Үндсэн хууль гэдэг бол жаазанд хийгээд мартаж орхидог бэлгэ тэмдгийн чанартай эд биш. Улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч суурь хууль. Тэр ч утгаараа “Эцэг хууль”-ийг хэрэгжүүлэхэд энэ улс орон эд эс бүхнээ зориулан, ухамсартайгаар дагаж, мөрдөх учиртай. Эрх баригчид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тойрон суугаад, хэлэлцэж буй энэ үед “Эцэг хууль”-д хандах хандлагын асуудал дагаж яригдах хэрэгтэй нь бас анзаарагдаж буй. Засаглал, эрх мэдлийн асуудал ярих болохоор “амь” оруулдаг биш. Улс орны суурь асуудлуудыг шийдвэрлэх тулгуур талаас нь, заавал мөрдөж ягштал хэрэгжүүлэх ёстой хууль гэдэг утгаар нь нийгмээрээ харж дадах хэрэгтэй болов уу. Тиймээс ч манай сонин тусгаар улсын оршин байхын гол үндэс, тулгын чулуу болсон “Эцэг хууль”-д олон асуудал бийгээс Эдийн засгийн агуулгыг нь хөндөж байснаа үргэлжлүүлэн хүргэж байна.
Төсөв батлах, татвар тогтоох, мөнгөний бодлого тодорхойлох зэрэг санхүүгийн олон үйл явцыг гардаж буй улс төрчдийн шийдвэр гаргах тоглоомын дүрмийг Үндсэн хуулийн түвшинд тогтоох ёстой гэсэн үзэл баримтлал Үндсэн хуулийн эдийн засгийн онолд бий. Ер нь Үндсэн хуулийн онолоор төрийн эрх мэдлийг хязгаарлах боломжууд байгаа гэж судлаачид хэлдэг. Өдгөө хэлэлцэгдэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан эдийн засгийн агуулгатай заалтуудын нэг дээр тулгуурлан энэ удаагийн мэдээллээ хүргэе.
“Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх гэсэн чиглэлд: Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт байгаа юм.
Энэ заалт Үндсэн хуульд албан ёсоор тусгагдсанаар жил бүр алдагдалтай төсөв баталдаг УИХ-ын бүрэн эрхийг хазаарлах зохицуулалт болж харагдаж буй. Гэхдээ төсвийн тоог чуулган руу оруулах засгийн хараат бус байдлын асуудал бас энд яригдаж буйг тодотгоё.
Гаднын улс орнуудын жишгийг харахад Үндсэн хуулиараа парламентдаа төсвийг хянах, батлах үүргийг өгдөг ч төсвийн зардлыг сайн дураараа нэмэх, төсвийн алдагдлыг өсгөхийг нь бүрэн хаасан байдаг. Тэгвэл манайд эсрэгээрээ. Парламент алдагдалтай төсөв баталдаг. 2018 он хүртэлх сүүлийн арван жилийн хугацаанд төсвөө жил бүр 1-3 удаа тогтмол тодотгож ирснээс бид өөрсдийнхөө байр байдлыг ойлгож болно.
Өнгөрсөн жил төсвөө тодотгоогүй өнжсөн ч энэ жилийн төсвөө хоёр их наяд шүргэсэн хэмжээний алдагдалтай л баталчихсан шүү дээ. Энэ бол манайд нутагшсан буруу жишиг. Тэгвэл Үндсэн хуульд төрийн эдийн засгийн эрх мэдлийг хянах, зохицуулалт үнэхээр байхгүй юу гэдэг асуудлыг нягтлахын тулд 1992 онд батлагдсан Үндсэн хууль ямар байдлаар хэрэгжсэн бэ. Эдийн засаг, тэр дундаа улс орны төсөв, санхүүгийн орчинд зохицуулалт хийж чадсан уу гэдгийг лавшруулж харах хэрэгтэй юм. 1992 оны Үндсэн хуулийн 2016 он хүртэлх хэрэгжилтийн судалгаанд тулгуурлан авч үзье.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд УИХ-аас гарсан улсын төсөв, санхүүтэй холбоотой шийдвэрүүдийг судалж үзэхэд УИХ-д аль нам олонх байгаагаас үл хамаарч УИХ институцийнхээ хувьд улсын төсвийн алдагдал, өрийн хэмжээг нэмэгдүүлсээр өдийг хүрчээ. УИХ ийм байдлаар ажиллаж байгаа нь Үндсэн хуульд хэрхэн нийцэж байна вэ. Эсвэл Үндсэн хууль өөрөө зөрчил үүсгэж байна уу гэдэг асуултыг дагуулж байдаг. Үндсэн хуульд эрх мэдэл хуваарилсан зарчмаар бол УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газар хуулийг биелүүлж, улс орны эдийн засаг, аж ахуй, нийгэм соёлыг удирдах үндсэн үүрэгтэй. Гэтэл Үндсэн хууль дахь эдийн засаг, төсөв, санхүүтэй холбоотой УИХ, Засгийн газрын эрх үүргийг хэт ерөнхий тусгасан нь эрх мэдлийн зааг ялгааг бүдгэрүүлж, улмаар энэ хоёр институцийн тэнцвэр алдагдахад хүргэсэн гэсэн судлаачдын дүгнэлт бий.
УИХ төсөв батлах эрхтэй гэж Үндсэн хуулийн 25.1.7 дугаар зүйлд зааж өгсөн атлаа төсөв батлах үйл явц, эцсийн шийдвэрт ямар нэгэн хязгаарлалт тавьж өгөөгүй нь үе үеийн хууль батлагчдад хуудуутай шийдвэр гаргах, Засгийн газрынхаа үндсэн үүргийг хуваалцах нөхцөлийг бүрдүүлжээ гэж үзэхэд хүргэж байна.
Үндсэн хуульд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон 38.2 дугаар зүйлд Засгийн газар “аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг” удирдана гэж заасан мөртлөө 38.2.2 дугаар зүйлд “... төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж заасан нь Засгийн газар төсөв, санхүүгийн бодлогыг зөвхөн боловсруулах үүрэгтэй хэмээн ойлгоход хүргэдэг.
Мөн УИХ-ын төсвийн хэлэлцүүлгийн шатанд мэргэжлийн мэтгэлцээнээс илүүтэй гишүүд өөрсдийн тойрогтоо төсвийн хуваарилалт хийлгэхийн төлөөх өрсөлдөөн давамгайлдаг. Түүнчлэн нөлөө бүхий улстөрч, УИХ-ын гишүүдийн тойрогт эдийн засгийн үр ашиг, тооцоолол муутай, Засгийн газраас санаачлаагүй ихээхэн хөрөнгө оруулалт хуваарилагддаг. Ямартаа л гишүүдийн тэрбум гэх шошготой, үр ашиг нь тодорхойгүй зардлууд ар араасаа урсаж байхав. Товчхондоо бол зориулалт тодорхойгүй дүнгээр төсвийн зардлыг хуваарилах эдийн засгийн бус судалгаагүй поп өнцгөөр хорь гаруй жил шийдвэр гаргаж ирсний балаг нь улсын төсвийн мэдээллээс бүрэн харагддаг. Энэ нь өнгөрсөн жилүүдэд Монгол Улсыг төсөв санхүүгийн цикл бүхий хямралд байнга оруулж ирсэн шалтгаан. Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал гэдгийг тодотгоход илүүц болохгүй биз ээ.
Тэгвэл өдгөө хэлэлцэгдэж буй төсөл дэх заалт задарсан төсөв батлагчдын үйлдлийг хумих уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )