Арилжааны банкууд өөрийн боловсруулан гаргасан макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн төсөөллөө Төв банкинд улирал тутам ирүүлж байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар арилжааны банкуудаас гаргасан макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн ирэх гурван улирлын төсөөллийг хүргэе.
Инфляцын хүлээлт
Банкууд инфляцын түвшнийг гуравдугаар улиралд 7.8 хувь, 2020 оны нэгдүгээр улиралд 7.6 хувь байхаар хүлээж буй нь зорилтот түвшинд байна. Инфляцын түвшнийг ирэх улиралд хамгийн ихдээ 10.2 хувь, хамгийн багадаа долоон хувьд хүрнэ гэж хүлээж байна
Инфляцын хүлээлтийн хариултыг давтамжаар нь авч үзвэл энэ гуравдугаар улиралд 7.1-8.5 хувь байна гэж банкуудын дийлэнх нь үзжээ.
Эдийн засгийн өсөлт
Банкууд бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг дараа улиралд дунджаар 6.7 хувьд хүрнэ гэж таамаглаж буй нь өмнөх улирлын хүлээлтээс өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлтийг хамгийн ихдээ 8.2 хувь, хамгийн багадаа 5.4 хувьтай байна гэсэн хүлээлттэй байгаа аж. Банкуудын таамаглаж буй бодит ДНБ-ий өсөлтийн давтамжийг авч үзвэл ирэх улиралд 6.5-7.4 хувь байна гэсэн таамаглал давамгайлсан.
Валютын ханш
Банкууд гуравдугаар улиралд төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг дунджаар 2,688 төгрөг, хамгийн ихдээ 2,752 төгрөг, хамгийн багадаа 2,645 төгрөгт хүрнэ гэж хүлээж байгаа бол 2020 оны нэгдүгээр улиралд дунджаар 2,711 төгрөгийн орчимд байхаар хүлээж байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн давтамжийг авч үзвэл ханш дараа улиралд 2,646-2,670 төгрөг байна гэж дийлэнх банкууд таамаглажээ.
Бодлогын хүү
Банкууд Төв банкны бодлогын хүүг гуравдугаар улиралд дунджаар 11.4 хувь буюу ойролцоогоор 11 хувь, 2020 оны нэгдүгээр улиралд мөн 11 хувийн орчимд байхаар хүлээж байна.
Бодлогын хүүгийн хүлээлтийн харьцангуй давтамжийг харахад дараа улиралд бодлогын хүү 11 хувь буюу өнөөгийн түвшинд байна гэсэн хүлээлт хамгийн өндөр давтамжтай (7 банк) гарлаа.
Зээлийн үлдэгдлийн өсөлт
Банкууд ирэх улиралд нийт зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт дунджаар 16.5 хувьтай байх буюу зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд одоогийн 23.5 хувиас буурна гэж таамаглаж байна. Өмнөх улиралд банкууд гуравдугаар улиралд тус өсөлтийг 18.2 хувьтай байхаар хүлээж байсантай харьцуулахад банкуудын хүлээлт буурсан нь энэ удаагийн судалгаагаар харагдлаа.
Зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийг банкууд гуравдугаар улиралд хамгийн ихдээ 27.1 хувьд хүрнэ, хамгийн багадаа 0.1 хувьтай байна гэж таамаглажээ.
Нийт зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хүлээлтийг давтамжаар нь авч үзвэл 10.2-20.1 хувьтай гарна гэсэн хүлээлт хамгийн их давтамжтай байна.
Мөнгөний нийлүүлэлт
Банкууд гуравдугаар улиралд М2 мөнгөний өсөлт дунджаар 19.8 хувьтай байх буюу мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн хурд бага зэрэг буурна гэсэн хүлээлттэй байна.
Ирэх улиралд мөнгөний нийлүүлэлт 21 хувиас их өсөлттэй байна гэсэн хүлээлт хамгийн өндөр давтамжтай гарлаа. Мөн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хамгийн ихдээ 30.2 хувь, хамгийн багадаа 0.9 хувьтай байна гэж таамаглажээ.
Хадгаламжийн хүү
Хадгаламжийн жигнэсэн дундаж хүүг (үлдэгдэл) банкууд ирэх улиралд өнөөгийн түвшнээс бага зэрэг өсөж дунджаар 12.4 хувийн орчимд байна гэж хүлээж байна. Банкууд хадгаламжийн жигнэсэн дундаж хүү гуравдугаар улиралд хамгийн ихдээ 14 хувь, хамгийнбагадаа 11.5 хувьтай байна гэсэн хүлээлттэй байна.
Банкуудын дийлэнх нь дараа удиралд хадгаламжийн хүү 11.6-12.5 хувь байна гэж үзжээ.
Зээлийн хүү
Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг банкууд гуравдугаар улиралд өнөөгийн түвшнээс бага зэрэг өсөж дунджаар 17.3 хувийн орчимд байна гэж таамагласан нь өнгөрсөн улирлын судалгааны үр дүнтэй ижил юм. Банкууд тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг дараа улиралд хамгийн ихдээ 18.5 хувь, хамгийн багадаа 16.5 хувьтай байна гэсэн хүлээлттэй байна.
Банкуудын дийлэнх нь гуравдугаар улиралд зээлийн хүү 16.6-17.5 хувь байна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )