Төв аймгийн Заамар сум. Энд нэгэн цагт шилбэ давсан өвстэй, ган гачиг болон зуд турхан болдоггүй байжээ. Тиймдээ ч нутгийн зон олон "Тосон" хэмээн нэрийдсэн гэдэг. Харамсалтай нь, "Алт" хөтөлбөрийн халуун цэг болсон тэр цагаас заамарчуудын зовлон эхэлсэн гэлтэй. Үнэхээр ч "Тосон" Заамарт хөгжил ирсэнгүй. Олон жил өнгөрсөн ч өнөөх л нурах шахсан байшин барилга, тоос шороо нь янзаараа. Уулыг нүх болгож, талыг уул болгосон эмгэнэлт дүр зураг нь хэвээрээ.
Харин нэг үеэ бодоход энд үйл ажиллагаа явуулдаг алтны компаниудын үйл ажиллагаа сэргэсэн гэж хэлэхэд болно. Тэд "алтыг нь аваад авдрыг нь хаядаг" байсан бол ухаж сэндийчсэн газартаа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж эхэлжээ.Үүний тод жишээ нь, Туул голын адагт үйл ажиллагаа явуулдаг "Тосон" үйлдвэр.
Манай сурвалжлах баг өнгөрсөн баасан гарагт Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Монполимет" группийн "Тосон" үйлдвэрийг зорьсон юм.
-НИЙТ 80 МЯНГА ГАРУЙ МОД ТАРИАЛЖЭЭ-
Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч байгууллага гэгддэг "Монполимет" групп нь уул уурхайн салбарт анх удаа БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох дуслын усалгааны системийг ойжуулалт хийсэн 30 га талбайд угсарч тогтмол усалгааг хийжээ. Энэ нь усны зарцуулалтад хэмнэлттэй, модны ургалтад сайн үр дүнтэй туршлага болж чаджээ. Тэд хүлэмждээ найман зүйлийн мод тариалж, үрслүүлж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, үрээр гүйлс, харгана, монос, нохойн хошуу, жигд, хайлаас үрслүүлж байгаа бол мөчрөөр бургас, улиас, сухай зэргийг тарьжээ.
Тэд олборлолт явуулсан талбайдаа хаана нь ямар нөхөн сэргээлт хийх, ямар ургамал мод тариалах талаар урьдчилан судалгаа, шинжилгээг хийдэг байна. Улмаар нутгийн цаг агаар болон хөрс шорооны онцлогоос шалтгаалж тухайн газарт нутагшин зохицох чадвартай согоовор, ботууль, царгас, зүлэг зэрэг 5-6 төрлийн бэлчээрийн олон наст ургамал, Сибирийн цагаан улиас мод, АНУ-ын хурдан ургадаг саваа хэлбэрт мод, нутгийн бургас, чацарганы мод, үхрийн нүд зэрэг модлог ургамлыг сонгон тариалсан нь үр дүнгээ өгчээ.
Энэ талаар "Монполимет" группийн Байгаль орчны албаны дарга Т.Октябр "Бидний зогсож байгаа талбай 2010, 2011 онд олборлолт хийсэн. Харин тухайн ондоо техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийсэн. Нийт 80 гаруй мянган модыг тариалаад байна. Харин 2012 онд гурван төрлийн мод тарьсан. Бид өөрсдөө мод үржүүлгийн газартай. Тэндээ модоо тарьдаг.
Манай мод үржүүлгийн газарт 12-15 төрлийн мод бий.
Нийт 5-6 зүйлийн модыг тариалж байна. Монгол Улсад дөрвөн төрлийн нөхөн сэргээлтийг хийдэг. Үүнд, малын бэлчээр болон мод тарьж ойжуулах. Мөн жимсний мод тарих, нуур цөөрөм байгуулдаг. Манай компанийн хувьд дөрвөн төрлөөр нөхөн сэргээлтийг явуулдаг. Нөхөн сэргээлт бол шороог нь тэгшлээд мод бут суулгах төдий ажил биш. Ур ухаан, мэдлэг мэргэжил шаарддаг нарийн чимхлүүр ажиллагаатай шинжлэх ухааны үндэстэй хийгддэг ажил юм" хэмээн ярьж байна.
-ДРАГ БОЛ ЭКО ҮЙЛДВЭР-
Манай улс анх 1974 онд Бугантын Алтан шорооны орд газарт драг ашиглаж байжээ. Өнөөдөр Монгол Улсад тавхан ширхэг драгны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг талаар "Монполимет" группийн захирал С.Энхтуяа хэлж байна.
Тэрбээр "Манай компани яг энэ газарт 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Улмаар 2003 оноос драг ашиглаж эхэлсэн. Тос, тосонгийн голдирлын ордод драгаар үйл ажиллагаа явуулдаг. Анх драгийг 1974 онд Алтан шорооны ордод ашигласан. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад таван драг үйл ажиллагаа явуулж байна. Драг бол эко үйлдвэр гэж ойлгож болно. Хаягдал нь нөхөн сэргээлтийг 70 хувь хүртэл хийх цогц технологи юм. Гол, уснаас хол үйл ажиллагаа явуулдаг" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
Salbartaa gants nohon sergeedeg ni odoo yu geh ve dee yu unen nuden deer bodit yumdaa edniih