Ханшийн өсөлтийг том цонхоор ХАРЪЯ

2019 оны 07 сарын 18

Монголбанкны албан ханшийг харахад өнөөдрийн байдлаар  /2019.07.18/ төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2660.75 байна. Өнгөрсөн тавдугаар сард дундаж ханш өмнөх оны эцсээс 0.06 хувиар суларч 2645.16 төгрөгт хүрсэн. Тэгвэл тавдугаар сарын дундажтай өнөөдрийн ханшийн өсөлтийг харьцуулахад  15 төгрөгөөр нэмэгджээ.

Ер нь ханшийн өсөлтийг тодорхойлж харахын тулд эдийн засгаа том зургаар харах хэрэгтэй болно. Эдийн засгийн бүтэц нь өөрөө асуудалтай, орж ирсэн хэдэн валют нь буцаад гарчихдаг манай тухайд ханшийн чангаралтыг байгаа хэдэн нөөц ам.доллароороо барьж, шийдвэрлэх боломжгүй. Товчхондоо бол ханшийн чангаралтыг богино хугацаанд торгоож болох ч урт хугацаандаа ужиг асуудлуудын шийдвэрлэлт л чухал нөлөөтэй гэсэн үг л дээ.

Өнгөрсөн жил манай улсад гаднаас 12 тэрбум 860 гаруй сая ам.доллар гаднаас орж ирсэн бол буцаж гарсан хэмжээ нь үүнээс давсан байгаа юм. Тэгэхээр ханшийн хөдөлгөөний суурь шалтгааныг эндээс  олж харж болно.

Сүүлийн жилүүдэд  манай улсын гадаад секторт нэлээд өөрчлөлт гарсан нь  судалгаанаас харагддаг.  Тухайлбал,  төгрөгийн ханшийн огцом сулрал юм. 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байдаг бол 2011 оны дөрөвдүгээр сараас хойш 2017 оны  нэгдүгээр сар хүртэл төгрөгийн ханш хоёр дахин суларчээ.

Тэгвэл энэ оны тухайд оны эхэнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт нэмэгдсэн боловч нэгдүгээр сарын дундаас эргээд чангарч, тавдугаар сарыг дуустал тогтвортой байв. Үүнд, зах зээлийн хүлээлт тогтворжсон, иргэд, аж ахуй нэгжүүдийн харилцах, хадгаламжийн хөрвөлт бага байсан, гадаад валютын урсгал цэвэр дүнгээр сайжирсан зэрэг нь голлон нөлөөлсөн гэж Төв банк тайлбарлаж байгаа юм.

Тухайлбал, тавдугаар  сард гадаад валютын орох урсгал өмнөх оны эцсээс 7.5 хувиар буурсан хэдий ч импорт өмнөх улирлаас саарсантай холбоотойгоор гарах урсгал 16.8 хувиар буурснаар банкны системээр дамжсан валютын цэвэр урсгал өмнөх оны эцсээс 87.2 сая ам.доллароор сайжирч, 55.1 сая ам.долларын ашигтай гарчээ.

Мөн нөгөө  талаас АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй, харин бууруулах хүлээлт зах зээл дээр бий болоод байгаа нь хөгжиж буй орнуудын ханш тогтворжиход нөлөөлж буй.

Дашрамд, гадаад валютын улсын нөөцийн мэдээллийг хүргэхэд зургаадугаар  сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд үзүүлэлт юм. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь  Монголбанкнаас худалдан авах үнэт металлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллароор Монгол Улсын гадаад валютын улсын нөөцийг  нэмэгдүүллээ.  Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулснаа тодотгож байна. Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hucheer l barij bga(108.218.234.108) 2019 оны 07 сарын 18

Songuuli duhuud MAN hucheer l barij baigaa bolohoos zah zeeliinh ni jamaat tavibal $5000 davna.

0  |  0
Top