“Биологийн санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнг хэлэлцлээ

2019 оны 06 сарын 20

Монгол Улсын Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг босгох, гадаад болон дотоод нөөц боломжийг дайчлах төлөвлөгөө, шийдлийг боловсруулах зорилготой  Байгаль орчин, аялал жуулчлалын яам ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга”  төслийн  хаалтын хурал болж үр дүнгээ хэлэлцлээ.

БИОФИН төслийг 2015 оны 9 дүгээр сард албан ёсоор НҮБХХ-өөс Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамны санаачилга, дэмжлэгтэйгээр эхлүүлсэн бөгөөд төслийн үйл ажиллагаа нь байгаль хамгаалах талаар Монгол улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх шинэлэг стратеги болон арга хэмжээг тодорхойлохтой шууд уялдаатай ажилласан. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд  НҮБХХ Монгол улсын төр, засгийн газарт дэмжлэг үзүүлж олон салбарт хамтран ажиллаж байна.

БИОФИН төслийг 2012 оны 10 дугаар сард “Биологийн олон янз байдлын Конвенц”-ийн талуудын хурлаар анх НҮБХХ-өөс санаачилан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази, Латин Америк, Африкийн одоогоор 30 гаруй оронд хэрэгжүүлж байна.

Хурлыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ төслийн хүрээнд хийгдсэн судалгаа шинжилгээ  байгаль хамгаалах арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг босгох нөөц боломжийг дайчлах арга зам, шийдлүүдийг тодорхойлох улмаар 2030 онд хүрэх Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд мөн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байсаныг дурдаад цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг онцлон хэллээ.

Түүнчлэн энэ үеэр БИОФИН төслийн үндэсний зөвлөх багийнхан байгаль хамгаалах бодлого, институтын өнөөгийн нөхцөл байдал болон шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлсон үр дүнгээ танилцуулснаас гадна үндэсний түвшинд санхүүжилтийн хэрэгцээг хангах буюу нөөц боломжийг дайчлах хамгийн тохиромжтой тогтвортой шийдлүүдийг санал болгож байсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top