Хөөн хэлэлцэх хугацаанд найдсан авлигын хэрэгтнүүдийн горьдлогыг таслая

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Хөөн хэлэлцэх хугацаа, авлигын хэрэг тойрсон асуудал нийгэмд ид дуулиан болж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын оймс сейф гээд бүхий л зүйлээс боодол боодлоороо мөнгө гарсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир ял зэмгүй өнгөрч байгаа нь энэхүү дуулианы галыг улам өрдөж орхисон. Энэ нь ч зүй ёсны хэрэг.

Харин УИХ-ын дарга Г.Зандан­шатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга нарт хандан авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэг­лэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл байгаа эсэхийг шуурхай нягтлан үзэхийг хүссэн нь олны талархлыг хүлээгээд буй. Үүн дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэг­лээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан нь бүр анхаарал татсан хэрэг болов.

Үүний өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулсан. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Энэ нь ял завших, гэмт этгээ­дүүдийг хаацайлсан гэх хуулийг эргэн харахаас өөр аргагүй болсныг харуулсан үйл явц ойр ойрхон өрнөж байгаагийн нэгээхэн жишээ. УИХ-ын дарга анхаарч Ажлын хэсэг байгууллаа, Засгийн газрын тэргүүн анхаарч Хууль зүй дотоод хэргийн яамнаас төсөл боловсруулж байна гэдэг ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьж буй багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан юм. Тодотгож хэлбэл, оймс оймсоор мөнгө хүүдийлсэн нөхдөд ял завших боломж олгохгүй байх талаас нь боловсруулсан хууль гэдгийг яамны мэргэжилтэн дуулгаж байсан. Бүр тодотговол, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгасан аж.

Тэгэхээр анх энэхүү хууль хэрхэн төрсөн талаар цухас дурдах нь илүүц хэрэг болохгүй.  Өдгөө авилгачдыг ивээж байгаа хэмээх ад шоо болсон энэ хуулийн авторыг Ш.Раднаасэд гишүүнийг гэдэг. Тэр­бээр тус хуулийг хэлэлцэж байх үеэр “Мөрдөн байцаалтын хугацаа гээд нэг юм байна. Мөрдөн байцаалтын ард заавал хүний эрх явж байдаг. Хамгийн ноцтой нь энэ дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно гэсэн байгаа юм. Энэ хүн  насаараа мөрдүүлээд шалгуулаад байх нөхцөл нь бүрдээд байна л даа. 2002 оны хуулиар тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд ингээд мөрдөн байцаах ажиллагаа чинь дуусдаг, хэрэг чинь хаагддаг байсан” хэмээж байсныг бас санах ёстой. 

Мөн зарим хууль тогтоогчид “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэг хаагдана. Тэр болтол эзэнгүй хэргийг түдгэлзүүлэн хааж, нээдэг уламжлалт харил­цаанаас татгалзаж байгаа юм” гэх нь бий. Тэгэхээр УИХ-ын даргаас байгуулсан Ажлын хэсэг, Хууль зүй дотоод хэргийн яамнаас санаачилан, Засгийн газраас оруулж ирсэн хууль гээд аль аль талдаа бодох ёстой асуудал болж байна. Ямартай ч хөөн хэлэлцэх хугацаа нэрээр төрөөс завшсан гэмт этгээдүүдийг хаацайлахгүй хууль төрөх нь дамжиггүй гэж найдаж сууна. 

УИХ-ын даргын зүгээс санаа­чилсан Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажил­лах юм байна. Харин  гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэв­дорж, Л.Энхболд нар багтжээ. Үүнээс гадна Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах Дэд хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарыг оруулжээ. Энэ нь яах аргагүй дуулиан болж байгаа асуудал бөгөөд хүлээлт ч үүсгэж байгаа юм. Эрх баригчид, эрх мэдэл бүхий байгууллагаас барьж буй бодлогоор бол хөөн хэлэлцэх хугацаанд найдаж, түүнийг “хөөж” суугаа авлигын хэрэгтнүүдэд томоос том айдас болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top