Инфляц буюу үнийн өсөлт зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.6 хувь байгаа. Улсын хэмжээнд инфляц өмнөх сараас өсөхөд хувцас болон амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ. Улсын инфляц 2017 оны тавдугаар сараас хойш Улаанбаатар хотын инфляцаас бага байна. Хүнс, хувцас, орон сууц, ус, цахилгаан, хатуу түлшний бүлгийн үнийн өсөлт орон нутагт Улаанбаатартай харьцуулахад бага байгаа нь энэхүү зөрүүг үүсгэжээ.
Улаанбаатар хотын жилийн инфляц өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдлээ. Үүнд голлох нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүнүүд нь мах, импортын бараа байна. Түүнчлэн зургаадугаар сард дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний үнэ огцом өссөн бол, хатуу түлш, шатахууны үнийн нөлөө өндөр хэвээр байгаа юм.
Манай улсын аялал жуулчлалын идэвхтэй улирал зургаадугаар сараас эхэлдэг. Үүнийг даган дотоодын аялал жуулчлалын үнэ өсөх хандлагатай байдаг. Тэгвэл зургаадугаар сард дотоодын аялал жуулчлалын үнэ өмнөх сараас 56.8 хувиар огцом өсөж инфляцад үзүүлэх нөлөө нь 0.4 нэгжээр нэмэгджээ.
Тавдугаар сард нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж махны үнэ өссөн бол зургаадугаар сард үнэ буурахгүй байснаар инфляцад үзүүлэх нөлөө нь 0.6 нэгж хувиар нэмэгджээ. Махны нийлүүлэлт зургаадугаар сараас нэмэгдэж, үнэ нь буурдаг хандлагатай хэдий ч өнгөрсөн зургаадугаар сард болон өмнөх жилийн мөн үед ийнхүү нийлүүлэлтийн шалтгаантайгаар үнэ улирлын буурдаг чиглэлээсээ эсрэг хөдлөөд байна.
Импортын бараа, тэр дундаа хувцасны бүлгийн үнэ өсөж инфляцын 2.1 нэгж хувийг бүрдүүлж байна. Харин хатуу түлшний үнэ оны эхний найман сард буурдаг хандлагатай боловч 5, 6 дугаар саруудад хэвэндээ байснаар инфляцад үзүүлэх нөлөө нь 0.9 нэгж хувь байна.
Шатахууны хилийн үнэ газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийн савлагааг даган өөрчлөгдөж байгаагаас дотоодын шатахууны үнэ 4, 5 дугаар саруудад өссөн. Харин тавдугаар сарын дундаас газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурч эхэлснээр зургаадугаар сард дотоодын шатахууны үнэ 30-40 төгрөгөөр буурлаа.
Сэтгэгдэл ( 0 )