-“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан жилээс жилд өргөжин тэлж, “Хааны эрэлд” олон улсын сургуультай эн зэрэгцэхүйц цараа хүрээ нь нэмэгдэх нь дамжиггүй-
Эх орны маань алс хязгаар Алтай хянганд ч, элгээ даран үелзэх элсэн манхан цөлд ч, салхи цуцам Мэнэнгийн талд ч, сар төөрөм хөвчийн гүнд ч мөнхийн харуул цэргүүд нүд цавчилгүй мөрдөс юугаа гялалзуулан зогсож буй. Бидний өвөг дээдэс морин туурайгаар дэлхийг дайтыг хэмжиж яндашгүй уудам орон, ялагдашгүй түүхэн гавъяаг авчирсан билээ. Монгол орны маань зүрх болсон нийслэл хотын халуун цохилгыг чагнан буй Төв аймаг дахь Тавантолгойн цэргийн ангид эр цэргүүд морьдоо сойж, агт хүлгийн амгай шаргин байна. Энэ амгайн шаргиа эх нутгаас минь алдууран цуурайлж олон улсын морин цэргийн уралдааны ухайг дэлхий дахинаа зарлалаа. Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “АрМИ-игры” буюу олон улсын цэргийн наадмын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьсны дагуу ийнхүү “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан болох гэж байгаа юм. Монгол нутагт зохион байгуулж буй нь дэлхий дахинаа морин туурайгаа тамгалж, эзэрхэг гүрэн болсон түүхтэй эх нутгийн морины шандас хүч, эр цэргийн тэсвэр тэвчээр удам угсаа өдгөө ч тасраагүй, улбаа хойч нь хүчирхэгжин үргэлжилсээр буйг харуулах зорилготой юм.
Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн ой тохиож байна. Дэлхийн хоёрдугаар дайнд монгол морины гүйцэтгэсэн үүрэг, түүнийг алдаршуулан магтах, Монгол Улсынхаа зан заншил, амьдрах ёсон, үүх түүхийг сурталчлан таниулах зорилготой “Аравт” морин цэргийн уралдаан дэлхийн түүхэнд анх удаа эх оронд маань болох гэж байна. Энэхүү олон улсын морин цэргийн уралдааны тов гарч, хэд хэдэн удаагийн төлөвлөлтийн бага хурал ОХУ болон манай улсад зохион байгуулсан бөгөөд төгсгөлийн шатны олон улсын төлөвлөлтийн бага хурал өнгөрөгч 20-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид боллоо. Зөвлөгөөнд уралдаан оролцох дөрвөн орны нэг болох ОХУ-аас төвийн цэргийн хүрээний 41 дүгээр армийн орлогч дарга Дэслэгч генерал А.В Подвилов, Казахстан улсаас Бүс нутгийн командлалын байлдааны бэлтгэлийг хариуцсан орлогч дарга Хурандаа Д.Е Хамитов болон Киргизстан улсын Хуурай замын цэргийн сургалтын төвүүдийн байлдааны бэлтгэлийг хариусан тасгийн дарга Дэд хурандаа А.Д Оркошов нар хүрэлцэн ирлээ. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яамдын батлан хамгаалах атташе ажиглагчийн байр сууринаас оролцлоо.
Цэрэг армиас хол хөндий мань мэт нь зэвсэгт хүчний сүр хүчин дор сөгдөн мэхийж, генерал, хурандаа нарын ширүүхэн харцнаас ”дальдрасхийн” хурлын танхимын “хэвлэлийн төлөөлөгч” гэсэн сандал дээр эгнэн сууцгаалаа. Олон улсын төрийн далбаа сүлд намирсан индэр дээрээс одон тэмдэг, мөрдөс дуулга бүхий цэргийн командлагчаас эхлээд хошууч дэслэгч нь хүртэл бүтэн өдөржин орос англиар сэлгэн ярьж монгол үг нэг ч хэлэгдсэнгүй. Цэргийн хүн гэхээр нар салхинд онгож гандсан бүдүүн хадуун нөхөд байдаг гэсэн андуу ташаа бодол минь гадаад хэлний мэдлэг дээр нь гайхшран өөрчлөгдлөө. Дэлхийн өнцөг булан бүрт энхийг сахиулах үйлсэд монгол цэргээ илгээж, бие биеэсээ туршлага солилцон, монгол цэргийн яруу алдрыг дуурсгаж яваа аавын хөвүүд, ээжийн охид хаа ч мэдлэг боловсролоороо гайхагдахаар түвшинд хүрчээ. Уралдаан хоёр үе шаттай явагдах ба эхний шатанд оролцогч орны багууд 130 километр замыг хоёр өдөр мориор туулж замдаа тактикийн ажиллагааны дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэнэ. Үүнд усан саад туулах, морь барих сэлгэх, хээрийн хоноглолт хийх, татан гаргалтын цэгүүд байна. Харин хоёрдугаар шатанд 7.5 километр богино зайд уралдах ба морин дээрээс тактикийн даалгавруудыг биелүүлж хамгийн богино хугацаанд алдаагүй даалгавар гүйцэтгэсэн байдлаараа байр эзлэх юм. “Олон улсын түвшний морин уралдааны нэг хэлбэр болох энэхүү уралдаан нь морьтон монголчуудыг дэлхийд сурталчлан таниулах үүрэгтэй” гэж Хошууч генерал Ж.Бадамбазар онцоллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга Бригадын Хошууч генерал Ж.Бадамбазарын удирдлага дор энэ жил манай улс зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, өвөг дээдсийнхээ дэлхийд тунхагласан "Аравт" хэмээх нэршилтэй морин цэргийн олон улсын уралдаан Улаанбаатар хотоос 65км зайд орших Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, Хустайн нуруун дахь байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт 2019 оны наймдугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ удаагийн уралдаанд оролцох зэвсэгт хүчний багууд ирэх сарын 20-ны өдөр Монголд ирж, зам маршруттайгаа танилцаж, унах морьтойгоо дасгал сургуулилт хийж дасан зохицох ажилдаа орох ажээ. Бие биетэйгээ цэргийн нөхөрлөлөө бэхжүүлэх, зан заншлаа таниулах үйл ажиллагаа өдөр бүр шахуу хөтөлбөртэй явагдах юм байна. Орос морь том биетэй хүнд масстай учир уралдааны нөхцөлд тохиромж муутай байдаг. ОХУ-ын цэргүүд Тувагаас ирсэн морьтой бэлтгэл сургуулилт хийж байгаа тул монгол морьтой төстэй гэж ОХУ-аас ирсэн төлөөлөгч хэлэв.
Зөвлөгөөнөөр шүүгчийн зөвлөлийн бүрэлдэхүүний бүтэц, эрх үүргийг танилцууллаа. Мөн түүнчлэн эмч шүүгч, малын эмч шүүгч нар ажиллах бөгөөд үзлэг оношлогоо хийх, аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэртэл гэмтлийг шалган тогтоох зэргээр ажиллах үүрэгтэй. "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд оролцогч орнууд ижил нөхцөлтэй байхын тулд монгол мориор уралдах ба оролцогч дөрвөн орны багт арав арван морь бэлтгэж сугалааны журмаар унах морио сонгоно. Морьдоо сойж, уналга ачилгад сургах ажил эхэлж зүүн аймгаас морьдоо сонгосон байна. Дайны бэрх үед дэргэдэх нөхөртөө туслалгүй орхивол цаазлах буюу хол нутагт хэцүү албанд цөлөх хатуу хуультай байжээ. Монгол цэрэг тухайн үедээ хамгийн сайн сахилга бат, дүрэм журамтай арми байсныг түүхэн товчоонд бэлхнээ бичигдсэн буй. Энэ уралдаан нь тэрхүү жаягийг алдахгүй, бадраан батжуулах зорилготой. Түүхнээ аравт, зуут, мянгат, түмтээ бүх түмтийн ноёдын ерөнхий командлагч буюу их жанжин удирдаж байлдааныг командлах, нэг хүн, арван хүнийг удирдах энэхүү систем нь тэр үедээ хаа ч байгаагүй нарийн зохион байгуулалттай байжээ. Дэлхийн гарамгай жанжин бол Их эзэнт гүрний хаан Чингис хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрч одоогийн дэлхий дахины цэргийн зохион байгуулалт нь энэхүү системийг улам боловсронгуй болгосоор ирсэн ажээ.
Морин цэргийн уралдаан нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “АрМИ-игры” буюу “Олон улсын цэргийн наадам-2019” наадмын хүрээнд болж буй нэг төрөл нь юм. Үүний зэрэгцээ наадам эхлэх өдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр 38 орон цэргийн олон төрлөөр тэмцээн уралдаан зэрэг зохион байгуулна. Зохион байгуулагч гол орон болох ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч есөн улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан болно. Жишээ нь Хятад Улсад Холбоочдын тэмцээн, Беларусьт Мэргэн буучдын тэмцээн болно. Тус наадмын өмнөх жилүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчнийхэн “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцон дэлхийн шилдэг армиудтай эн тэнцүүхэн өрсөлдөж ирсэн бөгөөд энэ жил дээрх төрлүүдээрээ оролцохоор болсон юм. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах уг наадам нь өнгөрөгч жил дэлхийн долоон улсад зохиогдсон бол энэ жил 10 болж хүрээгээ тэлжээ. Армиуд галын шугамд байлдаж дайсагналцах биш цэрэгжлийн спортын талбарт хурд хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч уриан дор зохион байгуулагдаж дэлхийн шилдэг армиудыг эгнээндээ нэгтгэсээр байна.
“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны үеэр “Эрийн гурван наадам” зохион байгуулахаас гадна оролцогч орнуудаас томоохон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ирнэ. Нээлт болох хүртэл өдөр бүр урлаг, спортын болон Монгол Улс, зан заншил, адууны өв соёлоо сурталчилсан арга хэмжээнүүд болох ба уралдааны бэлтгэл хэрхэн хангаж байгаа болон уралдаанд гадаадын багууд хэрхэн оролцож байгааг газар дээрээс нь сурвалжлах боломж нөхцөлийг хангаж ажиллах болно. Түүнчлэн хээрийн байрлалд ажлаа хэвийн явуулах өндөр хурдын интернэт, мэдээллийн төв, ажил, амралтын байр, унаа, хоол, эмнэлгийн үйлчилгээгээр шаардлагатай нөхцөлд үйлчилнэ” гэж ЗХЖШ-ын мэргэжилтэн, дэд хурандаа С.Ууганбаяр мэдэгдэв.
Сэтгэгдэл ( 2 )
Монголоос өөр морьтой цэрэг гэж байхуу өдий үед
Монголоос өөр морьтой цэрэг гэж байхуу өдий үед