ТЭМДЭГЛЭЛ: Эртний их Дайдугаас энэ цагийн Гансу хүртэл

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Өдгөөгөөс найман зууны тэртээ монголчууд умард хятадыг ноёлон захирах зорилгоор эзлэн сууж асан эртний Дайду хот, өдгөөгийн БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьсон асуудал тодорхой ч монголчуудын хувьд түүхийн асар үнэт зүйлийг агуулсаар байгаа энэ нийслэл юу юунаас илүү сонирхол татаж байлаа. Учир нь дэлхийд тэргүүлэгч гүрний Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал Э.Болортулгаар ахлуулсан Монгол Улсын 50 орчим сэтгүүлч ийнхүү эртний их Дайду хотноо аяны дөрөө мулталсан юм. “Торгоны зам”, “Цайны зам”-аар сар жилийг түүчээлэн хүрдэг цагийг хором мөчид багтаасан агаарын хөлөг бодолд автахын ч завдалгүй газардуулав.

Сэтгүүлч бидний аялал, айлчлалын гол зорилго бол өмнөд хөршийн хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг, түүний хөгжилтэй танилцах байсан. Тэгэхээр өдгөөгийн Бээжин хотын бүтэц зохион байгуулалт, тус улсын нэгэн нүүр царай болсон хөгжлийн тухай дэлгэрүүлэн дурдах нь илүүц хэрэг биз ээ. Түүнээс бус дурдах зүйл маш олон. Дурдахаас илүү хил залган орших хамгийн ойрын харилцаатай хөршийн хөгжилд дуун алдах зүйл зам харилцаанаас эхлээд олон байсныг нуугаад яахав. Нэгэн цагт бүх хятадыг захиран суусан Юань гүрэн, өдгөөгийн туурга тусгаар Монгол Улс гээд харьцуулах аргагүй ч бодох зүйл байгааг дурдах нь илүүц хэрэг болохгүй. 

 

 

Ийнхүү харьд аяны цулбуур эвхсэн зорилгын дагуу бидний анхны танилцах уулзалт тус улсын Хөдөө аж ахуй яамны удирдлагын институт байв. Уулзалтын үеэр салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, үүний дагуу сэтгүүлч бид ч сонирхосон асуултад хариулт авсан. Монгол Улсын хувьд мал аж ахуйн орон учраас БНХАУ-тай өнгөрөгч хугацаанд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байгааг энэ үеэр онцолж байсан юм. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийн харилцан айлчлалын хүрээнд 53 удаагийн сургалт зохион байгуулж, манай улсаар 270 мэргэжилтэнг сургалтанд хамруулсан аж. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн худалдаа, эргэлт ямар түвшинд хүрсэн тухай мэдээлэлтэй танилцлаа. Өнгөрөгч 2018 онд Монгол Улсаас БНХАУ-руу мах махан бүтээгдэхүн, ноолуур, самар, амьтны тос зэрэг 330 гаруй сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон бол БНХАУ-аас Монгол Улс руу буудай, чихрийн төрлийн 135 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолжээ. Мөн БНХАУ-ын талаас 2018 оноос хойш Монгол Улсад хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр 23 төслийг хэрэгжүүлж 2,8 тэрбум юаний хөрөнгө оруулалтыг хийсэн байна. БНХАУ-ын хүн амын дотор газар тариалан эрхлэгчид голлох тоог эзэлдэг бөгөөд эдгээр иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ХАА-н олон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ ийнхүү хөршийнхөө сэтгүүчдэд танилцуулах гэсэн хэрэг. Хүн амын чамгүй хэсэг нь хөдөө аж ахуй, тэр тусмаа газар тариалан эрхэлдэг орны хувьд алслагдмал мужуудад тариачид ихээхэн ядуу, боловсролгүйн зэрэгцээ мэдээллээс хол амьдардаг байсныг ч энэ үеэр дурдаж байв. Тиймээс БНХАУ-ын төрөөс тодорхой шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус ажил гараанаас нэгэнт гарч үр дүнгээ өгөөд эхэлжээ. Энэ чиглэлд төрөөс стратеги төлөвлөгөө боловсруулж хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн нь зах хязгаарын мужийн аж байдлаас харагдана билээ. Гэхдээ энд зөвхөн ядуурлаас гаргаж, зах хязгаарыг эдийн засгийг чадавхижуулах бус соёл боловсролын замд хөтлөн оруулж гэгээрүүлэх ажил нэгэнт хийгдэж эхэлсэн гэнэ. Тухайлбал, айсуй 2020 он гэхэд эдийн засгийн бүрэн чадавхитай болох, 2035 он гэхэд хөдөө аж ахуйн салбарыг орчин үежүүлэх, 2050 онд бүх талаар хөгжүүлсэн байх төлөвлөгөө гарган, түүнийг зорин ажиллаж байгааг ч Хөдөө аж ахуйн яамны удирдлагын институтаас дуулгаж байв. Энэ үеэр БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей “Манай орны хөдөө аж ахуй, орон нутаг ,тариачны асуудал бол ард түмний амьжиргааны гол асуудал. Тиймээс хөдөө аж ахуйг хөгжүүлэх, стратеги төлөвлөгөө боловсруулах, бүх талаар хөгжүүлэх, тариачдын амьдралыг дундаж, дундажаас дээгүүр, чинээлэг болгох, хөдөө аж ахуйг орчин үеийн технологид нэвтрүүлэх юм. Энэ  тал дээр Хятадын төрийн зөвлөлөөс анхаарч ажиллаж байгаа” хэмээсэн  юм. Тэгэхээр Бээжин хотод бидэнд өгч байсан энэ мэт мэдээллийг дэлгэрэнгүй дурдахын хэрэггүй, бидний зочилсон Гансу мужийн газар тариалангийн бүс нутаг Бээжинд өгч байсан мэдээллийг бодитоор тодотгож өгнө. Учир нь сэтгүүлч бид хоёр багт хуваагдан, Бээжингээс өмнө зүгт орших Юннань, баруун зүгт орших Гансу мужийг тус тус зорьсон хэрэг. 

 

 

Мөч, хором бүрт мод тарьж буй "Элион" групп

Хөдөө аж ахуйн чиглэлээр сурвалжлах, түүнд нэвтэрч буй технологитой танилцах гэж очсон сэтгүүлч бидний хувьд очих ёстой газрын нэг бол Бээжинд төвлөх “Элион” групп юм. НҮБ-д данстай тус групп нь 1988 онд байгуулагдсан бөгөөд Хятадын байгаль орчин экологийн тэргүүлэх компани аж. “Элион” групп нь олон жилийн туршид экологийн хамгаалалт болон цэцэрлэгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Уг компанийн гол зорилго нь энерги, эрчим хүч хэмнэх, байгаль орчинг хамгаалах болон экологийн үйлчилгээ үзүүлдэг байна. Дэлхийд данстай энэхүү компани нийт 10 их тэрбум юанийн хөрөнгөтэй, нийт 8000 гаруй ажиллагсадтай аж. “Элион” группын 30 гаруй жилийн үйл ажиллагааг НҮБ -ын хүрээлэн буй орчны албанаас 50 их тэрбум юанийн өртөг бүхий байгаль орчны эх баялгийн бүтээсэн хэмээн үнэлжээ. Мөн үүнээс гадна тус компани байгаль хамгаалалтын чиглэлээр “Хөвчийн загвар” бүтээж үүгээрээ НҮБ-ын байгаль орчин болон хөгжлийн шагналыг хүртсэн байна. Дашрамд дурдахад тус групп нь Хятадын олон мужийн нутаг дэвсгэрийг ойжуулсан бөгөөд хамгийн ойрын жишээ гэхэд Ордо­сын цөлийг ногоон бол­госон тэргүүн туршлагыг дурдаж болно. Энэ үеэр “Элион” групп нь минут тутамд нэг мод тарьж байгаа хэмээн албаны хүмүүс дурдаж байснаас гадна Хятадын Засгийн газраас бүхий л талаар дэм­жиж, хамтрах замаар ажил­ладаг аж.

 

Уул толгодыг хот болгосон Гансу

Дайдугийн нисэх онгоцны буудлаас бидний хэдэн сэтгүүлч хоёр баг болон нэгдүгээр баг нь Юннань, хоёрдугаар баг нь Гансу мужийг зорихоор дорно, өрнө зүгийг түүчээлэн хөдөллөө. Бээжингээс дорно зүгт хөөрсөн бидний агаарын хөлөг ердөө цаг гаруйн хугацааны дараа Монгол Улстай баруун урьд талаараа 60 гаруй километр хиллэх Гансу мужийн нутаг дэвсгэр Ланжу хотын хөрснөө газардуулав. Өдгөө 30 гаруй ястнаас бүрдэн орших Гансу муж нь 26 сая хүн амтай бол төв Ланжу хот нь гурван сая гаруй хүн амтай аж. Онгоцны буудлаас хотын төв руу хөдлөх чамгүй урт замд цөл газрын уул толгод үргэлжлэх агаад тус уул толгодыг тэр чигт нь моджуулах ажлыг хийж тусгай усалгааны систем тавьжээ. Ерөөсөө хятадууд цэцэрлэгжүүлэх ойжуулах, зам тавих ажлыг гойд хийдгийг хаа хаанаас харж болох нэгээхэн жишээ энэ. Энэ муж бол газар тариалангийн өлгий нутаг. Ланжу хотын нэг том онцлог гэвэл Хөх нуураас эх аван урсах Шар мөрөн буюу Хатан гол хотын төв дундуур урсан өнгөрнө. Хөх нуураас эх аван урсах Хатан гол нь 5454 километр урсан Шар тэнгист цутгах бөгөөд биднийг очиход омогтойхон үерлэж байв. Ланжу нь төвөөс алслагдсан хязгаарын суурин хэдий ч хөгжлөөрөө мөн л тэргүүлэх зэрэгт хүрч буй хот бөгөөд төвдөө 34 их дээд сургуультай гээд онцлог давуу тал бий. Тус хот нь хэдийгээр эртний түүхтэй ч орчин цагийн шинэ хотыг бий болгохын тулд цөл газрын уул толгодыг тэгшилж ногоон байгууламж, ойр орчимдоо ой бүхий хотыг байгуулжээ. Өдгөө бидний мөрөөдөл болсон метро энэ хотод байх агаад хоёр юаниар иргэддээ үйлчидэг бол автобус нэг юаниар үйлчилдэг байна. “Торгоны зам” дагуу орших мужид үйл ажиллагаа явуулдаг 2000 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй мянган тариачин нь газар тариалангийн бүс нутгийн гол ачааг үүрдэг гэхэд болно. Муж нь өвөрмөц өнгө үзэмж, ардын зан үйлтэй бүс нутаг төдийгүй дэлхийд алдартай Дүн Хуангийн Мөө Гао агуй, Цастын монголчуудын зан үйл, тэмээн жин зэрэг өвөрмөц онцлогтой соёл иргэншил одоо хэрнээ хадгалагдан байгааг дуулгах нь зүйн хэрэг байх.

 

“Боловсролын технологийн төв" шинэ дүүрэг

Зам харилцаа, ногоон байгууламж, барилга орон сууц гээд нүднээ тусах зүйл олонтой энэ хот өрх тусгаарлаж, шинээр дүүрэг байгуулж байгаатай танилцав. Энэ дүүргийг байгуулахын тулд мөн л уул толгодыг тэгшилсэн гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байв. Шинэ дүүргийг “Боловсролын технологийн төв” болгон байгуулж их дээд сургуулиудаа нэгтгэн энд суурьшуулах төлөвлөгөөний дагуу практик дадлага хийх орчинг ч бүрдүүлсэн аж. Түүнээс гадна эрчим хүчээр хөдөлдөг машин техникийн үйлдвэрлэл ч энэ дүүрэгт бий. Газар тариалан анхлан үүссэн гэж болох тус нутаг эрс тэс уур амьсгалтай ч тариачдын нөр их хөдөлмөрөөр тариагаа тарьж ирсэн арвин баялаг түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд газар тариалангийн бүс нутагтаа шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж, тэр тусмаа хүлэмжийн аж ахуйг ихэд хөгжүүлсэн нь харагдана. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулж экологийн бүтээгдэхүүн хийхэд онцгой анхаарсны үр дүнд 2018 онд химийн бордоо хэрэглэх хэмжээ буурсан гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Ийнхүү шинэ дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн парк төслийг бий болгод Хятадын Засгийн газраас 2,216 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Шинэ дүүргийн захад 1300 хүлэмж бүхий аж ахуйд төрөл бүрийн жимс жимсгэнэ тариалж хүний хөдөлмөрийг хөнгөвчилөхийн зэрэгцээ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлжээ. Хүлэмжийн аж ахуйг бий болгож байгаа нь хэдийгээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, эдийн засгийн үр ашгийг дээшүүлж байгаа ч хамгийн чухал зүйл нь хөрсөө хамгаалж байгаагийн нэг хэлбэр аж. Тодотговол, байгалийнхаа унаган хөрсөнд тариалан эрхлэхгүйгээр хүлэмж байгуулжээ. Ингэхдээ хиймэл хөрс үйлдвэрлэн тариалан эрхэлж байгаа нь нэгэн шинэ технологи юм. Энэ хотын бас нэгэн онцлог нь эмийн ургамлаараа алдартай. Тэд жилдээ нэг сая 250 мянган тонн эмийн ургамал, 10 мянга гаруй тонн төмс, дөрвөн сая тонн алим, бусад хүнсний ногоо 23 сая тонныг хураан авдаг газар тариалангийн томоохон бүс нутаг юм. Үүнээс гадна 23 сая хонь, зургаан сая үхэр, 78 сая шувуу өсгөн үржүүлдэг байна.

 

 

Гансу мужийн шинэ хэвлэл мэдээллийн групп

Тус мужийн “Өдрийн сонин”, радио нь 1949 онд байгуулагдан өдгөө 70 насны сүүдэр зооглоход телевиз мэдээллийн сайт, сэтгүүл гээд олон төрөл зүйлээр хүрээгээ тэлж томоохон групп болжээ. Тус групп нь БНХАУ-ын төрөөс явуулж буй бодлого болон бусад мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд түгээх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Өдрийн сонин”-г гэхэд өдөрт 150 мянган хувь хэвлэн үнэгүй тараадаг байна. “Өдрийн сонин”-ы харъяанд шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуй гэх мэт чиглэл чиглэлийн долоон сонин байдаг аж. Тус группээр зочлох үеэр тариачид малчдын гол хэрэглэгдэхүүн нь 1800 ажилтантай радио гэж байв.

 

Говийн хөдөө аж ахуйг хөгжүүлж буй Жиюу Чуан хот

Гансу мужийн нэгэн хот болох Жиюу Чуан хотод нэг сая гаруй хүн амьдарч газар тариалан голлон эрхэлдэг учраас говь цөлд хэрхэн газар тариалан эрхлэх талаар гойд анхаарсан нь харагдана.  Нийт 40 гаруй үндэстэн амьдрах тус хотын Сү Жү дүүрэгт Зунь Жай говийн хөдөө аж ахуйн паркийг байгуулжээ. Говийн хөдөө аж ахуйн паркад нийтдээ 1500 орчимд хүлэмжид экологийн цэвэр бүтээгдэхүүн тарьж ургуулдаг байна. Энэхүү паркийг 2009 оноос хойш байгуулж өдгөө нэгэнт эдийн засгийн эргэлтэд оруулсан төдийгүй төслийн хүрээнд тариачдыг боловсруулах замаар сургалт семинарыг удаа дараа зохион байгуулдгаа ч энэ үеэр дурдаж байв. Говийн хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны түвшинд авч үздэг учраас Судалгааны төвд зургаан лаборатори ажиллаж, тэнд хөрс усны, хорхой шавьжны, үр ургамлын чиглэлээр шинжилгээ хийж, судалгаа явуулдаг байна. Говийн хөдөө аж ахуйн паркийн хүлэмжид төрөл бүрийн чавга, лимон, луугийн нүд, гүзээлзгэнэ гээд тарьж болох бүхий л жимс экологийн цэвэр хөрсөнд ургаж байгааг онцолж байсан. Гэхдээ тэд хөрс үйлдвэрлэдэг тусгай үйлдвэртэй бөгөөд үйлдвэрийн түүхий эд нь наранцэцэгийн иш, сүрлэн өвс, малын баас юм байна. Дурьдах ёстой нэгэн зүйл бол тус паркаас бүх хятадын нийт үрийн 50 хувийг дангаараа нийлүүлдгээрээ онцлогтой. Эцэст нь дурдахад БНХАУ ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний бодлогоо хэрэгжүүлээд удаагүй ч иргэдийнхээ чамгүй хувийг ядуурлаас гаргаж чаджээ. Ийнхүү энэ эрчээрээ явж, төлөвлөгөө ёсоор 2050 он гэхэд бүхий л талаар цогц улс орон болгох зорилго дэвшүүлсэн байна.

С.Ууганбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top