Ази тив. Худалдаа, эдийн засаг, газар нутаг, хүн амаараа дэлхий нийтийг даллан дуудсаар байгаа бүс нутаг. Ази тивийн магнайд манай урд хөрш БНХАУ явах нь тодорхой болоод байна. Сүүлийн жилүүдэд олон улсыг дамнасан хурал зөвлөгөөний тоо олширсон. Үүний нэг нь Боао форум юм. Азийн төлөөх гэх тодотголтой “Боао” форум 2001 оноос зохион байгуулагдаж эхэлсэн ч 2012 оноос хойш дэлхий нийтийн анхаарлыг татдаг, хөрөнгө оруулагчид чуулдаг нэр хүндтэй хурал зөвлөгөөний нэг болжээ. Тиймээс ч “Азийн Давос” гэх хоч аваад байна. Өнгөрсөн гуравдугаар сард Хамтын уялдаатай хөгжлөөр шинэ эрин үеийг цогцлооё” уриан дор Хайнан хотод зохион байгуулагдсан юм. Энэ нэр хүндтэй форумын салбар хуралдаан болох “Боао Улаанбаатарын бага хурал ирэх 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна. “Азийн Давос”-оор чухамдаа юу хэлэлцэх бол...
ХӨГЖИЛ ДЭВШИЛ
Энэ жил Улаанбаатар хотод болон бага хурлыг тодорхойлох гурван үгийн нэг нь “Хөгжил дэвшил” юм. Дэлхий хавтгай гэх үг өнөөдөр олон улсын харилцаанд ч, геополитикийн бодлогод ч нөлөөлөх болжээ. Өмнө нь зөвхөн нэг талаар, протекционист хандлагатай хандаж байсан бол одоо илүү нягт уялдаатай байхаас өөр аргагүй болжээ. Нэг улсын бодлого нөгөө улсын дотоод бодлоготой уялдуулахгүйгээр дэлхийн эдийн засаг хөгжихгүй гэдгийг сүүлийн 10 жил болсон үйл явдлууд нотлон харуулддаг.
Шинэ зуун гарснаас хойш ази тив дэлхийн эдийн засгийн хамгийн идэвхтэй бүс нутаг болжээ. Гэвч хүч тэнцвэргүй хөгжил, аюулгүй байдал, шашин шүтлэг, үзэл бодол, ядуурал зэрэг шийдлээ хүлээж буй олон асуудал энэ бүс нутагт бий. Тэнцвэргүй хөгжлийг тэнцвэртэй болгох үндсийн үндэс нь хамтын ажиллагаа гэж БНХАУ-ын зүгээс тодорхойлжээ. Хамтын хөгжилд хүрэх нь Европын эдийн засгийн нөхцөл байдал болон Пан Америк, Африкийн лигийн ажиллагаанаас тодорхой харагддаг. БНХАУ-ын Засаг захиргааны зүгээс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Бүс ба Зам” санаачилгад багтсан хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлэх талаар энэ хурлын үеэр хэлэлцэх гэж байна. Зүүн хойд Азийн бүс нутгаас Монгол Улс хөгжих боломжтой, эдийн засгийн орчин харьцангуй нээлттэй тул хүртээмжтэй төсөл хөтөлбөр боловсруулах ёстой гэж “Азийн төлөөх Боао” форумын зүгээс үзэж, хамтын ажиллагааны хэд, хэдэн судалгааг хийгээд байгаа аж. Тиймээс “Азийн төлөөх Боао” форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” ерөнхий сэдвээр илтгэл тавих юм.
Хамтын ажиллагаа
Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт, хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны 25 жилийн ой, Хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэл байгуулагдсаны таван жилийн ой тохиож байна. Түүхэн үйл явдлын ой давхцаж байгаа энэ үед хоёр улсын хамтын ажиллагааг бүтээлч, үр дүнтэй болгох ёстой гэж БНХАУ тодорхойлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр чухам аль салбарт яаж хөгжүүлэх чиглэлийг тодорхой заах талаар санал дэвшүүлж БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжсэн юм.
Улмаар эдийн засаг, худалдаа, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт хөгжлийн чигээ гарган, хамтын хөгжлийг нэмэгдүүлэх хариуцсан агентлаг байгуулах талаар ойрын хугацаанд шийдвэр гаргахаар болсон юм. Ирэх 19-ний өдөр Улаанбаатар хотод болох бага хурлын үеэр хамтын ажиллагааг хөгжүүлэх платформ, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох талаар ярилцана. Түүнчлэн хоёр улсын хооронд олон жил яригдаж буй бүтээн байгуулалтын хэд, хэдэн төслийг гараанаас гаргах асуудлыг ч хөндөн ярилцах юм. Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор төсөлд тусгагдсан ажлуудыг Боао форумын ажлын хэсгийн хүрээнд зохион байгуулах ажлууд байвал үйл ажиллагаатай уялдуулах талаар ч энэ удаад голчлон хэлэлцэхээр болоод байна.
Энэ дэд хэсгийн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодонг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминг, НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нар оролцож салбар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сэдвээр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж”, бизнесийн манлайлагчдын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах юм.
Уялдаа холбоо
БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд олон улсад “Бүс ба Зам” санаачилга дэвшүүлж байгаагаа зарласнаас хойш таван жил өнгөрсөн. Энэ санаачилга нь бүс нутаг төдийгүй, европын улс гүрнүүдийг хамарсан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн гэдгийг Си Жиньпин онцолж байлаа. Гэхдээ энэ хамтын хөгжилд бүс нутгийн хөгжиж буй орнуудыг тэгш татан оролцуулах нь гол зорилго байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Тажикстан улсын нийслэл Душанбе хотод болсон гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр “Гурван улсын эдийн засгийн коридор”-ыг санаачилж улмаар хөрш гүрний удирдагчид дэмжсэн юм. Энэ санаачилгыг “Бүс ба Зам”-тай уялдуулан гурван улсын нийтдээ 32 багц төсөл боловсруулан одоо судалгааны ажилдаа явж байгаа юм.
Улаанбаатарт болох бага хуралд “Бүс ба Зам” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, дарга нар оролцож буй тул гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрийг “Бүс ба Зам”-тай уялдахад гарч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрийг тогтоох эхний алхмыг хийхээр болжээ. БНХАУ-ын зүгээс Монгол Улсын тал нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой хөтөлбөрийн жагсаалтаа ирүүл гэсэн боловч одоогоор ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа билээ.
“Уялдаа холбоо” дэд сэдвийн хүрээнд Улаанбаатарын бага хурлын үеэр “Шинэ чиг хандлага: Бүс ба Замыг хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах нь Хөгжлийн зам”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Уг дэд сэдвийн бага хуралд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нэр оролцох юм байна.
“АЗИЙН ДАВОС”
Азийн Давос гэж нэрлэгдсэн “Азийн төлөөх Боао” форум 2001 оны хоёрдугаар сард байгуулагдсан түүхтэй. Тухайн үед уг форумыг Япон улсын Ерөнхий сайд асан Морихико Хосокава, Австралийн Ерөнхий сайд асан Боб Хоук, Филиппин улсын Ерөнхийлөгч асан Фидель Рамос нар байгуулах санаачилга гаргаж байжээ. Улмаар БНХАУ-ын Засаг захиргаа уг санал санаачилгыг дэмжин Ази тивийн улс орнуудыг эрх тэгш, хамтын хөгжилд хамруулах үүднээс дэмжин санаачилсан гурван улсын өндөр албан тушаалтнууд 2002 оны дөрөвдүгээр сард анх удаагаа уулзаж байв. Улмаар олон улсыг хамарсан анхны форумыг 2004 онд “Азийн хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудал” сэдвээр зохион байгуулж байсан түүхтэй үүнээс хойш тасралтгүй 15 жил зохион байгуулж 28 улс гишүүнээр элссэн юм. Монгол Улс анхны гишүүн орнуудын нэг билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ БОЛ СОЛИОРОЛ .”ШОК НОМНОЛ ” ГАМШГИЙН КАПИТАЛИЗМЫН ҮҮСЭЛ НАОМИ КЛАЙНЫ НОМОНД ҮНЭН НҮҮР ЦАРАЙ Г НЬ ДУРДСАН БУЙ.ЭНЭ НОМЫГ МОНСУДАР ХЭВЛЭЛИЙН ГАЗАР НРХЛЭН ХЭВЛЭСЭН 2018 ОН.УНШИЦГАА.ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ТАЛААРХ БУСАД НОМУУДАД Ч ТУСГАЛАА ОЛОСОН .ЭНЭ” ДАВОС” ГЭХ ЛУЙВАРЧДЫН ТУХАЙ.