ОУВС-гийн Ажлын хэсэг өнгөрсөн сард Монгол Улсад ажиллаад буцахдаа манай эдийн засгийн эрсдэл даах чадвар бэхэжсэн боловч томоохон шокийг даван туулахад хүрэлцэхээргүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгвэл энэ талаар Төв банкны Судалгаа статистикийн газраас дараах дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
“ОУВС-гийн Ажлын хэсгээс эдийн засагт гарсан зарим эерэг үзүүлэлтүүдийг цохон тэмдэглэсэн. Тухайлбал, эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 оны эцэст 6.9 хувь, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 8.6 хувьд хүрч идэвхэжсэн. Өсөлт 2019 онд 6.5 хувьтай гарна гэсэн төсөөллийг ОУВС-гаас гаргасан байгаа. Улсын төсвийн хувьд тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2016 онд -3.7 их наяд төгрөгтэй тэнцүү байсан бол өнгөрсөн жил тэнцэл 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхний таван сарын байдлаар төсөв 146 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөц өнгөрсөн сард дөрвөн тэрбум ам.долларт хүрч, сүүлийн хоёр жил хагасын хугацаанд 3 дахин нэмэгдсэн зэргийг тэмдэглэж болох юм.
Хэдийгээр эдийн засгийн эрсдэл даах чадвар энэ мэт бэхжиж байгаа боловч томоохон шокийг даван туулахад хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа нь манай гадаад эрсдэл буюу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг анхааруулаад байгаа юм.
Тухайлбал, манай улсын урсгал данс 2008 оноос хойш тогтмол алдагдалтай буюу дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувьтай тэнцүү байсан. Энэ нь хуримтлагдсан дүнгээр Монгол Улсын урсгал данс 2008 оноос 2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан гэсэн үг. Үүнийг бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бондын өр төлбөрөөр санхүүжүүлж ирсэн. Үр дүнд нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц -34.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй, үүн дотроо гадаад өр 29.5 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна.
Дээрх хуримтлагдсан төр, хувийн хэвшлийн өр төлбөрийн эргэн төлөлт 2020-2024 онуудад 14.4 тэрбум ам.доллар болох тооцоо гарч байна. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх өр 6.7 тэрбум ам.доллар юм. Нийт экспортын 90 хувь, хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд энэ хэмжээний гадаад өрийн эргэн төлөлт уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын мөчлөгтэй давхацвал эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй. Үүнийг л Монголбанкны мөнгөний бодлогын мэдэгдэлд ч, ОУВС-гийн Ажлын хэсгээс ч анхааруулаад байгаа юм” гэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгэхээр бид 20 оны тѳсвийг маш ѳндѳр сахилгатайгаар батлах ёстой. Сонгуультай холбогдууж зарлагыг хѳѳсрүүлж огт болохгүй. Дутуу ажлуудаа гүйцээ. Мэга тѳслүүдийг түр зогсоох хэрэгтэй. Мѳнгѳний нийлүүлэлт дээр онцгой анхаарах ёстой. Мѳн ипотекийн зэээлийн зогсоох хэрэгтэй байна. Тѳсвѳѳс энэ зээлийг санхүүжүүлж огт болохгүй.