МҮЭХ: Дордуулсан Хөдөлмөрийн хуулийг батлуулахгүй, хатуу тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2019.07.04/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. УИХ-аар монголчуудын хөдөлмөрлөх эрхийг дордуулсан хуулийн төслийг батлах гэж байгаа хэмээн МҮЭХ үзэж байна. Тус хуульд 170 орчим санал томьёоллыг өөрчлөхөөр оруулж иржээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар 2013 оноос хойш нийгмийн түншлэгч талууд болох МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Засгийн газар хамтарсан ажлын хэсгийг зургаан жилийн турш ажиллуулаад 2018 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг өргөн барьж долоон зүйл заалтыг өөрчлүүлэхээр зэхэж байжээ. Гэвч хөдөлмөрийн гурван талын түншлэгч нартаа мэдэгдэлгүйгээр 170 орчим асуудлыг өөрчлүүлэхээр бэлдсэн гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо.

Х.Амгаланбаатар “Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл хэлэлцэж, олны анхаарал өөр тийш зүглэж байх үед Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Хуульд өөрчлөлт оруулж, Монгол хүний хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөл, ажиллах орчинг зөрчсөн заалтууд тусгасан. Тухайлбал, ээлжийн амралтын үндсэн амралтыг 20 хоног болгоод тухайн байгууллагад хэдэн жил ажилласнаас хамаарч нэмж хоног тооцохоор хатуу заалт оруулсан байна. Ингэснээр өмнөх хуулийн боломж хумигдаж байгаа юм” гэлээ.

Мөн нийт ажилчдын 40 хувийг үйлдвэрчдийн эвлэл нэгдүүлж чадаагүй тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хориглох хуулийн заалт тусгасан байна. Өмнөх хуулиар эвлэлдэн нэгдэж чадсан тохиолдолд хоёр хүн ч хамаагүй үйлдвэрчний эвлэл байгуулаад өөрсдийн тэмцэж чаддаг байсан бол энэ байдлыг хааж байгаа гэнэ. Мөн тухайн байгууллагын ажилчдын 50 хувийг хамруулж чадаагүй тохиолдолд салбарын Үйлдвэрчний холбоо хамтын хэлэлцээр хийхгүй байхыг тоон хязгаарт оруулж Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг зөрчсөн ажээ. Түүнчлэн ажилтнаас үл хамаарсан сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулахаар болсон байна. Тухайлбал 800 мянган төгрөгний цалинтай хүн сул зогсолтоо 310 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулан авах аж.

Энэ мэт олон заалтыг дээрх хуульд дордуулан хэлэлцэх гэж байгааг МҮЭХ-ноос эсэргүүцэж, тэмцэнэ  гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top