"Азийн төлөөх Боао форум"-ын бага хурал өнөөдөр /2019.08.20/ Улаанбаатар хотноо болж байна. Тус форум нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. "Азийн төлөөх Боао форум" нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож иржээ. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр дээд албаны хүмүүс оролцож байгаа билээ.
“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” ерөнхий сэдэвт Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
БАН ГИ МУН: ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОХОД УЛС ОРНУУДЫН УЯЛДАА ХОЛБОО ЧУХАЛ
Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мун бага хуралд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа багасгаж, бүсээ чангалсан арга хэмжээ авч байгаа ч бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаанд идэвхтэй оролцож байна. Монгол, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хамтын ажиллагаа өргөжиж тэлж байна. Энэ нь Азийн эдийн засгийн харилцаанд чухал нөлөөл үзүүлж байгаа билээ. Монгол –ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор-төсөл” олон талт хамтын ажиллагааг өргөжин тэлэх, харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Дээрх асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Улс орнууд дэд бүтцээр холбогдож, хамтын ажиллагааг өргөжүүлж, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Ази тивийн хүн амын 82 хувь нь буюу дөрвөн тэрбум хүн агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байна. Энэ асуудал бол дэлхийн долоон тэрбум хүнд хамааралтай асуудал юм. Эдгээр асуудлууд нийтлэг шийдлийг хүлээж байна. Азийн тивийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болоход бид бэлэн байна. Илүү сайхан ирээдүйг бий болгоход дэлхий нийтээрээ хамтарч ажиллах, уялдаа холбоотой байж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж байна” гэлээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Боао форумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаар онцлог юм. Тухайлбал бүс нутгийг сонирхсон томоохон бизнес, хөрөнгө оруулагчид энэ форум дээр цугладаг. Бүс нутагт худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн ажиллах вэ гэж бизнес эрхлэгчид томоор харж Монгол Улсад Боао форумын хүрээнд цуглаад ярилцаж байна.
Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн. Манай орны аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа жигдэрч байгаа энэ үед бид Монголын зах зээлд шинэ боломжийг нээж өгөх хэрэгтэй. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Бүс нутагт амжилттай бизнес эрхэлж буй бизнесменүүд, хөрөнгө оруулагчид Боао форумын тохиолдуулан Монгол Улсад ирж, хөрөнгө оруулах гэж буй бизнесээ нүдээрээ харах боломжийг олгож байгаа юм. Иймээс энэ хүрээнд хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн Монголынхоо бизнес эрхлэгчид шинэ боломжийг нээж өгч байгаагаараа энэ форум онцлог юм” гэлээ.
Бага хурлын үдээс хойших хуралдаан “Нэг бүс, нэг зам” санаачилга, “Хөгжлийн зам” хөтөлбөрийн уялдаа холбоо гэсэн сэдвээр үргэлжиллээ. Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс эхний ээлжид 5 гегават сэргээгдэх эрчим хүчийг Зүүн Хойд Азийн орнуудад нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ дүн цаашид 100 гегаватт болж өсөх аж. Ингэснээр Монголын ДНБ 2056 онд 83 сая ам.доллар болж тэлэх боломжтой гэж Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монголын талын дарга П.Товуудорж онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )