Түмэн олны амар амгалангийн манаанд гарч, төрийн сүлдээ тэргүүндээ залсан цагдаагийн албан хаагчдын тухай дуу шүлэг цөөнгүй бий. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, цагдаагийн бэлтгэл хошууч, цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхний холбооны тэргүүн Жамбалын Алтангэрэлийн “Цагдаа хүний хүүхдүүд” яруу найргийн цэнгүүн цагдаагийн “Сүлд” чуулгад энэ сарын 19-ний өдөр боллоо.
Дүрэмт хувцас өмсөж, төрийн сүлдээ тэргүүндээ залсан цэрэг, цагдаа нар болон тэдний ар гэр, ойр дотны хүмүүс танхимын суудлыг дүүргэсэн байлаа.
Яруу найрагч Ж.Алтангэрэл “Монгол Улсын цагдаагийн байгууллага болон цагдаагийн албан хаагчдын алдар гавьяа, үйлс бүтээлийг алдаршуулахын тулд өөрийн оюун ухааныг зарцуулан, уран бүтээлээ туурвилаа” гэдгийг онцлоод, цэнгүүний нээлтийг эхлүүлэв. Тэрээр утга зохиолын салбарт 40 орчим жил ажиллахдаа 400 гаруй шүлэг тэрлэж, дөрвөн номыг өлгийдөн авчээ.
Хүүхэлдэйн театрын жүжигчид шүлэг, найраглалыг уншин, “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дуугаа толилуулсан юм. Цэнгүүнд цагдаагийн алба, цагдаагийн ижий, гэргий, хүүхэд зэрэг сэдэвт шүлгийг ихэвчлэн уншиж байлаа.
Найман настай уран уншигч охин О.Үжин “Цагдаа хүний хүүхэд” шүлгийг толилуулсан нь танхимд суугаа хүн бүрийн хайрыг татаж байлаа. Охины аав, ээж нь цагдаагийн албан хаагч учир шүлгийг чин сэтгэлээсээ уншиж буй нь үзэгчдэд илүүтэй хүрсэн биз ээ. Түүний ээж нь уншигчдын сайн таних Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр юм билээ.
“Сүлд” чуулгыг төлөөлөн морин хуур, үлээвэр хөгжим тоглож байгаа уран бүтээлчид дүрэмт хувцсаа өмссөн нь цэнгүүнийг илүүтэй амилуулж байв.
Цагдаагийн “Сүлд” чуулгийн гоцлол хөгжимчин, морин хуурч, хөөмийч, цагдаагийн ахлах ахлагч У.Батбаяр “Манай чуулга цагдаагийн байгууллага иргэд, олон нийттэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны соёл эзэмшүүлэх, авьяас билгийг нээн илрүүлэхэд нь туслалцаа үзүүлэх зорилготой. Ж.Алтангэрэл яруу найрагч өөрөө цагдаагийн ахмад ажилтан учраас цагдаа нартаа их элэгтэй ханддаг. “Сүлд” чуулга дээр цагдаагийн албан хаагчдын талаар туурвисан уран бүтээлийн цэнгүүнээ хийж байгаад нь баяртай байна” гэж сэтгэгдлээ илэрхийлж байв.
Ж.Алтангэрэлийн бүтээлүүд дундаас “Амь нас” шүлэг нь хүмүүсийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөж чадсан юм. Энэ шүлгийг ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн албан хаагч нарын гэгээн дурсгалд зориулсан аж.
“Амь нас” шүлгийн хэсгээс
Шаазгай шагширахыг сонсоод шарх хөндүүрлэн бодлоо
Дутахын зовлон тохиодог ч үрээ үгүйлэх хэцүү байдаг юм байна
Буцахын шалтаг үүддэг ч өрөөлд хөнөөлгөх хатуу байдаг юм байна
Дуусах гавьяа сайхан ч үхэж алдарших гашуун байдаг юм байна
Зурагны минь өмнө та зул битгий өргөөрэй
Би өөрөө гал байсан юм чинь
Журмын нөхдийг минь хараад нулимс битгий унагаарай
Хүү нь амьд байгаа шүү ээж ээ
Цэнгүүнийг үзэгч Б.Баярсайхан “Ж.Алтангэрэл яруу найрагчийн тоглолтод тавигдаж байгаа шүлэг, уран бүтээлүүд үзэгчдэд хүрч чадаж байна. Ялангуяа “Амь нас” шүлэг дээр ихэнхи хүн нулимс унагаж харагдсан. Цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэн, мэргэжил нэгтнүүд хуран цугласан учир тоглолтын уур амьсгал маш сайхан байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
2020 онд Нийслэлийн цагдаагийн ахмадын холбооны 30 жилийн ой болохтой холбогдуулан цагдаагийн ахмад ажилтан, яруу найрагч, уран бүтээлч хүний хувьд энэхүү цэнгүүнийг хийх санааг гаргасан байна. Энэхүү яруу найргийн цэнгүүнийг гуравдугаар сараас эхлэн Цагдаагийн ахмадийн холбоо болон Цагдаагийн ахмадын хороотой хамтран зохион байгуулж байгаа ажээ.
(Гэрэл зургийг Arslan.mn сайтаас ашиглав)
Н.ХАЛИУНАА
Сэтгэгдэл ( 0 )