НАЙМДУГААР САР: Монгол Улс эхний том сорилтоо давах эсэх нь шийдэгдэнэ

2019 оны 08 сарын 02

Энэ наймдугаар сард Монгол Улсыг тун чухал үйл явдал хүлээж байна. Бид Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтад хашигдахгүй, эдийн засгийн эрх чөлөөтэй үлдэх эсэхийг шийдвэрлэх эхний шатны шалгалтаа энэ сард давна. Давчихвал дараагийн шатны шалгалт есдүгээр сард болж, аравдугаар сард албан ёсоор дүнгээ тавиулах юм. Манай улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хэрхэн, яаж тэмцэж буйгаа баталгаажуулсан  тайлангаа 2019 оны нэгдүгээр сард Ази номхон далайн бүсийн байгууллагад хүргүүлсэн. Хэрэв тайлангийн агуулгын талаар ямар нэгэн асуудал гарахгүй бол найм болон есдүгээр саруудад дараалан хэлэлцэнэ гэж албаны хүн хэлж байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай тайланд ямар нэг асуудал гараагүй бөгөөд тайлантай холбоотойгоор шинжээчдийн үйл ажиллагааг давхар хянадаг үнэлээчдийн шаардсан тайлбар мэдээллийг хүргүүлээд явж буй аж. Тэгэхээр энэ сард яадаг ч байсан Ази номхон далайн бүсийн байгууллагын Засаглалын хороо болон Жилийн хурлаар хэлэлцэж, батлах болов уу гэсэн хүлээлт байна. Энэ хурлаар батлагдчихвал манай улс саарал жагсаалтаас ганц алхам хойшоо алхсан үйл явдал болно гэдгийг Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлж байсан.  Энэ  сард батлагдсан тайланг ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны үнэлгээний бүлэг болон АНДББ-ын Хамтарсан уулзалтаар  ирэх  есдүгээр сард хэлэлцүүлэх дараалалтай юм. Есдүгээр сарын уулзалтад  манай улсаас төлөөллүүд оролцож, Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр хийгдсэн ажлуудыг  тайлагнана. Эцсийн шийдвэрийг хурлын төлөөлөгчид боловсруулж ФАТФ-т хүргүүлэх учиртай.  Хурлаас гарсан шийдвэрт үндэслэн ФАТФ-аас Монгол Улсын Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцооны талаарх мэдэгдлийг аравдугаар сарын 19-ний өдрийн ФАТФ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж баталгаажуулахаар хүлээгдэж байгаа юм.

Сануулахад, манай улс 2013 онд ФАТФ-ын саарал жагсаалтад ороод, 2014 онд гарч байсан.  Тухайн үед  манай тухайд хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийхэд голлон анхаарч, арга хэмжээ авч ажилласан гэхэд болно.  Мөн  ФАТФ-ын стандарт өөр байсныг хэлэх хэрэгтэй.

Одоогийн хэллэгээр зөвхөн техникийн хэрэгжилтийн л шаардлагуудыг хангасан байвал  тухайн үед хангалттай байсан.  Харин одоо бидний дагах ёстой стандарт бол хууль эрх зүйн орчин хийгээд хэрэгжүүлэгч талуудаас гадна тухайн тогтолцоо ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг нягтлах  үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлт тавигдаж байгаа юм.

Манай улсын хувьд ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 20 зөвлөмжийн хэрэгжилтэд хангалтгүй, Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээс 11 үзүүлэлтэд хангалтгүй үнэлгээг авсан байр байдалтай байна. Тэгэхээр бид тэдний тавьж буй шалгуур үзүүлэлтүүдийн хэд хэчнээнийг нь биелүүлэх боломжтой вэ гэсэн асуулт анхаарал татаж буй. Тэгвэл энэ сард тайлангаа хамгаалсны дараа энэ асуултын хариу  илүү тодорхой болох нь.

Төв банкны ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа хэлэхдээ “Манай улс 2016 онд хийсэн Харилцан үнэлгээнээс хойш нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчилсэн, эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд журам, заавар, аргачлал, гарын авлага гаргасан, сургалт, семинар, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан, хяналт шалгалтууд хийсэн, дотоодын болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааг өргөжүүлсэн, 15 сарын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Үндэсний хөтөлбөрийг Засгийн Газраас баталж хэрэгжүүлсэн гэх мэт маш олон ажлууд хийгдсэн байгаа.  Өнөөдрийн байдлаар өргөтгөсөн эрчимтэй хяналтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй тайланг Ази, номхон далайн бүсийн байгууллагад хүргүүлж, хангалтгүй үнэлгээ авсан 20 зөвлөмжөөс 14 зөвлөмжийн үнэлгээг сайжруулах боломжтой гэсэн урьдчилсан хариуг бид аваад байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт төдийгүй энэхүү үнэлгээний үр дүнг сайжруулах талаар боломжит бүхий л арга хэмжээг авч ажилласан байгууллагуудын хүчин чармайлт юм.   Түүнчлэн энд нэг зүйлийг дурдахгүй байж болохгүй. Үнэлгээний баг 2016 онд манай улсад ажиллах явцад Монгол Улс саарал жагсаалт биш, хар жагсаалтад орохоор бага үнэлгээ авах эрсдэл байгааг анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалтаас ч муу үр дүн гарах боломжтой нөхцөл байдал байсан хэдий ч тухайн үед Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын зүгээс өөрсдөөс хамаарах боломжит бүхий л арга хэмжээг авч ажилласан. Тухайн үед ажлын хэсгийг ахалж ажилласан хүмүүсийн хүчин чармайлт энэ эрсдэлээс Монгол Улсыг хамгаалж чадсан. Одоо бидэнд Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлттэй холбоотойгоор саарал жагсаалтад орох эрсдэл байсаар байгаа. Үүнд Өршөөлийн хууль тогтоомж, түүний хэрэгжилт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын хэрэгжилт зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлсөөр байна” гэсэн юм.

Хэдийгээр олон ажил хийгдэж байгаа ч бодлого,  хэрэгжилтийн түвшинд гээд хууль тогтоох эрх мэдэл, шүүх эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн бүхий л байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой яаралтай хийж гүйцэтгэх хэд хэдэн ажлууд бидэнд бий гэдгийг мөн тэрбээр хэлж байна. Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Терроризмтой тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэн батлуулах, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах талаар аргачлал заавар гарган мөрдөж ажиллах, Мөнгө угаах гэмт хэргийг шалгах, эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс олсон хөрөнгө орлогыг хураах, Хөрөнгө хураахад баримтлах үйл ажиллагааны аргачилсан заавар боловсруулах, Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх хүсэлтийг бүртгэж, хяналт тавих нэгдсэн бүртгэлийг үүсгэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой статистик мэдээлэл гаргах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх гэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийх шаардлага бидний өмнө байна.

ФАТФ-ын саарал жагсаалт гэдэг бол аль ч улс орны хувьд том эрсдэл. Улс орны санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөллийг шууд үзүүлнэ. Тухайн улс орны харьяанд байдаг банкны гадаад гүйлгээ хийгдэхгүй байх, удаашрах, харилцагч гадаад орны банкууд харилцаагаа таслах үйл ажиллагаа явагддаг. Аль ч улсын хувьд  ФАТФ-ын саарал жагсаалтын сураг гарч ирэхэд хамгийн түрүүнд санхүүгийн систем нь хохирдог. Санхүүгийн систем нь  хүний биеэр жишвэл цусны эргэлтийн системийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр санхүүгийн системээр дамжаад эдийн засагт нөлөөлнө. Ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орохгүйн тулд Монгол Улс бүх нийтээрээ л ажиллах ёстой, өөр арга байхгүй. Тэгж байж бид эдийн засгаа хамгаална, санхүүгийнхээ салбарыг хамгаалж үлдэнэ гэдгийг  Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлж байсан.

Арван тэрбум ам.долларын худалдааны бараа эргэлттэй манай улсын банкуудын хувьд ам.доллароор төлбөр тооцоо хийх боломжуудаа авч үлдэх нь томоохон сорилт болж байгааг тодотгоё. Ер нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь аль нэг байгууллагын л  хийж хүчрэх ажил биш. Тогтолцооны асуудал учраас иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд бүгдээрээ л бохир мөнгөний урсгалыг хазаарлахад оролцоотой байх хэрэгтэй юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top