Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банк татан буугдсан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг банк татан буугдсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөр олгож эхлэх үүрэгтэй тул дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нөхөн төлбөр олгож эхэлсэн гэдгээ Хадгаламжийн даатгалын корпорацаас мэдэгдэж буй.
Тодотгоход, тухайн банкин дахь нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг ба валютын 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг.
Банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн тооцооллоор татан буугдсан Капитал банканд нийт 439 322 харилцагч байгаагаас 350 607 нь даатгалд хамрагдсан байсан. Хадгаламжийн даатгалын корпорацаас эдгээр 350 607 иргэн, хуулийн этгээдийн 44.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн мөнгийг нөхөн төлбөр олгох ХААН банканд зургаадугаар сарын 21-ний байдлаар шилжүүлсэн бөгөөд ХААН Банк нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг мэдэгдсэн.
Хадгаламжийн даатгалыг яагаад 20 сая төгрөгөөр хязгаарлаж байгаа вэ гэдэгт дараах тайлбарыг өгч байна.
Хадгаламжийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь жижиг хадгаламж эзэмшигчийг санхүүгийн хямралаас хамгаалах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байдаг. Хадгаламжийг бүрэн даатгадаг туршлага байдаг. Энэ нь богино хугацаанд банк дампуурах үед системийн эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлж чадах ч урт хугацаанд зах зээлийн сахилга батыг бууруулах эрсдэлтэй байдаг учраас дэлхий нийтээрээ хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжих болсон. Манай улсын хувьд ч санхүүгийн хямралын үе болох 2008-2012 онд бүх хадгаламжийг даатгадаг байсан бол 2013 оноос 20 сая төгрөгөөр хязгаарладаг болсон.
Харин энэхүү хязгаарыг оновчтой тогтоох нь чухал бөгөөд олон улсад 80/20-ийн дүрмийг ашигладаг. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 80 хувь, нийт хадгаламжийн 20-30 хувийг даатгах нь зохистой гэж үздэг. Мөн улс орон бүрийн банкны систем, эдийн засгийн нөхцөл байдал харилцан адилгүй учраас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин ихээр тогтоодог туршлага байна.
Манай улсын хувьд дээрх олон улсын аргачлалд үндэслэн зохистой хамгаалалтын хязгаарыг харилцах, хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөг байхаар тогтоон хуульчилсан нь банкны салбар дахь нийт хадгаламж эзэмшигчдийн 99.8 хувь, нийт хадгаламжийн 25 хувийг даатгаж, олон улсын стандартад нийцэн, үндсэн зорилгоо хангаж байгаа гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгч буй юм.
Сэтгэгдэл ( 0 )