Монголчуудын ходоод өлсөөгүй ч шим тэжээлийн дутагдалд оржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Монголчууд хүнсний аюулгүй байдлын асуудлыг олон жил ярьж, бичиж байгаа ч нааштай өөрчлөгдөж байгаа үр дүн тааруу байгааг хүнс үйлдвэрлэлийн салбарынхан онцолж байна. Гэхдээ сүүлийн хагас жилд төрийн зүгээс онцгой анхаарал хандуулж, бодлого боловсруулахад төвлөрч буй ажээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Хүнсчдийн онц чуулган болов. Энэхүү чуулганыг угтан Хүнсний сүлжээнд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд, хүнс, хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд чиглэл бүрээрээ уулзаж, салбар хуралдаануудыг зохион байгуулж өөрсдийн салбарын өнөөгийн байдлаа тодорхойлон, тулгамдаад байгаа асуудлаа гаргаж тавилаа. Тухайлбал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний сүлжээнд хамаарал бүхий  төрийн бус байгууллагууд мах, сүү, гурил, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, амтат ундаа үйлдвэрлэлийн салбарынхан тус бүрдээ хэдэнтээ хуралдаж, бодлогоо тодорхойлжээ. Хүнсчдийн онц чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл,  Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам,  Монголын Хүнсчдийн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэсэн таван байгууллага хамтран зохион байгуулж, ерөнхийлөгч өөрийн биеэр оролцсоноос үзэхэд төр ихэд анхаарч буй ажээ. Гэхдээ төр өндөр анхаарал хандуулж буй ч хүнс үйлдвэрлэл, аюулгүй байдлын асуудал онц байдал зарлах хэмжээнд хүрсэн төдийгүй Монголчууд эрүүл хүнс хэрэглэх хүртэл хэдэн арван жил зарцуулагдах бололтой.

АРВАН ЖИЛИЙН ДАРАА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ

ТАВХАН ХУВИЙГ ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАНА

Монгол Улсад өнөөдрийг хүртэл салбар яамнаас баталгаажуулсан нэг ч органик бүтээгдэхүүн байхгүй байгааг ХХААХҮЯ онцолж байна. Органик хүнсний тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах асуудлыг салбар яам хэрэгжүүлж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч үйлдвэр, аж ахуй нэгж бүтээгдэхүүнээ албан ёсоор органик бүтээгдэхүүн гэдэг баталгаажуулалт хийлгээгүй байна. Иймд хүнсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүн нэг бүрийг экологийн цэвэр бүтээгдэхүүн, органик хүнс гэж итгэж болохгүй нь. Тэгэхээр Монголчууд ойрын хэдэн арван жилдээ органик бүтээгдэхүүн хэрэглэх боломж ч хомс  байгаа ажээ. Органик хүнс гэдэг нь ямар нэгэн генетикийн өөрчлөлттэй организм, ионжуулах туяа оролцуулалгүйгээр тарьж, ургуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэлдэг байна. Тодруулбал, өндөг, сүүн бүтээгдэхүүнийг авах мал, тахиаг антибиотик болон өсөлтийн даавар хэрэглэлгүйгээр өсгөсөн байх шаардлагатай аж. Органик хүнс, ногоо гэдэг нь нийлэг бордоо, бохир усны сувгийн тунадас, био-инженерчлэл, ионжуулах цацраг туяа хэрэглэлгүйгээр тарьж ургуулснаас бий болдог байна. Талбайгаа органик статустай болгоход гурван жил шаардлагатай аж. Эхний хоёр жилд хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэх үйл ажиллагаануудыг хийх ёстой юм байна.

Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг “Монголд эхний үедээ органик үр дутагдана. Гэхдээ үүнийг урьдчилж хараад хуулиар зохицуулж байгаа. Үйлдвэрлэгчид дотоодын нөөц бололцоогоороо химийн бордоо ашиглаагүй үрээр тариалалт хийгээд дараа нь тэр цэвэр үрнээс гарсан таримлаасаа дахин үр үйлдвэрлэх үйл ажиллагааг нь дэмжиж байна. Манай улс 10 жилийн дараа гэхэд нийт хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийхээ таван хувийг органик бүтээгдэхүүн гаргаж авдаг болно гэсэн өөдрөг бодол бий. Органик бүтээгдэхүүний техникийн шаардлага өндөр байх ёстой. Тухайлбал, малд гэхэд зөвшөөрөгдсөн вакцин хэрэглэх ёстой. Түүнээс өөр антибиотик тарьж болохгүй. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь эхлээд тухайн бүтээгдэхүүнийг ургуулж, тарьж буй хөрснөөсөө эхэлнэ. Үрнээсээ эхлэх ёстой. Тухайн үйлдвэрлэлийн ойролцоо уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна уу гэдгээс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал тавигдана” гэсэн мэдээллийг өгч байна. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ Монголчууд экологийн цэвэр органик бүтээгдэхүүн амтлахгүй нь бололтой.

МОНГОЛЧУУДЫН ГОЛ НЭРИЙН ХҮНС НЬ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭЗЭЛЖ БАЙНА

Нөгөөтэйгүүр Монголчууд хүнсний хэрэглээндээ олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй нь өөрийн биед хэрэгтэй шим тэжээл авч чадахгүйд хүрдэг байна. Дан ганц мах, гурил, ногоо идсэнээрээ хүн өөрт хэрэгтэй тэжээлийн бүрэн авч чаддаггүй ажээ. Хүмүүс зохистой хооллолт гэхээр өөх тосгүй, жимс ногоо их идэх ёстой гэж ойлгодог. Гэтэл зохистой хооллолт гэдэг нь олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг өдөр тутам нас, биеийнхээ онцлогт тохируулан хэрэглэх ёстой байдаг байна. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан судалгаанаас үзэхэд Монголчуудын гол нэрийн хүнс нь гурилан бүтээгдэхүүн эзэлж байна гэжээ. Тодруулбал, нийт илчлэгийнхээ 63 хувийг үр тарианы гаралтай бүтээгдэхүүнээс авдаг байна.

Монголчууд гол төлөв мах, сүү, гурил, будаа зэрэг цөөн төрлийн органик бүтээгдэхүүн хэрэглэж үүгээрээ өөрт хэрэгтэй шим тэжээлийг авч ирсэн төдийгүй орчин үед монголчуудын хүнсний хэрэглээний нэр төрөл хэдэн арав дахин нэмэгджээ. Гэвч хүнсний нэр төрөл нэмэгдэж, өөрчлөгдсөн ч өдөр бүр зохистой хэмжээнд хэрэглэж заншаагүй нь өөрт хэрэгцээтэй шим тэжээлийг авч чаддаггүй байна.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, Зөвлөх инженер, доктор Ж.Туяацэцэг “Хүн өдөрт 2400 мкг/л илчлэгийг хоол хүнснээсээ авах ёстой. Үүний 90 грамм нь уургийн гаралтай бүтээгдэхүүн, 67 граммын өөх тос, 360 грамм нүүрс ус, хэрэглэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Гэтэл Монголчуудын хүнсний хэрэглээний өнөөгийн байдлыг авч үзвэл энэ зөвлөмжийн дагуу хоол хүнсээ хэрэглэж чадахгүй байна” гэсэн юм. Мөн судалгаагаар 10 хүний найм нь зохистой хооллолтын зөвлөмжийн талаар огт мэддэггүй, хүнсний бүтээгдэхүүний сонголт хийхдээ 70.7 хувь нь хадгалалтын хугацааг, 9.5 хувь нь орц найрлага, ашиг тусыг хардаг, 21.6 хувь нь огт анзааралгүй худалдан авалт хийдэг гэж хариулсан байна.

Монголчууд гол төлөв мах, сүү, гурил, будаа зэрэг цөөн төрлийн органик бүтээгдэхүүн хэрэглэж үүгээрээ өөрт хэрэгтэй шим тэжээлийг авч ирсэн төдийгүй орчин үед монголчуудын хүнсний хэрэглээний нэр төрөл хэдэн арав дахин нэмэгджээ. Гэвч хүнсний нэр төрөл нэмэгдэж, өөрчлөгдсөн ч өдөр бүр зохистой хэмжээнд хэрэглэж заншаагүй нь өөрт хэрэгцээтэй шим тэжээлийг авч чаддаггүй байна. Хүүхэд залуус сүүлийн жилүүдэд чихэр, амттан түлхүү хэрэглэснээр хэрэгцээтэй амин дэмийг авч чадахгүйд хүрсэн аж. Өөрөөр хэлбэл монголчууд ходоод нь өлсөөгүй ч шим тэжээлийн дутагдалтай байна. Буруу хооллолт нь таргалалтыг нэмэгдүүлж буй ажээ. 

Монголын дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс гол төлөв эрүүл чанараа хадгалж байгаа ч иргэдийн хувьд хүнсэндээ олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх, зөв зохистой хүнс сонгож хэрэглэх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.188.250) 2019 оны 08 сарын 20

Ene avilgachin oligarhuud l goe shim tejeeltei yum iddeg baih

0  |  0
За(103.26.193.251) 2019 оны 06 сарын 30

Тураах нэрээр ч элдвиын юм зарах буруу

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.88.235) 2019 оны 06 сарын 27

ЭНД ТЭНДЭЭС ОРУУЛЖ ИРСЭН ЭРЭЭН МЯРААН ХҮНС БОЛ ЯМАР Ч БАТАЛГААГҮЙ ДЭЭР НЬ ЧАНАР БА ХАДГАЛАХ ХУГАЦАА ТУН БҮРХЭГ. МАХ, ГУРИЛНЫ ОРГАНИК ЧАНАР АЛДАГДСАН ГЭЖ ХУДЛАА БИТГИЙ ЯРЬ

0  |  0
Top