Сахилгатай л байгаарай даа гэж тэд бидэнд захисан хэвээрээ. ТЭД гэдэг нь Олон улсын валютын сангийнхан. Харин БИД гэдэг нь яг үнэндээ эрх мэдэлтнүүдэд, шийдвэр гаргагчдад илүү хамаатай л даа. Дараалсан олон жилийн “бодлогогүй” бодлогын улмаас эдийн засгийн нөхцөл байдал ужгиран хүндэрч, улс орон дефольт зарлах дээрээ тулсан тэр үед буюу 2017 онд бид тэднээр амь тариа залгуулж, сэхсэн. Сэхээний тасгаас гарлаа гэдгээ эрх баригчид таатайгаар дуулгасан нь саяхных шахуу. Гэхдээ өвчин ужиг байхын хэрээр эдгэрч, сэхээрэхэд цаг хугацаа шаарддагийн адилаар эдийн засгийн эрүүл ахуйн байдал улс төрийн поп шийдвэрүүдийн улмаас эд эс бүхэндээ гэмтэл авсан гэхэд болохоор манай тухайд тайвшрах цаг хаа ч байсан юм. Хэдийгээр тоон үзүүлэлтүүд ая таатай гарч байгаа ч буглаа нь тогтолцооны шинж чанартай. Аливаа шийдвэрүүд нь улс төрийн гол тоглогчдын үзэмжээс, сонгуулийн циклээс хамааралтай. Ийм нөхцөл байдал хэвээрээ байхад ямар ч тоон үзүүлэлтүүдийн үнэ цэн угаасаа бүдгэрч л таарна.
Уг нь өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аятайхан мэдээ дуулгана лээ. Хүний хөгжил сангийн 1 их наяд 72 тэрбум төгрөгийн өрийг бүрэн төлж дуусгалаа гэж тэр мэдэгдсэн. Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэлснийг, 167 тэрбум 300 сая төгрөгтэй боллоо гэсэн юм. Төр өөрөө өөртөө өр төлж барагдуулж буй энэ үйл явцыг ая таатайгаар харж болно л доо. Гэхдээ нэг зүйлийг бид санах ёстой.
Төрийн мөнгө гэж байдаггүй. Нэг төгрөг бүрийн ард энэ улс орны иргэн бүрийн, компани бүрийн бодитой оролцоо бий. Тэгвэл өдгөө сайдын хэлж яриад буй Хүний хөгжил сангийн өр хэрхэн яаж үүссэн билээ. Нөгөөх л поп шийдвэрүүдийн тухай дахиад л ярих хэрэгтэй болно. Хүний хөгжил гэх айхтар нэртэй сангаар дамжуулан тараасан 20 мянган төгрөг болоод өөр бусад мөнгө иргэдийн амьдралд өгөөж өгөөгүй гэж олон эдийн засагч хэлдэг. Хүнийхээ хөгжлийг дэмжих гэж зээлсэн мөнгөнийхөө өрийг Хятадын Чалкод төлөх гэж хэчнээн жил зүтгэснээ бас санаж байх ёстой. Санах ойтой байхын нэг гол утга учир нь алдааг давтахгүй байхад хэрэгтэй.
Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлуулж байна гэж сайд баярлаж буйг уг нь ойлгож л байна. Яг энэ сэдвээр буюу хурааж, хадгалж, ирээдүйнхээ эрсдэлийг багасгах талаар бид зөндөө олон жил ярьсан. Тиймээс энэ сэдэв дэндүү танил. Гэхдээ Ирээдүйн өв сан баялгийн сангийн үүргээ гүйцэтгэж эхэлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй л харагдаж байна. Сануулахад, манай улсад баялгийн сангийн хэв маягтай хоёр сан бий. Нэг нь Тогтворжуулалтын сан нөгөө нь Ирээдүйн өв сан. Тэгвэл Засгийн газар энэ жил Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсний тэн хагас нь Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулна гэж байсан билээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тус санд 255.9 тэрбум төгрөг төвлөрсөн гэж байсан бол өнөөдрийн тухайд өр тэглэгджээ.
Энэ сан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу 2017 онд нөхөн сэргэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан хуримтлалын сан юм. 2017 онд сангийн орлого 358 тэрбум төгрөг байсан. Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар 2030 он хүртэл сангийн хөрөнгө зөвхөн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал болон хөндлөнгийн аудитын зардалд зарцуулагдах учиртай. Гэвч улс төрийн шийдвэрийн дагуу сангийн орлогыг Хүний хөгжил сангийн өрийг төлж барагдуулах болон 2022 он хүртэл төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулахаар журам гарсан юм. Тэгэхээр журмын дагуу бол энэ санд орсон мөнгийг эрх мэдэлтнүүд хэрэглэж, зарцуулахад нээлттэй. Ирэх жил сонгуулийн жил. Сонгууль угтсан төсвийн тоонууд хэдийнэ эрх баригчдын ширээн дээр бий гэдэгт эргэлзэхийн хэрэггүй биз. Тиймээс ч манай эрх баригчдыг төсөв, мөнгөний сахилга батыг сайтар сахихыг ОУВС-гаас анхааруулж байгаа хэрэг. Тэд төсвийн зардлыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбартаа эрүүл саруул ухаанаар зарцуулаач ээ л гээд байгаа. Ер нь бол уул уурхайн хамаарал бүхий орлого эрүүл мэнд, боловсрол гэхчлэн хүндээ хөрөнгө оруулалт хийх чиглэлээр зарцуулж байж л ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг илүү олон хүнд наана гэдгийг өдөр тутам сануулахад үнэхээр илүүдэхгүй байгаа юм. Манай улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад 14.5 тэрбум ам.доллартай байх ёстой. Ийм хэмжээний өрийг төлөхийн тулд дийлэнхийг нь гадаад зах зээлд дахин өр тавих л хэрэгтэй болж таарна. Тэгэхийн тулд Монгол Улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл гайгүй байх хэрэгтэй. Гэтэл Мүүдийз, Фитч зэрэг олон улсын байгууллагууд манай улс төрийн эрсдэлийг давтаж сануулсаар л байна. Тэгсээр байтал нь эрх баригчид сахилга алдаж, эдийн засгаа уруудуулвал бидний хохь болж хоцорно.
Өнгөрсөн жилийн нөхцөл байдлаа харахад бидэнд таатай тоонууд бий. 2018 оны Улсын төсвийн орлого 10 их наяд төгрөг давж, төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарсан. Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа тогтмол тодотгож ирсэнтэй харьцуулахад бид өөрсдөдөө онц дүн тавихаар л байгаа. Гэхдээ бид олдог мөнгөнөөсөө хамаагүй давсан зарлага гаргадаг зуршилтай хэвээрээ байна. Энэ 2019 онд төсвийг тодотгохгүй гэсэн ч Үндсэн чиглэлдээ тооцож тусгасан зардлаар зураглаж харахад 2020 оны төсөв том байхаар л харагдаж байгаа юм.
Сонгууль, төсөв хоёр хэрхэн уялддагийг нэг л жишээгээр тодруулъя. 2012-2015 онд төсвийн зардал батлагдсан түвшнээсээ доогуур байсан ч дараах хоёр жилд нь зардал батлагдсан дүнгээсээ хэтэрсэн нь сонгуультай холбоотой. 2017 он бол Ерөнхийлөгчийн сонгуулийн жил байсан бөгөөд төсөвт хоёр удаа тодотгол хийсэн юм. Тодотгол хийсэн зорилго нь төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгох, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд олгох гэхчлэн сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд чиглэсэн зардлуудыг тусгаж байсан юм. Эдгээр тодотголыг хийснээр төсвийн зардал анх батлагдсанаасаа 412 тэрбум төгрөг буюу хагас их наяд шахам төгрөгөөр давж байв.
Тэгвэл ээлжит сонгууль жил хүрэхгүй хугацааны дараа болох нь. Эрх мэдэлтнүүд бэлтгэлээ базааж байгаа. Энэ нь Монгол Улсын төсөвтэй тунчиг хамаатай. Эрх баригчид сахилгатай байх эсэхээс бидний МАРГААШ хамаарна.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая