Завхан аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад хуульч Д.Энхжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөлөлөөс гарсан зөвлөмжийг үндэслэн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Хуульч хүнийхээ хувьд энэхүү үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа асуудлыг ултай судалж байж, түдгэлзүүлсэн байх гэж бодож байна. Нарийн зүйлийг нь мэдэхгүй учраас зөв гэж хэлэхэд хэцүү. Яах аргагүй 17 шүүгч авлигын хэрэгт холбогдсон авсан нь нотлох баримтаар нотлогдсон зүйл байгаа бол шалгах нь зөв.
-Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн шүүгчдийг огцруулахыг шаардаж жагсаал хүртэл зохион байгуулагдлаа. Байж болох зүйл үү?
-Сүүлийн үед эрүүдэн шүүсэн гээд л яриад байна. Энэ шүүгчтэй ямар холбоотой юм бэ, цэрэг цагдаа гүйцэтгэх байгууллагын хийж байгаа ажил шүү дээ. Шүүх шийдвэрээ л гаргадаг. Шүүн таслах ажиллагаа гэдэг чинь нэг талын эрх ашгийг хамгаалж байгаа ч нөгөө тал нь заавал гомддог. Гомдолтой тал байнга эсэргүүцэж байдаг. Үүнийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Шүүгчийн үйл ажиллагааны процессын асуудал нь өөрөө тийм юм.
Шүүхийн шийдвэр ханатай гарах асуудал их чухал. Ханатай гараагүй учраас иргэд гомдоод асуудал тавиад байгаа юм. Тийм учраас шүүгч хүн асар өндөр мэдлэг чадвартай байх явдал юм. Тэр хүн хэдий буруутай ч шүүх хуралдааны танхимаас ойлгоод гарах ёстой. Яах аргагүй миний буруу юм байна, тийм учраас шийдвэр нөгөө талд гарчихлаа гэсэн гэж шүүхийн шийдвэр тэр хэмжээнд хүрсэн өргөн агуулгатай хуулийг маш зөв тайлбарлаж, шийдвэрээ зөв ойлгуулж тайлбарлаж чадсан, шийдвэрлэсэн хэрэгт маргаан гардаггүй. Маш чадварлаг сайн шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны дараа үнэхээр миний буруу юм байна гэж хэлээд гарч байсан олон иргэдийг харж байсан л даа. Ийм хэмжээнд шийдвэрээ бичих, тайлбарлах хэрэгтэй.
Тийм учраас чадалтай шүүгч нар байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Нөгөө талаар өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг шүүгчээр сонгож байгаа нь буруу гэж үздэг хүн байгаа юм. Яагаад гэхээр ямар ч шүүн таслах үйл ажиллагаа мэдэхгүй, шүүхийн процессын үйл ажиллагаанд оролцдог атлаа шүүхийн дотоод үйл ажиллагааг огт мэддэггүй, шүүх хуралдаан даргалахаас эхлээд л маш их гологддог. Арай ч дээ ингэж хурал хийх ч гэж дээ гэж бодогдож байсан үе зөндөө байдаг. Шүүгчийн үндсэн суурь боловсон хүчин бол шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар юм. Энэ хүмүүс бол бэлтгэгдэж байгаа хүмүүс гэж бодож явдаг. Шүүхэд орж ирж байгаа хүндэтгэлээс эхлээд огт өөр байдаг. Шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга хийж байгаад шүүгч болсон хүн, өмгөөлөгч хийж байгаад шүүгч болсон хүн хоёр хурал удирдах, шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа байдал маш өөр шүү.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах чиглэлээр оруулсан заалтуудыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би Завхан аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар 22 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв. Хамгийн гол нь өнөөдрийн ард түмний хүсэн хүлээсэн хэмжээгээр өөрчлөлт орж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудал дээр 2013 оноос багц хууль хэрэгжээд явж байна. Шүүхийн шинэчлэл улсын хэмжээнд маш эрчимтэй сайн хийгдсэн гэж үздэг. Шүүхийн хараат бус байдал бэхжүүлэхтэй холбоотой хууль гарч ирсэн. Цалин, нийгмийн хамгаалал талаас нь олон өөрчлөлтийг авчирсан.Энэ өөрчлөлт маань явц дундаа Үндсэн хуулийн шинэчлэлт өөрчлөлтэй холбоотойгоор үгүй хийгдчих вий гэж эмзэглэж байна.
-Шүүгчийн насны босго, хугацаатай томилно гэсэн заалтыг та хэр зөв гэж бодож байна вэ?
-Энэ заалтыг зөв гэж бодож байна. Шүүгч хүн гэдэг бол мэргэжлээрээ олонд танигдах хэмжээнд ажилласан, туршлагатай хүн байх ёстой учраас зөв. Харин хугацаатай томилдог асуудал бол буруу юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр шүүгчийн ажиллах баталгаа юм. Насаараа томилогдсон шүүгч ажилдаа ямар хандах вэ, хэдэн жил ажиллаад чөлөөлөгдөнө гэж бодож байгаа шүүгч ямар байдалтай байх вэ, энэ хоёрын дунд асар их ялгаатай шал өөр хандлага бий болно. Тиймээс энэ буруу гэж үзэж байна. Ер нь шүүхийн үйл ажиллагаа хөдөө орон нутагт хэвийн хэмжээтэй явагдаж байгаа, шүүх рүү дайрч давшилсан, шүүхийн шийдвэр чинь буруу байна, нэг талд үйлчилсэн, авлига хээл хахууль авсан гэх асуудал яригддаггүй.
Сэтгэгдэл ( 2 )
ШҮҮХИЙН МАФИЙГ УСТГАХГҮЙ БОЛ МОНГОЛ МӨХНӨ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Эрүүдэн шүүж хэрэг хүлэээлгээн с нь зөв гэж ахмад шүүүгч нар үзэж байгаа болтой.