Валютын нөөц сүүлийн зургаан жилийн ДЭЭД ХЭМЖЭЭНД хүрэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Монголбанкнаас энэ оны эхний хагас жилийн голлох 19 ажлаа танилцуулахдаа хэрэгжүүлж буй бодлого нь инфляцыг Төв банкны зорилт буюу найман хувь орчимд тогтворжуулахын хамт эдийн засгийн өсөлтийг дэмжсэнийг тодотгосон. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт сүүлийн үед тогтмол өсөж, оны эхний  улиралд 8.6 хувьд хүрснийг Монголбанкны удирдлагууд хэлж байна. Ер нь бол улс орны эдийн засаг эрүүл саруул бодлогод суурилж буй цагт нааштай үзүүлэлтүүд дагах нь зүйн хэрэг. Гэхдээ улс төрийн бодлогогүй шийдвэрүүд эдийн засагт үргэлж эрсдэл дагуулж ирснийг дашрамд дурдахад илүүц болохгүй биз ээ. Монголбанкнаас өнгөрсөн хагас жилд хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг эдийн засгийн онцлох сэдвийн хүрээнд тоймлон харъя.

МОНГОЛБАНК БА ОУВС

Эдийн засаг элгээрээ мөлхсөн 2017 оноос манай улс ОУВС болоод бусад донор байгууллагуудаас тусламж авч өндийгөөд байгаа билээ. Тэгвэл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд  манай улс  банкны салбартаа активын чанарын иж бүрэн үнэлгээг хийсэн нь онцлох үйл явдал болсон юм. Манай улс уг үнэлгээг Ази тивд Европын төв банкны стандартаар хийсэн анхны улс болсон бөгөөд үнэлгээний үр дүнд өөрийн хөрөнгийг 2018 оны арванхоёрдугаар сард багтаан нэмэгдүүлсэн байх шаардлагыг Капиталаас бусад банкууд биелүүлсэн гэж Төв банкнаас мэдэгдэж байгаа юм. Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу “Капитал банк” ХХК-д зохих арга хэмжээг авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилсон юм.

Өдгөө ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тодруулах, магадлан аудит хийгдэж байна. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хэлэхдээ  наймдугаар сарын дундуур гэхэд магадлан шинжилгээний ажлыг зургаан банкинд хийж дуусгана гэсэн юм. Сануулахад, банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийн эрүүл ахуйн асуудал бүрэн шийдвэрлэгдсэний дараа манай улс хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн авах эрх нээгдэх юм. Энэ онд 840 сая ам.доллар орж ирэх ёстой ч банкны салбар дахь арга хэмжээнүүд бүрэн дүүрэн шийдвэрлэгдсэн үед  орж ирэхээр хойшлогдсон байдалтай өнөөдрийг хүрч байна.

ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн зургаадугаар сарын 19-28-нд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийснийг дурдах хэрэгтэй. Улс орнууд ОУВС-гийн гишүүн болсноор тус сангийн дүрмийг зөвшөөрч, дүрмийн IV дэх заалтын дагуу тогтсон хугацаанд эдийн засаг, санхүүгийн секторын тогтвортой байдлаа үнэлүүлэх, зөвлөлдөх хэлэлцээг хийдэг. Тэгвэл энэ удаагийн яриа хэлэлцээг ажлын хэсэг УИХ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрын бусад албан тушаалтан, хувийн хэвшил, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийлээ. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб 2016 онтой харьцуулбал Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсныг,  гадаад секторын хувьд Монголбанк нөхцөл байдлыг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлж чадсаныг онцоллоо. Цаашид эдийн засгийн хамгаалалтыг бий болгож, шокоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстойг ажлын хэсгээс сануулсан юм.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ ҮР ДҮНД ДАГУУЛЖ ЭХЭЛЖ БАЙНА ГЭВ

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах хэрэгцээ шаардлага бий талаар нэр бүхий УИХ-ын гишүүд ярьж буй. Харин банкны салбарынхан үүний үр дагавар нь  “жоомоо алах гээд гэрээ шатаахын үлгэр”  гээчийг харуулна гэж байгаа юм. Тэгвэл Монголбанкны зүгээс Зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжүүлж байгаа нь үр дүнд хүрч эхэллээ гэж мэдэгдэж байна.

“Зээлийн хүүг буруулах стратеги” болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг цогц баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2018 онд батлуулсан. Монголбанкнаас үүнийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн эрсдэлийг бууруулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, макро зохистой бодлого хэрэгжүүлэх  зэрэг чиглэлээр олон ажил хэрэгжүүлсний үр дүнд шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2019 оны тавдугаар  сард 17.3  хувьд хүрч, 2017 оны  наймдугаар  сартай харьцуулахад 2.9 хувиар буурсан гэж онцоллоо.

ВАЛЮТЫН НӨӨЦ СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тогтвортой өссөөр 2018 оны зургаадугаар  сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд үзүүлэлт юм. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь  Монголбанкнаас худалдан авах үнэт металлын хэмжээ нэмэгдсэн явдал байв. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг  нэмэгдүүллээ. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав. Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц болов.

Төв банк нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институцийн хувьд санхүүгийн хараат бус байдлаа хадгалж ажиллах нь чухал. Иймд Монголбанкнаас шат дараатай алхмыг хийж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсний үр дүнд Төв банкны алдагдал 1.8 их наяд төгрөг болж буурсан санхүүгийн тайланг Прайсуотер-Хаус Куперс аудитын компанийн хийсэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулав. Өнөөгийн баримталж буй зарчим, үйл ажиллагааг цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд цаашид Төв банкны өөрийн хөрөнгийг эерэг болгох зорилт тавин ажиллаж байгаа гэв.  Монголбанкнаас сүүлийн хугацаанд хуримтлагдсан алдагдлаа бууруулах чиглэлээр өргөн хүрээнд ажилласны үр дүнд өөрийн хөрөнгө гурван их наяд төгрөгийн алдагдалтай байсныг 2017 онд 200 тэрбум төгрөг, 2018 онд 1.0 их наяд төгрөгөөр бууруулжээ.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээж салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн тухай тодотгох ёстой. Энэ онд  УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаа хэд хэдэн хуулийн төслүүдийг боловсруулж, хууль санаачлагчдад уламжилжээ. Тухайлбал, Актив удирдлагын компанийн тухай хуулийн төсөл болон Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уламжлаад байна.  Мөн чанаргүй активыг бууруулах ажлын хүрээнд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, ИХШХШТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэгт нэмэлт өөрчлөлтийг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлаад байна. Цаашид Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Векселийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлахаар бэлтгэж байна гэлээ.

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2018 оны хоёрдугаар  улирлаас Мөнгөний бодлогын болон Банкны хяналт шалгалтын эрх бүхий шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн давуу эрхтэй саналаар гаргадаг байсныг өөрчлөн, хамтын удирдлагын зарчимд шилжүүлсэн. Энэ хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлого болон Хяналт шалгалтын хорооноос гарч байгаа шийдвэрүүд нь бүхэлдээ Монгол Улсад инфляцын дарамтгүй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэлээ. Тухайлбал, Макро зохистой бодлого хэрэгжүүлэх хүрээнд хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг тэтгэврийн зээлд 70 хувь, тэтгэврээс бусад хэрэглээний зээлд 60 хувьд тогтоон мөрдүүлэх, хугацааг 30 сараас хэтрэхгүй байлгах, ААН-ийн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрүүд гарснаар бизнесийн зээл нэмэгдэж, зээлийн долларжилт буурч эхэллээ. Мөн Төв банк болон банкны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор банкны хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмууд шинэчлэгдэж, эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжих эхлэл тавигдсан гэж байна.

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

ФАТФ-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт өнгөрсөн  оны долоодугаар  сард болсон. Энэ үеэр Монгол Улс холбогдох хууль тогтоомжоо шинэчилсэн болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг харгалзан үзэж  манай улсын эрчимжүүлсэн хяналтад байх хугацааг 2019 оны аравдугаар сар хүртэл дахин сунгасан. Өнөөгийн байдлаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулсан, банк санхүүгийн холбогдох журмуудыг шинээр болон шинэчлэн баталсан, Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журмыг баталсан, Үндэсний зөвлөл болох Хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг ахиц гараад байна. Эдгээр болон бусад олон ажил хийсний үр дүнд 14 зөвлөмжийн үнэлгээг урьдчилсан байдлаар ахиулаад байна гэж Төв банкнаас мэдэгдэж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлсүхэд(66.181.179.82) 2019 оны 07 сарын 08

Тийм бол яахаараа валютын ханшаа буруулахгүй байгаа юм бэ? Ханшийн зөрүүгээр ард түмнээ шулаад өөрсдийн идэж шамшигдуулсан төсвийн алдагдалаа ядарсан ард түмнийхээ халааснаас нөхөх нь зөв юм уу?

0  |  0
Top