“Эрс шинэчлэл” ТББ-ын тэргүүн Д.Энхбаттай ярилцлаа. Түүний тэгүүлдэг “Эрс шинэчлэл” хөдөлгөөн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-тай хамтран Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Хэлэлцүүлэгт оролцох Өмнөговь аймгийн иргэдийн тоо 300-д хүрсэн тул Даланзадгад хотноо энэ сарын 29-ний өдөр 14:00 цагт анхан шатны хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Үүний дараа наймдугаар сарын 9-нд Төрийн ордонд үндэсний хэлэлцүүлгийг 120 хүнтэйгээр зохион байгуулахаар болсон байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Тост, Тосон бумба сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийн цар хүрээ нэмэгдэж байгаа гэсэн. Нийт хэдэн хүн оролцох бол. Хэлэлцүүлэг ямар шатлалаар явагдах вэ?
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны асуудал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монголын ард түмний анхаарлын төвд багтсан сэдвийн нэг болоод байна. Орон нутгийн иргэдийн дунд олон жил яригдаж, шүүмжлэгдэж байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байгаа тул үр дүнд хүргэхийн тулд шийдвэр гаргах түвшний хүмүүсийг хамруулсан Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах нь зөв гэсэн санаачилга гарсан. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн хамтран Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Иргэдийн оролцоо их байж, дэмжлэг их ирж байна. Ялангуяа орон нутгийн иргэд олноор оролцохоор саналаа хэлж, байр сууриа нэгтгэе гэсэн. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас эхлээд бусад сумдаас оролцох хүмүүсийн тоо 400 болчихсон байна. Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд, судлаачид оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Анх бид заал танхимын багтаамжаас хамаараад 120-130 хүн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон ч зөвхөн орон нутгаас 400 хүн оролцохоор хүсэлтээ өгсөн тул тэдний оролцоог хангах, Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулах танхимаас хамаараад хэлэлцүүлгээ үр дүнтэй болгохын тулд эхний долоодугаар сарын 29-нд Төрийн ордонд зарласан хэлэлцүүлгээ хойшлуулж Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо хийх нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хэлэлцүүлгүүд болох юм байна. Тиймээс УИХ ээлжит бус чуулганаа түр завсарлуулж гишүүд орон нутагт ажиллан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга хийгээд наймдугаар сарын есөнд ирэх юм билээ. Бид Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг наймдугаар сарын есний өдөр Төрийн ордонд хийхээр товлолоо. Иргэдийн санал, санаачилгыг түлхүү тусгах үүднээс бид хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.
-Өмнөговь аймагт болох хэлэлцүүлэгт аймаг, сумын удирдлагуудад урилгуудаа хүргэж өгөв үү. Тэд хэрхэн яаж хүлээж авч байна вэ?
-Бэлтгэл ажлын хүрээнд бид Өмнөговь аймаг болон Гурвантэс суманд ажилласан. Орон нутгийн удирдлага, Засаг даргын түвшинд уулзалт хийж урилгаа өгсөн. Аймгийн удирдлагуудын зүгээс идэвхтэй оролцож, байр сууриа тодорхой илэрхийлнэ. Хуулийг мөрдүүлэхэд хяналт тавьж ажилладаг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын уул уурхай хариуцсан алба, аялал жуулчлалын албаныхан хийгээд сумын удирдлагууд оролцоно.
Хоёр шатны хэлэлцүүлгийн давуу тал нь эхлээд орон нутагт эрх ашиг нь хөндөгдөж буй Өмнөговь аймгийн иргэдийн оролцоог өргөн хүрээнд хамрах, харьяалагдах төрийн байгууллагуудын байр суурийг сонсож ямар гарц шийдэл санал болгохыг бүгдээрээ сонсоно. Тиймээс энэ сарын 29-ний өдрийн хэлэлцүүлэг үр дүнтэй, өгөөжтэй болно гэдэгт итгэж байгаа.
-Хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээх юм бэ?
-Өнөөдрийг хүртэл тэмцсэн ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн тэмцэл үр дүнд хүрнэ гэж итгэж байгаа. Дөрөв дэх засаглал болсон хэвлэлийнхэн маань оролцоогоо нэмэгдүүлж, бодит байдлаас мэдээллийг хүргэх нь нэн чухал. Хэвлэлийнхэнтэйгээ ТББ-ууд хамтарч чадвал жинхэнэ утгаараа дөрөв засаглал оршин тогтнох юм байна гэдэг нь Тост, Тосон бумбын жишээн дээр харагдаж байна. Өнөөдрийг хүртэл Тост, Тосон бумбын асуудал яригдаж байх хугацаанд тодорхой үр дүн гарч эхэлсэн. Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхай үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, техникүүдээ өөр газар руу татаад дуусаж байна. Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн бид алгуурлаж, тайвширч, өрөвдөж болохгүй. Тэд сайн санасандаа уурхайгаа зогсоочихож байгаа юм биш. Дахин ухах сонирхол нь байж л байгаа. Шуналтай хүмүүс аль болох үйл ажиллагаагаа явуулна. Тиймээс нутгийн иргэд тайвширч болохгүй. Тэд ямар нэгэн заль зохиож байгаа. Яг юу гэдгийг нь мэдэхгүй байна. Бид алгуурлаж, хууртаж, гэнэдэж болохгүй. Удахгүй болох хэлэлцүүлэгтээ анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн чухал асуудлуудыг танилцуулна. Нийгмийн бүхий л харилцааг зохицуулдаг нийгмийн гэрээ учраас анхаарах нь зөв. Түүнчлэн Тост, Тосон бумбын асуудалд давхар анхаарч энэ тал дээр ямар байр суурьтай байгаагаа иргэдэд танилцуулмаар байна. Тост, Тосон бумбын асуудал зөвхөн Гурвантэс сумын иргэдийн асуудал биш. Монгол Улс цаашид уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах юм, нутгийн иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах юм. Стратегийн ач холбогдол бүхий орд дээрээ ямар бодлого барьж, үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх вэ, олон улсын өмнө хүлээсэн гэрээнийхээ хүрээнд ямар байр суурьтай байх вэ гэдгээ хэлэх ёстой. Иргэд маань ч гэсэн өөрийн тань төлөөлж төрд сууж байгаа түшээдээсээ асуух цаг нь болсон.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүнээс “Сауд гоби коэл транс” ХХК”ийн талаар иргэд асууж, хууль зөрчөөд яваад байгаа нь зөв юм уу гэдгийг нэн тэргүүнд тодорхой болгох шаардлага бий. Наймдугаар сарын есний өдөр бид хэлэлцүүлэгт Н.Амарзаяа гишүүнийг оролцуулан энэ талаар асуух болно. Нутгийн иргэд Б.Чойжилсүрэн гишүүнээс ч гэсэн асуух хэрэгтэй. Говь нутгийн экосистемийг алдагдуулж, ус горхийг нь ширгээж хууль зөрчин уул уурхай явуулж байгаа нь зөв юм уу гэж асуух ёстой. Үүнийг таслан зогсоох хүсэл зориг танд байна уу гэдгийг нь нэг мөсөн асуучих л даа. Мөнгөнөөс илүү нийтийн эрх ашиг гэж байдгийг мартаж болохгүй. Л.Оюун-Эрдэнэ сайдаас “Засгийн газар энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ. Өмнөх Засгийн газрын сайд чинь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад байхад үүнийг засах зориг хүсэл танай Засгийн газарт байна уу” гэдгийг асуумаар байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрх барьж буй намын даргын хувьд иргэдтэй уулзах байх. Иргэд маань тэр үед сайн асуугаарай.
-УИХ-ын гишүүд хэлэлцүүлэгт орох юм уу. Хүсэлтээ өгсөн үү?
-Бид 75 УИХ-ын гишүүн, тухайлсан холбогдох яамдын сайд нарт нь хэлэлцүүлэгт оролцох албан бичиг илгээж байна. Боломжтой бол бүгдээрээ оролцоно гэж байгаа. Гэхдээ манайхны амлачихаад алга болдог муухай зан бий. Наймдугаар сарын есний өдрийг сонгох болсон шалтгаан нь ээлжит бус чуулганы завсарлага дуусаад нээлтдээ гишүүд бүгд ирнэ. Тиймээс гишүүдийн оролцоог аль болох илүүтэй хангах үүднээс өдрөө товлосон. Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, холбогдох агентлагийнханд тухайлан хандаж байгаа.
-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй та маргаан үүсгээд яваад байсан. Юу болсон бэ. Хувийн таарамжгүй харилцаа байна уу?
-Бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Гэхдээ энэ уурхайгаас ашиг хүртэж байгаа гол эзэн нь Б.Чойжилсүрэн. Тост, Тосон бумбын асуудлыг ярихаар эрх яах аргагүй хамааралтай тул түүн дээр оччихоод байгаа юм. Б.Чойжилсүрэн гэдэг хувь хүнд нь бус Засгийн газарт Сангийн сайд байхад Засгийн газраас гарсан тогтоол нь өөрөө хууль зөрччихсөн л дөө. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Авлигын эсрэг хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн. Тиймээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ашиг олох зорилготой гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгадаг газар нь АТГ.
2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бид АТГ-т хандаж өргөдөл гаргасан. Тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн гэдэг хүн өөртөө давуу байдлыг бий болгон Засгийн газрын гишүүний хувиар хуралдаанд оролцсон. 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-аар батлагдсан Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг зөрчсөн. Засгийн газар уг нь УИХ-ын гаргасан шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Авлигын эсрэг хуульд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, авлига гэж юу юм, ашиг хонжоо олно гэж юуг хэлээд байгаа юм, давуу байдлыг бий болгох гээд бүгдийг нь тусгайлан заагаад өгчихсөн байдаг.
2019 оны тавдугаар сарын 14-нд 66 тоот мэдэгдлээр “Хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн хариу ирүүлж байгаа юм. Тэгэхээр нь бид 2019 оны зургаадугаар сарын 27-нд Нийслэлийн Ерөнхий прокурорт хандан гомдол гаргасан. Гомдолдоо “Засгийн газрын гаргасан шийдвэрийг бид буруутгаагүй. Засгийн газар шийдвэр гаргах үүрэгтэй. Гэхдээ шийдвэр гаргахдаа Авлигатай тэмцэх хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна” гээд шалгаж өгөөч гэсэн. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Хууль цаазын Шадар зөвлөх Ц.Насанбат гэдэг хүн өнгөрөгч пүрэв гаригт хариу өгсөн. “Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг тогтоосон нь буруу биш байна” гэсэн байсан.
Хууль шүүхийнхэн албан тушаалтнуудад үйлчилдэг, авлигад холбогдсон, нэр хүнд нь унасан тул шүүхийн байгууллагыг шинэчилж хууль дагадаг, ёс зүйтэй хүмүүсээр бүрдүүлье гэдгийг бид дэмжиж ирсэн. Ерөнхий прокурор маань томилогдохоосоо өмнө нийтийн хэлэлцүүлэгт ороод “Шударга ажиллана. Хууль биелүүлдэггүй, асуудалд холбогдсон хүмүүсээ зоригтойгоор шинэчилнэ” гэж мэдэгдсэн. Шүүхийнхэн хэн нэгнээс хараат бусаар ажиллах ёстой. Олон нийтийн эрх ашгийг хамгаалж, хууль хэрэгжүүлэх, хууль зөрчсөн этгээдүүддээ хариуцлага тооцох үүрэгтэй. Тэд мэдэхгүйдээ ингэж яриад байгаа юм биш. Албан тушаалтнуудаас сүрддэг, айдаг юм уу бүү мэд хуулийг хэрэгжүүлдэггүй. Ийм тохиолдолд биш хэнд, хаашаа хандах ёстой юм бэ. Албан тушаалтнууд Авлигын эсрэг хуулийн тодорхой заалтыг зөрчсөн асуудлыг мэдээж Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх хүлээж авч хэлэлцэхгүй. Захиргааны хэргийн шүүх дээр тэр акт нь буруу байна уу, зөв байна уу гэдгийг хэлэлцэхээс биш агуулгыг ярихгүй. Үүнийг шалгаж тогтоодог газар нь АТГ.
-Албан тушаалтнуудыг наймдугаар сарын есний өдөр урих юм байна. Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт ямар асуудлыг ярих юм бол. Орон нутагт иргэд мэдээж өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа ярих байх...
-Хамтран зохион байгуулж буй ТББ-уудаас “Засгийн газар өмнө нь говьд хуралдаж байсан туршлага бий. Тиймээс Тост, Тосон бумбын нуруунд Засгийн газрын хуралдааныг хийж болдоггүй юм уу. Та бүхний захиас даалгаврыг биелүүлж ажиллана гээд мандат аваад явж байгаа сайд нар, УИХ-ын гишүүд яагаад асуудал босож байгаа газар нь хуралдаж болдоггүй юм бэ” гэж иргэд хэлээд байгаа юм. Уг санаа нь зөв. Гэхдээ бодит байдал дээр тэр олон сайд, УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд цуглуулах гэж асуудал болж байгаа юм чинь тэд тэнд очиж хуралдана гэдэг боломжгүй. Энэ саналыг үндэслээд бид орон нутгийн иргэдийн оролцоог хангах ёстой юм байна гээд эхний шатны хэлэлцүүлгийг орон нутагт нь хийхээр болсон. Наймдугаар сарын есний өдрийн хэлэлцүүлгийг дээр дурдсан. Гэхдээ дахин хэлье. Наймдугаар сарын есөнд ээлжит бус чуулганы завсарлага дуусаж нээлтээ хийнэ. Тиймээс шийдвэр гаргагчдыг хамруулах үүднээс энэ өдрийн тухайлан сонгоод байгаа юм аа.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913