Газрын тос. Монгол Улсад байгаа юм шиг мөртөө байхгүй салбар. Зөвхөн үнэр нь л Монголын эдийн засгийг ганхуулж чаддаг салбар. Бодлогоор зохицуулах ёстой атлаа бодлого нь тойроод өнгөрсөн салбар. Мөчлөгийн эдийн засагтай Монгол Улс чухамдаа газрын тос, мах хоёроос хамааралтай ажээ. Энэ онд шатахууны үнэ гурван ч удаа өссөн. Өсөх бүрд гаднын зах зээлийн савлагаа нөлөөлж байлаа. Тухай бүрд нь дэлхийн зах зээлийн үнэ буудаг ч манайд өссөн дүнгээрээ үлддэг болжээ. Жам болсон энэ урвуу хамаарал чухамдаа хэзээ дуусах нь бодлогоос хамаарна.
ХОЦОРЧ ҮЛДСЭН БОДЛОГО
Ардчилсан нийгэмд шилжсэнээс ердөө гурван жилийн дараа 1993 онд газрын тосны хайгуулын ажил Монгол Улсад анхлан эхэлж байжээ. Хуучин нийгмийн үед газрын тосны үйлдвэр байгуулах гэж үзээд 70-аад оны эхээр татан буугдаж байснаас өөрөөр газрын тосны салбараа тордож чадаагүй. Үндсэндээ хүч хүрээгүй юм. Ингэж явсаар шинэ нийгэмд шилжсэн ч газрын тосны үйлдвэр хөгжөөгүй учраас хүссэн хүсээгүй ОХУ-аас импортлохоос өөр сонголт байсангүй. Одоо ч өөр сонголт алга. Хайгуулын ажил эхэлсэн 1993 оноос 14 жилийн дараа эрдэс баялгийн салбарыг анхаарах ёстойг Засгийн газар хэлэлцээд баталсан байдаг. Гэвч УИХ-аар хэлэлцүүлэхэд 2008 оны УИХ-ын сонгуулийн жил таарсан учраас хэлэлцэлгүй хойшлуулж байсан удаатай.
“Газрын тосны салбарыг бүрэн дэмжиж ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломж нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт 2011 оны хоёрдугаар сард ярьж байлаа. Улс төрчид, нам хооронд шидэгдсээр 2012 онд “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг эцэслэн батлав. 2017 он хүртэлх хэрэгжих байсан уг баримт бичигт боловсруулах үйлдвэр байгуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, энэ салбарт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрээс шингэн болон хийн түлш боловсруулах зэрэг заалтууд тусгасан байжээ.
Өнгөрсөн жил мөн адил Засгийн газрын 169 дүгээр тогтоолоор “2018-2027” он хүртэлх бодлогын баримт бичиг батлагдсан. Хэрэв уншигч та таасан бол зүйл заалт, уриа лоозон өөрчлөгдөөгүй. 10-аад жилийн өмнө бодож байсан төсөөлөл, дэвшүүлж байсан лоозон 2027 он хүртэл цаасан дээр бичигдэнэ. Удаан хэлэлцэн байж үр дүнд хүрээгүй анхны баримт бичгээс ялгаатай нь боловсруулах үйлдвэрийн сураг Дорноговийн Алтанширээд гарч, дэд бүтцээ эхэлсэн явдал л байв.
ТЭЛСЭЭР БУЙ ХЭРЭГЦЭЭ
Газрын тосны салбарт гаднаас хамааралтай Монгол Улсын эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр байгааг та мэдэх үү? Монгол Улсын хэмжээнд шатахууны хэрэглээ жил ирэх бүр өсөж байгаа бөгөөд 2020 онд 1.6 сая тонн, 2022 онд 1.9 сая тонн болж нэмэгдэхээр байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд шатахууны импортын дийлэнхийг АИ-92, АИ-95 төрлийн автобензин эзэлсэн гэх судалгаа гарчээ. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг уул уурхай гэх ганцхан салбар дээр дэнжгэнэж байгаа өнөө цаг үед хэрэглээ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.
“Бензин шатахууны үнийн өсөлт Монгол Улсын нийт инфляцын 0.8 хувийг эзэлдэг. Инфляцад голлон нөлөөлдөг бүтээгдэхүүн бол мах, бензин хоёр” гэж Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир ярьж байсан юм. Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтан орсон нь шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсон. Хөтөлбөрийн хүрээнд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг үе шаттайгаар нэмэх арга хэмжээ нь импортлогч орны хувьд сөрөг үр дагаврыг авчирсан. Гэсэн ч Засгийн газраас онцгой албан татварт өөрчлөлт оруулах, татварын хугацааг сунгах зэрэг ажлыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй.
Нэгэн баримт: Монгол Улс 1996-2017 онд 6.6 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 1.3 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.
ЦААШИД ЯАХ ВЭ?
Бидэнд газрын тосны салбараа хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий. 2017 оны байдлаар 10 талбайд газрын тосны, таван талбайд нүүрсний давхаргын метан хийн, гурван талбайд шатдаг занарын эрлийн гэрээ хийжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 25 талбайд газрын тосны хайгуул, ашиглалт явуулж байгаа гэсэн судалгаа бий. Гаднын хөрөнгө оруулагчид ялангуяа Зүүн хойд Ази, Европ тивийн улс орнууд Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах саналаа дэвшүүлж буй. Үүний хамгийн сүүлийнх нь “Elixir Petroleum” компани. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуулын ажлаа эхлээд буй. Цаашлаад хайгуулын талбайгаа өргөжүүлэх хүсэлтээ ч Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаад байна. Хөрөнгө оруулагчид дүрэм нь тодорхой тоглоомд оролцоно. Одоогоор манайх газрын тосны салбарт дүрмээ тодорхойлж чадаагүй. Бид одоогоос дөнгөж зургаахан жилийн өмнөөс газрын тосны салбарыг бодлогоор дэмжих болсон. Бодлого тодорхой болсноос хоёр жилийн дараа 2014 онд Газрын тосны хуулиа шинэчилсэн найруулгаар баталж байлаа. 45 зүйл заалттай уг хууль тунхгийн шинжтэй учраас салбарыг үндсэнд нь тодорхойлж чадахгүй гэж салбарынхан дүгнэдэг.
Бодлогоор зохицуулалгүй орхисон, хуулиар хүрээлэлгүй удсан газрын тосны салбар одоо ч гаднаас хамааралтай. Хятад-Америк гэх хоёр гүрний дунд худалдааны дайн дэгдсээр хагас жилийн нүүрийг үзлээ. ОХУ сар хүрэхгүй хугацааны өмнө хилийн үнээ нэмсэн. Гадаад орчны энэ мэт шалтгаанаас бидний хувь заяа хамаарч байна. Газрын тосны салбарыг гаднаас хамааралгүй болгохын тулд хэдэн жил лоозон төдий уриатай зууралдах вэ?
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Роснефть компани 2000 он гарснаас хойш Монгол Улсад жижиглэн худалдааны цэг байгуулж, 200 гаруй ШТС байгуулах талаар цухуйлгаж байлаа. Төрийн тэргүүн нарын уулзалт, гурван улсын уулзалтын үеэр ч энэ асуудлаа илэрхийлж ирсэн. 2008 оны эхээр Роснефть компани 100 түгээх станц барих санал дэвшүүлж, С.Баярын Засгийн газарт санал хүргүүлж байсан удаатай. Монгол Улс холбогдох бусад хууль тогтоомжоороо энэ саналаас байнга татгалзсаар ирсэн билээ. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард боловсруулах үйлдвэр байгуулах тухай саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ирэх жилүүдэд ОХУ-тай хамтран боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бодлого баримталж буй аж.
“Бидэнд энэ салбарт ОХУ-тай хамтран ажиллах нээлттэй гэж би хувьдаа харж байгаа. Алсдаа бид нефтийн үнийг бууруулахын төлөө энэ ажлыг явуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьжээ.
Чухам үүнээс л шалтгаалан Монгол-ЗХУ-ын мэргэжилтнүүд 1949 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тосны хайгуулын ажлын хаалтыг хийж шаваа тавьж, 1951 онд нээгдсэн 20 хүрэхгүй жилийн дараа хаагдаж байлаа. Тухайн үед ЗХУ Ангарск, Сибирь орчимд илэрсэн томоохон ордуудаас шалтгаалан 120-250 мянган тонн хэрэглээтэй байсан Монгол Улсын хэрэглээг хөнгөлөлттэй үнээр хангах шахалт тавьснаар хаагдаж байсан удаатай. Үүнээс хойш гурван ч удаа санал тавихад ЗХУ татгалзаж ардчилсан нийгэмтэй золгов. Шинэ нийгэмд шилжсэний дараа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зургаан удаагийн шийдвэр, хоёр удаагийн тогтоолын дараа Дорноговь аймгийн Алтанширгээ суманд боловсруулах үйлдвэрийг барьж эхэллээ. Дэд бүтцийн ажил нь 45 хувьтай байгаа энэ ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаж дуусна гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )