Хөгжлийн банкны хөшсөн зээлийн тэн хагас нь "ЭРЭЛ"-ийнх

2019 оны 07 сарын 05

Гаднын жишигт тулгуурлахын сацуу дотоодын нөхцөл байдлаа тооцон харж байж байгуулсан Хөгжлийн банк сонгодог утгаараа үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага бий талаар сүүлийн жилүүдэд ярьж байгаа. Уг нь Хөгжлийн банк эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн гаднаас орж ирсэн хэдэм ам.долларыг буцаагаад гадагш нь урсгаад байдаггүй бүтцийг бий болгоход чухал нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж байх чиглэлтэй л дээ. Ийм үүрэг, чиглэлийг Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу хүлээсэн гэдгийг нь тодотгоё. Харин өнгөрсөн жилүүдийн тухайд Чингис, Евро гэхчлэн  бондуудын мөнгө зөв замаар орсон эсэх нь эргэлзээтэй байсан учраас нийгмээрээ Хөгжлийн банк руу хардангуй хардаг болсон. Тэгвэл Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад сарын нүүрийг үзэж буй Г.Амартүвшин Хөгжлийн банктай холбоотой хандлага,  ойлголтыг эерэг тийш нь чиглүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ өчигдөр мэдэгдэв.  Тэрбээр “Хөгжлийн банкнаас олгосон зээл эргэн төлөгддөггүй гэдэг нийгэмд үүссэн ташаа ойлголтыг залруулах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно” гэлээ. Тэрбээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө банкны санхүүгийн үзүүлэлт, чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай, Хөгжлийн банкнаас зээл авахыг хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлагын тухай тодотгон ярьсан юм.

Хөгжлийн банкны чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуулт анхаарал татсан гол асуудлуудын нэг тул тодотгон хүргэх нь зөв байх. Тус банкны хугацаа хэтэрсэн чанаргүй 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий гурван зээл дээр шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны талд эцэслэн гарсныг өмнө нь дуулгаж байсан билээ. Мөн Хөгжлийн банкны хариуцагчаар оролцсон дөрвөн хэрэг дээр Хөгжлийн банкны талд шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан.  2016 оноос өмнө зээл олгосон “Эрэл”, “Хөтөл”, QSC, ТОСК, Капитал банк зэрэг 5-6 төслийн эргэн төлөлтөд хүндрэл учирч Хөгжлийн банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад онцгой анхаарч олгосон санхүүжилтийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна гэх мэдээллийг тус банкны зүгээс  өнгөрсөн дөрөвдүгээр сард өгч байсан.

Тэгвэл шинэ удирдлага Г.Амартүвшин хэлэхдээ “Хөгжлийн банкны үйл ажиллагааг чангаасан чанаргүй томоохон зээлдэгчдийг Засгийн газрын ээлжит шалгалт болоод  Үндэсний аудитын газрын шалгалтаар тус тус олон нийтэд зарлаж тулгамдаж буй асуудлуудыг яаралтай, үр дүнтэй шийдвэрлэх үүрэг даалгаврыг Хөгжлийн банкны удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд томоохон чанаргүй зээлүүдэд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлээд байна.  Тухайлбал, “Эрэл” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулагдаж хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байна. “Мон Лаа” компанийн хувьд шүүхийн шатанд Хөгжлийн банктай эвлэрлийн гэрээ байгуулж 2019 онд зээлээ бүрэн  төлөхөөр болж эхний төлөлт хийгдсэн. ХӨТӨЛ компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч Хөгжлийн банкны барьцаанд авахаар ажиллаж байна. Хөгжлийн банк дотоод үйл ажиллагааны хүрээнд зээлийн бодлогыг шинэчлэн, зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах, Чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчлэх. Зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгож, нэгдсэн удирдлага, менежментээр ханган ажиллахаар төлөвлөөд байна. Засгийн газраас хийсэн шалгалтын  хүрээнд өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилт 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 86.5 хувьтай байна” хэмээн ярилаа.

 Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтийг харахад энэ оны нэгдүгээр улирлын байдлаар  нийт актив дөрвөн их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө нэг их наяд 138 тэрбум төгрөг, пассив гурван их наяд 106 тэрбум төгрөг байна. Харин нийт зээлийн үлдэгдэл хоёр их наяд 577 тэрбум төгрөг, эрсдэлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөг байгаа аж. Тодруулбал,  чанаргүй зээлийн харьцаа 10.4 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Тэгэхээр чанаргүй зээлийн  ингэж тооцогдоход дээр дурдсан компаниудын өр төлбөр гол нөлөөллийг үзүүлж байна. Тухайлбал, Эрэл компанийн  132 тэрбум төгрөгийн өр нийт чанаргүй зээлийн тавь шахам хувийг дангаараа бүрдүүлж байх юм. 100 тэрбум нь үндсэн төлбөр, үлдсэн нь хүү гэдгийг Г.Амартүвшин захирал хэлж байсан. Тэгвэл “Мон Лаа” компани  8.3 тэрбум төгрөгийн өртэй бол  “Хөтөл” компанийн үлдэгдэл 236 тэрбум төгрөг гэж байна. Гэхдээ нэг зүйл анхаарал татаж байгаа нь “Мон Лаа”, “Эрэл”, “Хөтөл” гэсэн гурван компанийн төлөгдөөгүй зээлийн нийлбэр дүн 376.3 тэрбум болоод байгаа юм. Гэтэл чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум гэсэн тоо байгаа билээ. Мөн үүдээ барьсан Капитал банкны зээлийн төлбөр хэд хэчнээн бэ гэдэг асуудал яригдах ёстой юм. Капиталын эздээс Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хэрхэн яаж олж авахаа салбар хариуцсан сайд нь мэдэхгүйгээ хэлж суугаатай яг ижил дүр зураг Хөгжлийн банк дээр давтагдах байхыг үгүйсгэх аргагүй л дээ.  Ямартай ч Хөгжлийн банкны хөшсөн зээлийн өр төлбөрүүд  “амь орж” эхлэх тухай мэдээлэл байгаа нь сайн хэрэг юм.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бялдууч(103.111.68.3) 2019 оны 07 сарын 08

Энэ мөнгө хэзээ ч төлөгдөхгүй бүгдэд нв авилгал өгөөд л дарна цаазын ялыг сэргээгээд бүгдийг нь алах хэрэгтэй тэгэж байж ханд нь дарагдана.

0  |  0
Авилгал(103.111.68.3) 2019 оны 07 сарын 08

Банкны хан жирийн иргэнд өч төчнөөн юум болж байж жоохон зээл өгнө нэртэй луйварчингуудын хошногыг нь долоогоод бүгдийг нь тавиад туучих юм ааа үнэндээ бялдууч худал хуурмаг хулгайчууд шүү

0  |  0
батхүү(112.72.12.9) 2019 оны 07 сарын 06

Санаатаагаар энэ зээлийг өршөөлийн хуулиар дарах гэж авсан юм шигээ өгсөн хүнийг ньдавхар сайн шалга жирийн иргэнийг бол одоо бүх зүйлыг нь хурааж аваад шоронд хийчихсэн байгаа шүү

0  |  0
Нямаа(202.179.25.235) 2019 оны 07 сарын 05

Зээл аваад тэрийгээ яаж найдваргүй зээл болгодгын заагаад өгөөч банкныхаан

0  |  0
Top