлэх шүлэгт
“Нэг шувуу өвс зуугаад нисч байсан
Нэрийг нь бас л мэдэхгүй, танил шувуу байсан
Өвөлжөөны саравчин дээр буугаад нисэхдээ
Өр зүрхээ үлдээгээд явчихсан байсан
Тэндээс би эх орноо таньдаг болсон
Тэмээчний охин гэж чанга хэлдэг болсон
Тэргэл тэргэлхэн саран том томоор манддаг
Тунгалагхан эх нутаг минь тусгаар тогтнолтой байсан” гэх мэтээр хөврөх энэ шүлэгт нэг шувуу бийр ч зуугаад өвс ч зуугаад, хялгас ч зуугаад нисч байгаа нь найрагч өөрөө байжээ. Уг нь үүнийг л яруу найраг гэж хэлэх болов уу гэж бодогдном. Тиймдээ ч “Нэг шувуу” шүлэг
“Ижий аав элгэн садан анд нөхөд та нараасаа
Энгэрийн товч бүтэн байхын тухай дүүрэн сонсч өссөн
Нэг шувуу нь би өөрөө байсан
Нэг л амьдраад буцдаг энэхэн замбууд өөр шигээ хайрлаж
Бийр янтай тэвэрч, дүүрэн залбирч сүсэглэсэн ижий тусгаар тогтнол болсон
Билгүүн өндөр эх орноо бүтнээр нь тээж яваа монгол тусгаар тогтнол болсоон би” хэмээн төгсөж байна. Энэ мэтчилэн найрагчийн ур чадвар, сэтгэн бодох онцлогийг харуулсан “Хөгшин бялзуухайн дууль”, “Зэрлэг салхи”, “Ингэ ижийн охин” гээд олон шүлгүүдээс Б.Чулуунцэцэгийн “Сэтгэл нинжин” бүтжээ. Гэхдээ дандаа дотогшоо яргасан, эрэлхийлэх гэж төөрөлдсөн зүйл бас үгүй. Идэрхэн цагийн гал цахилсан шүлгүүдээрээ номондоо багтаасан нь уншууртай, бас харьцуулах зүйлтэй нь харагдана. Тухайлбал, “Чулуунцэцэг-1”, “Чулуунцэцэг-2”, “Халхын сайхан эрд” гээд өөрийнх нь нэрийн хуудас болсон шүлгүүдээс цөөн шигтгэж өгсөн нь энэ номын утга учир. Өөрөөр хэлбэл, арав гаруй жилийн өмнө бичсэн шүлгүүдээсээ сорчлон оруулсан хэрэг. “Сэтгэл нинжин” номын өмнөтгөлд Ардын уран зохиолч Д.Цоодол, Судлаач, доктор Ж.Батбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч агсан Л.Ганзул нарын яруу найргийн үе үеийн зүтгэлтнүүд ариутган шүүж үг бичжээ. Гурвын гурван бүтээгчид нэг бүтээгчийнхээ номын өмнө чухам ийн бөөн бөөнөөрөө үг бичиж байсныг мэдэхгүй юм. Ямартай ч Б.Чулуунцэцэгийн “Сэтгэл нинжин” шинэ санагдаагүй ч ухаарал, утгын чанад руу алгуурхан дөхөж явааг мэдэрлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гайхалтай сайхан ном