Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Тэгвэл баасан гарагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал сэдвийн хүрээнд өрнөв. Зөвшилцөх хэлэлцүүлэгт 38 судлаач, 24 төрийн бус байгууллага, 12 улс төрийн намын төлөөлөл 150 орчим төлөөлөгч оролцсон юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж нэмэлт оруулсан. Харин Төрийн тэргүүн хуулийн төслийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална” гэж өөрчлөлт оруулжээ. Нэг үгээр хэлбэл УИХ-ын төсөлд “Төрийн”, Ерөнхийлөгчийн төсөлд “Нийтийн” гэсэн хоёр үг л байгаа юм. Төрийн өмчид ямар ойлголт хамаарах вэ, Нийтийн өмчид ямар ойлголт байх нь зөв бэ гэдгийг бүтэн өдрийн турш хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголчууд бид өнгөрсөн 27 жилийн алдаа оноо, амжилт ололтоо ирээдүйд баримтлах бодлого, зарчмын хамт дөрвөн өдрийн турш хэлэлцлээ. Өнөөдөр төлөвлөсөн асуудлынхаа сүүлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Гэхдээ хэлэлцүүлэг үүгээр зогсохгүй, нийгмийн бүх түвшин, нийт ард түмний хүрээнд дахин нягтлагдаж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийг хийх шийдэлд хүрэх ёстой юм.
Бий болоод байгаа энэ итгэл, тэмүүлэл, нөхцөл боломжийг үндэсний эрх ашгаа дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол”-ын хүрээнд бодит үйл хэрэг болгож чадах эсэх нь “одоо зөвхөн” төрийн эрхийг барьж байгаа Монгол Ардын нам, түүнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ухамсар, эв эеийг эрхэмлэх сэтгэл мэднэ гэдгийг онцлон тэмдэглэе. УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэлэлцүүлгийн энэ удаагийн сэдэвт хамаарах чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал “төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна. Миний зүгээс “байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялгаас олох орлогыг баялгийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, төв банкны хараат бус ажиллах нөхцөл баталгааг бэхжүүлэх” зэрэг ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “хариуцлагагүй 76 гишүүний тоог нэмэгдүүлэн 108 болгож, төрийн зардлыг ихэсгэх шаардлагагүй гэсэн” санал, шүүмжлэл гарч байгаад анхаарч, бодлого шийдлээ нэг мөр зөв тодорхойлон, ард иргэдээрээ хэлэлцүүлэх шаардлага байгаа” гэдгийг онцолсон юм.
“БАЙГАЛИЙН БАЯЛАГ НЬ ЗӨВХӨН ЭНЭ ЦАГ ҮЕД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН ӨМЧ БИШ”
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлж, ашиглалтын тодорхой, тогтвортой нөхцөл бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан гэдгийг онцгойлон анхааруулав. Тухайн жилийнхээ улсын төсөвт ногдол ашгаа оруулж болохгүй, үүнээс бусад буюу аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой гардаг 30 орчим татвар хэрэгждэг байх аж. Ийнхүү баялгаас үүсч буй баялгаа өөр журмаар зарцуулах сан байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэлээ. Мөн байгалийн баялаг гэдэг нь энэ цаг үед амьдарч буй монголчуудын өмч биш. Хүний бүтээгээгүй энэ баялаг нь төрийн өмч биш атал үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган үзэж, хувьчилж ирсэн алдааг залруулах зорилготой” гэж байлаа.
Газрыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөний дагуу ашиглах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаа дугаар зүйлд 6.6 буюу “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” хэмээн шинэ заалт нэмэхээр төсөлд тусгасан байгаа аж. Харин төв банк /Монголбанк/-ны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх зорилгоор дараах өөрчлөлтийг төсөлд тусгасан байна. 19 дүгээр зүйлийн 2.1-т “Монгол Улс Төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ”, 19 дүгээр зүйлийн 2.2-т “Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана” гэж оруулж иржээ. Түүнчлэн 19 дүгээр зүйлийн 2.3-т “Монголбанкны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн саналдаа оруулж ирсэн байна. Төв банк /Монголбанк/-ны тухай хууль дахь эдгээр заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгуулах саналаа Монголбанкнаас ирүүлсэн бөгөөд үүнд үндэслэн энэ заалтыг нэмэхээр төсөлд тусгасан гэдгийг З.Энхболд дарга онцолсон юм. Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хамгаалалтыг бэхжүүлж, бататгах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.1.6-ийн “ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн дээр “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэж нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ардчилсан намын саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-т оруулж буй нэмэлт, өөрчлөлтөд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл зарчмын хувьд санал нэг байгаа ч найруулгын хувьд өөр саналтай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглах журмаа хуулиар тогтооно гэдэг зарчмаа Монгол Улсын Үндсэн хуульд тусгаагүй явж ирсэн нь гол алдаа байсан гэж сөрөг хүчин үзжээ. Энэ зарчмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тусгасан хэдий ч холбогдох хууль нь батлагдаагүй явж ирсэн учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэлбэрээр олгогдсоор ирсэн гэж байв. Иймд “6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах журмыг хуулиар тогтооно. Баялгийг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, Монголын ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, иргэн бүрд шударга хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллана. Баялгийн санг байгуулах, ашиглах зарчмыг хуулиар тогтооно” хэмээн томъёолох нь оновчтой” гэдэг саналыг танилцуулав. Ардчилсан намын үзэж буйгаар Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн санал дахь “нийтийн” гэдэг томъёоллыг дэмжиж байгааг уг саналаас харж болно.
Д.СУМЪЯАБАЗАР: БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛЫГ ОРГАНИК ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ НЬ ОНОВЧТОЙ
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцон танилцуулга хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг хөндөн хэлэлцэхдээ улс орны эдийн засгийн тулгуур салбарын хөгжилтэй уялдуулан тал бүрээс нь судалсан. Салбарын яаман дээр тусгайлан ажлын хэсэг байгуулж, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн явцад уул уурхайн салбар дахь алдаа, дутагдал бүрийг Үндсэн хуульд нааж, нэмэлт өөрчлөлтийн түвшинд зохицуулах гэж оролдсоноор байгалийн баялагтай холбоотойгоор Үндсэн хуулийн хямрал руу түлхэх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий. 70 гаруй орны Үндсэн хууль дахь байгалийн баялгийн талаар зохицуулалтыг харьцуулан судлаад Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2 дугаар заалт нь хамгийн оновчтой бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг хүндрэл гараагүй гэж үзсэн. Тиймээс нийтийн болгон хөндөх шаардлагагүй. Байгалийн баялгийн засаглалын асуудлыг органик хуулиар зохицуулах нь оновчтой. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 59.2 дахь заалтаар орон нутагт татварын хувь хэмжээ тогтоох эрхийг шилжүүлснээр уул, уурхайн салбарын үйл ажиллагаа гацаанд орох, хямрах эрсдэл нэмэгдэнэ” гэдгийг хэллээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 56 оролцогч асуулт асуухаар нэрсээ ирүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өглөө.
УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир “Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Энэ бол үнэхээр том нийгмийн хариуцлага. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэж болгоомжлох ёстой. Бид 1990 онд зах зээлийн нийгэмд орчихоод эдийн засгийг төлөвлөөгүй. Бидний хамгийн том алдаа бол хүрэх зорилтоо тодорхойлоогүй. Хоног өнгөрөөх хэлбэрээр аргацааж явсан” гэхэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Нийгэм эдийн засгийн урт болон дунд хугацааны хөгжлийг тогтооно гэж угсруулахаар болж өгөхгүй. УИХ-ын гишүүд саналын зөрүүтэй байр суурьтай байсан юм” гэсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Балдан-Очирын дүгнэлттэй санал нэг байгаа. Зах зээл бүхнийг зохицуулна гэж хэлээд төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжсэн улсад шахалт үзүүлээд байдаг байсан. Одоо больж байх шиг байна. Улс орны онцлогт таарсан зүйл явуулахгүй бол болдоггүй юм байна. Гүйцэтгэх засаглалын сэдэвт энэ асуудлыг дурдсан. Засгийн газар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд нийцсэн тогтвортой хөгжлийн бодлого явуулна гэж заасан байгаа. Байгууллага байгуулах ёстой. Төсвөө нэмсэн байх ёстой гэсэн хялбар зүйлийг хийж өгсөн” гэлээ. Харин УИХ-ын гишүүн асан Л.Цог “Сүүлийн үед Монголбанк хараат бус байна гэсэн асуудал өргөн яригдаж байна. Хэнээс хараат бусын томъёолол гэж хараад байна вэ. Үнэн хэрэг дээрээ дэлхийн мөнгөний эздийн сүлжээнд орчихоод, манайх хамааралгүй мэт болоод байна. Мөнгөний тогтвортой байдлыг хангадаг заалт оруулж болохгүй юу” гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд Монголбанкнаас ирүүлсэн саналыг тусгасан. Ерөнхийлөгч үүнийг уламжилсан” гэдэг хариулт өгсөн юм. Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Хуулийн төслийн өөрчлөлтийг хийхдээ үг, үсгийн араас хөөцөлдөх нь сайн зүйл биш. Нийтийн өмчийн менежментийг явуулахын тулд төр удирдан зохион байгуулж, менежментийг нь авч яваа. Тэгэхээр газрыг төрийн өмчид хамааруулах нь зөв гэж үзэж байна. Хэрэв нийтийн өмч болгочихвол хэн менежментийг нь явуулах вэ, эзэнгүй болно. Миний газар, төр хамаагүй гээд л дураараа авирлана гэсэн үг. Тийм учраас “Төр төмбөгөр, ёс ёмбогор” байсан нь дээр. Харин төрд хариуцлагатай хүмүүс нь орж ажилламаар байна” гэдэг санал хэллээ.
Судлаач Ч.Сайнсанаа Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хөндөлгүй, төрийн өмч гэснээр үлдээх саналтай байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналын дагуу нийтийн өмч мөн хэмээн өөрчилбөл дараагийн удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зүйл, заалт дахин хөндөгдөх ингэснээр Үндсэн хуулийн халдлагад өртөх юм. Ер нь Үндсэн хуулийн зүйл, заалтад бүхнийг нарийвчлан тусгаад байвал халдлагад өртөх магадлал өндөр болдог” гэж байв. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь дундын өмч гэж өөрчлөх хэрэгтэй. Нийтийн өмч гэдэг шашны, олон нийтийн байгууллага, цаашлаад намын өмч гэдэг утгыг илэрхийлэх учир байгалийн баялгаа 3.3 сая хүн бүрт хувьцаа хэлбэрээр юм уу эзэмшүүлэх эрхийг хангаж, энэ асуудалд иргэдийн саналыг сонсдог байх шаардлагатай. Иймд дундын өмч гэж томьёолох нь зүйтэй” гэсэн юм. Дэлхийн монголчуудын намын төлөөлөл Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 25.1.6. ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно гэснийг дэмжиж байгаагаа илэрхийлж, нүдээ олсон нэмэлт болсон гэж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд зөвшилцөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт таван өдрийн хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг УИХ-ын 72, 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэгт нэг бүрчлэн хүргүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдах хүртэл ийм хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн хийнэ гэдгийг тодотгож байсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
ЭНЭ ЛУНДААЖАНЦАН ГЭДЭГ ХУЛГАЙЧИД итгэж болохгүй..
Төрд өмч байх ёсгүй, байх ч учиргүй. Улсын өмч гэж бий. Улсын өмчийг аривлаж хямгадаж байх ажлыг харин төр хариуцах ёстой. Төрийн өмч гэж буруу нэрлэж байгаа нь улсынхаа санг цөлмөх л арга шүү дээ. Үгэн дээр тоглодгоо больчих зүрхтэй хүн нэг ч алгаа.