Жагсагчид яагаад парламент руугаа ДАЙРАВ?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Цөмөрсөн хаалга, эрээчиж сараачилцан ширээнүүд, газраар хөглөрөх хуучин удирдлагуудын хөрөг зургууд. Энэ бол жагсагчдад эзлүүлсний дараах Хонконгийн парламентын ордны дүр зураг. Үүнээс болж Хонконгийн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хоёр долоо хоног тасалдсан. Жагсагчдын уур хилэнг юу тэгтэл нь хүргэв?

Эгдүүцлийн баяр

Хууль тогтоох байгууллагын ордны цонх, хаалга дээр “нохойн үүр”, “Хонконг Хятад биш” зэрэг эсэргүүцлийн үгсийг сараачжээ. Долоодугаар сарын 1-ний өдөр Хонконг Хятадын бүрэлдэхүүнд эргэн ирсний ойг тэмдэглэх баярын жагсаал болох тухай зарлаж байв. 1997 онд Хонконг нь Их Британийн колони байхаа больсон. Дэмжигчдийн мэдээллээр хагас сая хүн, цагдаагийн мэдээллээр 190 мянган хүн тэр өдөр гудамжиндаа гарч жагсацгаав. Гэвч баярын уур амьсгал байсангүй. Жагсагчдын тэн хагас нь чиглэлээ өөрчилж, Хонконгийн хууль тогтоох байгууллагын ордны зүг алхав. Тэд хулсан торонд Хонконгийн Ерөнхий захирагч Кэрри Лэмийн зураг бүхий зурагт хуудсыг хийж, Хонконгийг чөлөөлөхийг шаардав. Жагсагчид гараа скочоор боож, толгойдоо хамгаалалтын малгай өмсөж, нүүрэндээ баг зүүж цагдаа, хүчнийхнээс өөрсдийгөө хамгаалахад бэлтгэлтэй ирсэн байв.

Эзлэлт

Үдээс хойш парламентын ордныг эзлэх “ажиллагаа” эхлэв. Гэхдээ оройн долоон цагийн орчим жагсагчид ордонд нэвтэрч чадсан. Энэ үеэр хажуугийн гудамжинд энхийн цуглаан үргэлжилсэн хэвээр байв. Хонконгийн парламентын түүхэнд анх удаа түгшүүрийн улаан дохио асав. Хууль тогтоогчид жагсагчдыг тайван, хүлээцтэй, ухаалаг байдлаар хандахыг уриалсан ч улангассан жагсагчдыг юу ч зогсоосонгүй. Оройн 21.00 цагийн орчим дайралт улам ширүүсэж, жагсагчид хяналтыг камерыг ховхлон, хаалгануудыг эвдэн дотогш нэвтэрчээ. Хоёр орчим цагийн дараа жагсагчид ордныг орхин гарав. Шөнө дундын үед цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэн, жагсагчдыг тарааж эхэлсэн байна.

Олон улсын байр суурь

Бээжин үймэн таригчдыг эрс шүүмжлэв. Эх газрын Хятадын мэдээний нэвтрүүлгүүд “хүч хэрэглэн хууль тогтоох байгууллагын ордонд нэвтэрсэн бүлэг этгээд”-ийн байж боломгүй үйлдлийн богино хэмжээний бичлэгийг цацав.

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшээд буй гадаад хэргийн сайд Жереми Хант Хонконгийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж, жагсах эрхтэй гэж мэдэгдээд гэхдээ хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй гэв. Тэрбээр Хонконгийг шилжүүлэх тухай Хятад, Британийн тунхаг бичигт Хонконгийн капиталист систем болон амьдралын хэв маяг тавин жилийн хугацаанд хадгалагдан үлдэх тухай заасныг сануулав. Үүний хариуд БНХАУ-ын гадаад хэргийн яам Британи хуучин колони байсан улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх байхгүй гэж мэдэгдсэн юм.

Үймээн дэгдээгчдийг хүлээцтэй хандахыг Европын Холбоо ч мөн адил уриалав. ЕХ-ноос гаргасан мэдэгдэлд долоодугаар сарын 1-ний өдөр жагссан хүмүүсийн үзэл бодол, хүсэл эрмэлзлийг хэсэг бүлэг үймээн дэгдээгчид илэрхийлээгүй гэж онцолсон байна.

Нэг бус жагсаал

Гэмт хэрэгтнүүдийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслөөс болж Хонконг өнгөрсөн сард олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглаанаар бүрэн амьсгалав.

Зургаадугаар сарын 11-нд болсон цуглаанд хагас сая хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдсэн. Хэдийгээр цуглаан тайван болсон ч бага хэмжээний мөргөлдөөн гарсан. Тиймээс маргааш нь буюу зургаадугаар сарын 12-ний өдөр хуулийн төслийн сүүлийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Гэтэл энэ нь жагсагчдын санаанд нийцсэнгүй. Учир нь тэд хуулийн төслийг хэзээ нэгэн цагт батална гэж үзээд хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахыг шаардав.

Бээжин болон Бээжинг дэмжигч хууль тогтоогчид энэхүү хууль луйварчин, авлигачдаас ангижрахад чухал гэж үзэж байгаа билээ. Харин сөрөг хүчнийхэн болон тус хотын ихэнх оршин суугчид хүний эрхийн төлөө тэмцэгчид болон Бээжинд таалагдаагүй хүмүүсийг Бээжинд шилжүүлэхийн тулд төслийн санаачилсан хэмээн үзэж байгаа юм.

Бусад шалтгаанууд

Хотын төв дэх Викториа хоолойн эрэг орчмын хэсгийг Хятадын ардын чөлөөлөх армид шилжүүлсэн нь хонконгчуудын дургүйцлийг мөн хүргэсэн. Энэ нь жуулчдыг татдаг Хонконгийн хамгийн алдартай газруудын нэг юм. Асуудлыг маш хурдан шийдсэн тул сөрөг хүчнийхэнд эсэргүүцэх боломж олгоогүй. Эрэг орчмын энэ хэсэгт Хятадын цэргийн усан онгоцнууд байрлах бөгөөд энэ нь хонконгчуудад таалагдахгүй байгаа нь тодорхой.

Эдгээр үйл явдал Хонконгийн засгийн газрын нэр хүндийг эрс унагасан. Санал асуулгад оролцсон оршин суугчдын 23 хувь нь эрх баригчдын үйл ажиллагааг дэмжиж байгаа бол 53 хувь нь эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Мөн Хонконгийн оршин суугчдын 71 хувь нь Хятадын иргэн гэдгээрээ бахархдаггүй гэж хариулсан нь өнгөрсөн оны судалгааны үр дүнтэй харьцуулбал 14 хувиар нэмэгдсэн байна.

Эрх чөлөөний төлөө

БНХАУ-д Хонконг онцгой статустай: засаг захиргааны онцгой бүс. Энэ нь БНХАУ-ын удирдагч агсан Дэн Сяопины дэвшүүлсэн “Нэг Улс-Хоёр Систем” гэх зарчмын хүрээнд эл хотод өргөн хэмжээний автономийг олгосон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах, гадаад бодлогоос бусад бүх асуудлыг Хонконгийн засгийн газар бие даан шийдвэрлэдэг.

Хонконгийн улс төрд Бээжин хөндлөнгөөс оролцож буйг эсэргүүцсэн анхны жагсаал 2003 оны долоодугаар сарын 1-ний өдөр болж байжээ. Нэг жилийн дараа жагсагчид засаг захиргааны онцгой бүсийн тэргүүнийг сонгох бүх нийтийн сонгууль явуулахыг шаардсан.

2014 оны есдүгээр сард шүхрийн гэх тодотголтой хувьсгал эхэлсэн. Далан таван өдрийн турш хонконгчууд Хонконгийн сонгуульд хөдлөнгөөс шууд оролцох Бээжингийн төлөвлөгөөг эсэргүүцсэн. Хятадын эрх баригчид барууны улс орнуудыг жагсагчдыг турхирсан гэж буруутгаж, арванхоёрдугаар сард жагсагчдыг тараасан түүхтэй. Тухайн үед 900 хүнийг баривчилсан бөгөөд заримыг нь шоронд хорьсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(124.158.95.14) 2019 оны 07 сарын 04

ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ БОЛГОН НЬ 7-Р САРЫН 1 НД ТААРААД БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ??? МАНАЙД БАС _ САРЫН № НД ЖАГСАЖ, МАХН-Ы БАЙР ГАЛД ӨРТӨГДӨН 5 ЗАЛУУ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛТЭЙ ЯВДАЛ БОЛСОН БИЗ ДЭЭ???

0  |  0
Top