ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулалт шилэн явагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

-70-аас дээш онооны босго давсан 59 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл

сонгон шалгаруулах хорооны хурлаар орлоо- 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа зургаадугаар сард тасалбар болсон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.

 

 

Зээлийн доод хэмжээ

Зээлийн дээд хэмжээ

Зээлийн багцын батлагдсан дүн

Том зээлийн “ЖДҮ баг-1”

300.0

1.000.0

13.000.0

Жижиг зээлийн “ЖДҮ багц-2”

100.0

300.0

10.000.0

Бичил зээлийн “ЖДҮ багц-3”

20.0

100.0

3.000.0

ЖДҮСангаас шууд   олгох зээлийн дүн

 

 

26.000.0

 

Энэ удаагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээлийн багцад хамрагдах /“ЖДҮ багц-3”/ нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСангийн мэргэжилтнүүд судлаж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дууслаа.

ТСШХороонд төрийн бус байгууллагын дөрвөн төлөөлөл, төрийн байгууллагын гурван төлөөлөл бүхий сангаас тусдаа бие даасан хороо ажиллаж нийт гурван шатны онооны дундажаар ихээс бага руу эрэмбэлэгдэн сангаас зээл авах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд шалгарах юм. Энэ удаагийн нарийвчилсан судалгаагаар сангийн мэргэжилтнүүд төсөл ирүүлэгчийн ажлын байран дээр буюу газар дээр нь багаараа очиж төслийн явц, хэрэгжилтийн байдалтай танилцаж цаасны төсөл бус жинхэнэ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://smefund.gov.mn/news/9/single/246 авах боломжтой. /Мөн иргэн аж ахуйн нэгж бүр вэб сайтан дээрх линк дээр дарж төслийн кодоо оруулан өөрийн төслийн явцтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгосон, нөгөөтэйгүүр үе шат бүрт иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэлтэй утасны дугаарт төслийн шалгаруулалтын үр дүнг мэссэж илгээн мэдээлж байгаа болно/

 

Сонгон шалгаруулалт болон төсөвийн талаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ хоршооны бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа. 

 

-Сонгон шалгаруулалтад нийт хэчнээн төсөл ирсэн бэ?

-Сонгон шалгаруулалтад 20-100 сая төгрөгийн хоорондох санхүүжилт хүссэн төслүүдийг багцлан бичил зээлийн багц болгож сонгон шалгаруулалт хийж байна.  Үүнд 101 иргэд, аж ахуй нэгж 12 тэрбум төгрөгийн хүсэлтээ ирүүлснээс эхний шатанд  судлаад 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн төслүүдэд төслийн урьдчилсан судалгааны болон нарийвчилсан судалгааны үнэлгээ хийгдэж, 70-аас дээш онооны босго давсан 59 иргэн, аж ахуйн нэгжийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл шалгарч, эцсийн шат буюу төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд орохоор боллоо. Энэ дотроос сонгон шалгаруулалт хийж  гурван тэрбум төгрөгт  багтаагаад эхний ээлжид санхүүжүүлэх төслүүдийг шалгаруулна.

-Санхүүжилтийг нь хэзээ, хэрхэн олгодог вэ?

-Өнөөдөр төсөл сонгон шалгаруулах хорооны хурал шийдвэр гаргаад жижиг дунд үйлдвэрүүд хөгжүүлэх санд хүргүүлнэ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад  энэ талаарх хүсэлтээ өргөж, сайд тушаал гаргасны дараа зээлийн гэрээ хийгдээд гурван хувийн хүүтэй зээл олгох санхүүжилт орох журамтай.

-Ирсэн төслүүдээс ер нь ямар төрлийн зээл голчилж байна вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг  архи тамхи үйлдвэрлэдэг , санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг, мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас бусад бүх төрлийн  үйл ажиллагаа явуулдаг   200 хүртэлх  ажилтантай байх,  жилийн борлуулалтын  орлого нь энэ төслийг хүлээн авах үед 1.5 тэрбум хүртэлх аж ахуй нэгжүүд  энэ төслийг хүлээн авсан . Тэгэхээр бүхий л үйл ажиллагаа явуулж байгаа, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд  зээлийн хүсэлт ирүүлэх боломжтой. Энэ дотроос Засгийн газрын  102 дугаар тогтоолоор  батлагдсан Тэргүүлэгч чиглэл гэж батлагдсан аж ахуйн нэгжүүд арай илүү  дэмжигдэх боломжтой.  

-Ямар шалгуураар 70-аас дээш оноо өгч байна вэ?

-Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилнүүд хийхдээ  төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕBRD-н боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хиисэн болно. Төслүүдийн судалгаа явагдаж байна. Газар дээр нь очиж үзнэ, судлаад 300 мянгаас  нэг тэрбум төгрөгийн хооронд санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүдийг өнгөрөгч сарын 17, 18-ны өдрүүдэд сонгон шалгаруулалсан. Санхүүжил нь 300 саяас дээш  бол банкаар дамжина. 300 саяас доош 20 саяас дээш бол  сангаас шууд олгогдоно.

-Сонгон шалгаруулалтын багт хэчнээн хүмүүс ажиллаж байна вэ?

-Сайдын баталсан журмаараа долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ удаагийн төсөл  сонгон шалгаруулах  хорооны нэг онцлог бол төрийн бус байгууллагын төлөөлөл олонх байгаа юм.  Тэгэхээр  ард иргэд, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагуудын хараа хяналт яг энэ бүх үйл явцыг  хянаж, өөрийн биеэр  оролцож оноогоо өгч байгаа учраас  шударга ил тод болж байгаа.  Түүнчлэн Засгийн газрын 87 дугаар тогтоолоор энэхүү үйл ажиллагааг олон нийтэд  ил тод нээлттэй үзүүлэхийг  даалгасан. Өнөөдөр лайв буюу  шууд бичлэгийг  фэйсбүүк, твитр  , ютүбээр хүссэн хүн бүхэн үзэх боломжтой. Энэ нь дараа нь аж ямар нэг асуудал гарахгүй байхаас сэргийлсэн хамгийн шударга арга юм.

-Төсөв мөнгө нь хэр хүрэлцээтэй байгаа юм бол, хэчнээн төгрөг суугдсан бэ?

-Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар нийт 487 сая төгрөгийн хүсэлт  ирүүлсэн. Харамсалтай нь улсын төсөв дээр  47 тэрбумын  төсөв суугдсан байгаа. Нийт  ирүүлсэн хөрөнгийн 10 хүрэхгүй хувьд л  санхүүжилт хийх боломжтой. Энэ нь нэг талдаа  монголчууд маань өөрсдөө үйлдвэрлэл  хийе, бүтээе, хөгжье  гэсэн эрмэлзэл их болж байгааг харуулж байгаа боловч  нөгөө талдаа  эдийн засгийн нөөц бололцоо  маань  хязгаарлагдмал байгаа_ энэ төрлийн төсөл дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төсөв хөрөнгийг арай илүү нэмж өгөх шаардлагатай гэдэг нь харагдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top