Налмайтал хотын дээгүүр үүлс бүрхээд ирэв. Удахгүй бороо орох нь дээ гэх бодол хөвөрч, бороон доор шалба норох тухай шал дэмий бодол нөмрөв. Өдрийн халуунаас дайжин зугтсан хүүхэд, залуусын цолгиун дуу хадав. Хүүхдүүдийн дуу цуурай хадаан айлын цонх бүрийг тогшин инээд бэлэглэх шиг болов. Цонхон дээрээ удтал зогсон тамхи баагиулах хижээл насны эр суниах гэснээ болиод таг зогсов. Дэлгүүрээс талх авсан хүү уутны буланг нь гараараа имэрч захыг нь хэмлэн зогсох харагдав. Өнөө налмайсан үүлс бүр бараан болж сэтгэл харанхуйлав. Сэтгэлийн донсолгоо гэдэг ийм буюу.
“Гол яваад ирлээ” гэсэн бүсгүйн дуу эрчүүдийн харцанд ээрэгдэв. “Ийм л тунгалаг үдшээр ганцаар явсан юм уу” гэж асуух бодол төрөв. Амаа хамхив. “Их хурд” уралдааны тухай мэдээлэл сошл даяар өрнөж, машинтай уяач, байртай болсон хүүгийн тухай магтаал хөврөв. Цэлийтэл нээсэн цонхоор сэрүүн сэвшээ илбэв. Ойрд ийм таатай суусан билүү гэх хөөргөн бодолдоо өөрөө хөөрөв. Хөөрөв гэснээс найз минь шинэ хөөрөг авснаа гайхуулан ярьсан нь санаанд буув. “Угаасаа би хөөрөг сонирхох биш” гэж хэгжүүн бодлоо үдэштэй хамт үлдээв. Хоёр хараацай цонх тойрон нисэлдэв. Хоёр хүү минь байсан бол барьж авна гэж дэггүйтнэ дээ гээд өөртөө хэлээд инээмсэглэв. Гол яваад ирсэн бүсгүй голыг нь минь зурах шиг үсээ шидэлсээр булан тойрон одов. Сэтгэлийн цонхоо цэлийтэл нээюү.
Үдэш бүхэн өөр өөрийн зурагтай. Зураг бүхэн нь өөр өөрийн өнгөтэй. Өнгийг нь тэнцүүлж чадваас сэтгэлийн хөг эгшиглэнэ. Ай, хонгор намрыг угтах нэгэн үдэш айлсюу.
Сэтгэгдэл ( 0 )