Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IV хуралдаан СӨҮЛ хотноо болж өнгөрөв

2019 оны 07 сарын 01

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан энэ оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрөв. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахлав.

Засгийн газар хоорондын Хамтарсан хороо нь 2015 онд байгуулагдаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, иргэд консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх чухал механизм болж өргөжин хөгжиж байна.

Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх бэлтгэл ажлыг хангах, 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ирэх оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлах, тусгай төлөвлөгөөний дагуу улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг 30 арга хэмжээг зохион байгуулахаар ярилцав.

Талууд улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах талаар санал нэгдэв. Тухайлбал, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэд сайд нарын түвшинд зохион байгуулах, Сангийн яам хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт, Байгаль орчны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг шинээр бий болгох, төмөр замын асуудлаарх хоёр талын холбогдох байгууллагуудын уулзалтыг энэ онд зохион байгуулахаар болов.

Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн цаашид яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар ажил хэргийн түвшинд хэлэлцэж эхлэхийг санал болгов.

Талууд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар болов.

Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тодорхой санал солилцов. Солонгосын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар нааштай судалж буйг мэдэгдэв. Монголын тал хоёр улсын иргэд зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж буйг онцолж, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчиход чиглэсэн замын зураглал гаргахад хоёр талын холбогдох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв. Сайд Н.Цэрэнбат манай иргэд солонгосын виз мэдүүлж авахад урт хугацаа зарцуулж байгааг богиносгох талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг солонгосын талд хүсэлт болгов.

Талууд олон талт, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болон Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар үр ашигтай санал солилцов. Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top