УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс өөрөөр улс төр энэ зун өрнөсөнгүй. Гэвч сүүлийн хэд хоногт Засгийн газрыг огцруулах гэж байна гэсэн яриа гарах боллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар уул уурхайн 20 гаруй компанийн захиралтай Новотел зочид буудалд нууцаар уулзлаа гэхчилэн тань руу хаяглаж болохоор мэдээллүүд гараад байна л даа. Энэ бүхэнд хариулт өгөхгүй юу?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй нэгтгэхээр Үндэсний зөвшилцлийн ажлын хэсгийн Төрийн тэргүүнээр ахлан байгуулсан. Засгийн газраас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд зөвшилцөж байгаад асуудлаа шийднэ гэдэг зүйлийг ярьсан. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөвшилд хүрлээ энэ тэр гэсэн юм алга. Удахгүй асуудлаа нэг талдаа гаргаж шийдээд явах байлгүй дээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр би зарчмын хувьд гарын үсэг зурсан буюу Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах ёстой гэдгийг хэлмээр байна. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан санал дотор хүлээж авах боломжгүй саналууд бий. Энэ бүгдийг харгалзан үзэлгүй нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэдэг болгоомжлол байгаа шүү.
-Засгийн газрыг огцруулна гээд байгаа тэр “бор шувуун”-д тайлбар өгөх үү?
-Нэлээд хэд хоногийн өмнөөс У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорно. Огцрох нөхцөл нь бүрдчихлээ. Ийм хүмүүс бүлэглэн Засгийн газрыг огцруулах гэж байна гэх мэтчилэн яриа гараад байгаа нь манай нам руу гаднаас шидэж байгаа чулуу юм болов уу гэж харж байна. Засгийн газраа огцруулъя гээд манай нам дотор ямар ч яриа хэлцэл болоогүй. Болохгүй.
Бодоод үз. Засгийн газрыг унагах цаг хугацаа мөн үү. Манайхан нам дотроо сэлэм эргүүлж багагүй хугацаанд явсан. Одоо болно. Ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах цаг хугацаа бидэнд бага үлдсэн. Бид Үндсэн хуулиа хэлэлцээд баталж чадлаа гэхэд түүний араас 2020 оны Улсын төсөв, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаас эхлээд томоохон ажлууд их бий. Энэ дундуур засгаа унагая гээд явах ямар ч тэнэг хүн байхгүй гэж бодож байна. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэж дуусах гэсээр байтал 2020 он гарна. Бүр муугаар бодоод засаг уналаа гэхэд бид Засгийн газраа байгуулж чадахгүй засаг ч үгүй, нам ч үгүй сонгуульд орох юм уу. Тийм тэнэг үйлдэл хийх хүн байхгүй ээ. Засгийн газрыг огцруулна гэдэг худлаа. Ийм яриа байхгүй гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Харин мөрийн хөтөлбөрт туссан заалтуудаа амьдрал дээр хэрэгжүүлэх хамгийн том ажил үлдсэн. Мөн Ж.Эрдэнэбат болон над руу чиглэсэн зүйл сошл орчинд яваад эхэллээ. Тэр хоёр 20 гаруй компанийн захиралтай уулзаж байна ч гэх шиг.
-Тийм уулзалт болоогүй юм уу?
-Тийм юм огт байхгүй. Уулзсан бол үүнийг нуугаад байх ч шаардлага байхгүй. Ж.Эрдэнэбатын ажил албатай холбоотойгоор мэр сэр юмнууд гарч эхэлж байна. Хаанаас явуулж байгааг нь мэдэх юм алга. Би Новотелд компанийн захиралуудтай уулзаад яваад байдаг хүн биш. Ц.Мянганбаяр энэ тэр гээд уул уурхайн тэр хүмүүсийг нь ч мэдэхгүй.
Бидний сэтгэлийг зовоож байгаа ганц асуудал нь намын дотоод эв нэгдэл. Нам дотроо харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой
Уул уурхай дээр ашиг сонирхол нэгдээд байх юм надад байдаггүй. Энэ бүгдийг харж байхад Ийгл телевизийн ярилцлагад өгсөн ярианаас болоод ийм дайралтууд ирж байна уу гэж бодож байгаа. Нэвтрүүлэгт орох үеэрээ хувийн хэвшлийг хамгаалж хэдэн үг хэлсэн. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаан дээр алдаа гарч байна гэдгийг хэлсэн. Ерөнхий сайдын үг, үйлдэл дээр алдаатай юм байна шүү гэдгийг хэлсэн. Ийм л яриа болсон. Үүнээс шалтгаалж л дайрч давшилж байна уу даа гэж харж байгаа. Төрийн өндөр албан тушаалд байгаа хүн шүүмжлэл сонсохгүйгээр үргэлж магтаал сайшаалд бялуурч ажиллана гэж байдаггүй. Бүх зүйл нь магтаал дунд явдаг тийм худалч, нялцганасан юм байдаггүй юм аа. Шүүмжлэлийг ухаантай хүн бол өлгөж аваад цаашдын ажилдаа тунгаагаад явдаг. Ажил хийж байгаа хүнд шүүмжлэл ирдэг. Юу ч хийхгүй байгаа хүнд ямар ч шүүмжлэл ирдэггүй. Юу ч хийгээгүй юм чинь юуг нь шүүмжлэх юм бэ. Засгийн газар, танхимын гишүүд нь алдаа оноо байдаг бол засаад яваасай гэдэг утгаар нь хэлсэн. Түүнээс өөр өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Хэрэв миний хэлсэн үг буруу гэж байгаа бол хэвлэлээр дайралтаа хийж, хорвоогийн хамгийн муу хүн болгоод явна биз. Үүнд харамсаад байх юм алга.
-Сошл орчинд ор үндэсгүй зүйлийг зориуд бичиж араас нь хэвлэлийг хөдөлгөдөг ийм зүй бус үйлдлүүд гарч байна гэсэн үг үү?
-Цагдаагийн байгууллагад хандаж ор үндэсгүй гүтгэлэг тарааж байгаа хүмүүсийг олох ёстой. Нийгэмд ил болгож тэр хүмүүсийг зарлах ёстой. Амаргүй цаг үед нийгмийг турхирч төрийн ажлыг гацаах хэмжээнд хүргэж буй бусармаг мэдээлэл цацаж байгаа хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой.
-Үндсэн хуулийн талаар ярилцъя. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухайд та анхны хувилбарыг дэмжинэ гэсэн. Энэ парламент Үндсэн хуулийг хэлэлцэх ёс зүй байхгүй гэх юм. Депутатууд одоогийн Үндсэн хууль маш сайн болсон. Гэхдээ мөрдүүлж чадаагүй нь алдаа гээд байгаа?
-Шинэ Үндсэн хуулийг 1992 онд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй хүн боловсруулж баталсан. Тэр үеийн Үндсэн хууль батлагчид өнөөдрийн улстөрчдийг бодоход өндөр ёс суртахуунтай байсан нь үнэн. Ёстой л тухайн цаг үеийнхээ жинхэнэ кадрууд баталсан гэж боддог. Тэр утгаараа 1992 онд баталсан Үндсэн хуулийг муу болсон гэж боддоггүй юм шүү. Одоо Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийг шүүхийн хараат бус байдлыг сайн засаглалтай орнуудын Үндсэн хуульдаа заасан байдаг тэр зарчимд дөхүүлсэн, шүүхийн хараат бус байдалд тодорхой алхам хийж чадсан төсөл гэж үзэж байгаа. Тиймээс дэмжиж байгаа юм. Хоёрдугаарт, зарим хүмүүс Үндсэн хуулиа чанд мөрдөж, хэрэгжүүлж чадаагүй гэдэг зүйлийг ярьдаг. Өмнө Үндсэн хууль зөрчөөд явсан асуудал түгээмэл байсан эсэхийг мэдэхгүй. Энэ жилээс харин хар цагаан зөрчих болсон. Шүүгч, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж боддог. Бид Үндсэн хуулиа зөрчсөөр байх юм бол энэ улсад анархизм тогтоно. Хууль муу байж болно. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хуулийг сайжруулах эрх нь парламентад бий. Бид хуулиа хэрэгжүүлдэггүйгээс болж янз бүрийн мухардалд ордог. Үүндээ анхаарах ёстой.
-Ерөнхийлөгчийн саналдаа УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, бүрэн эрхийн хугацаа таван жил байх, холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар оруулж ирсэнд танай бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй гэх юм?
-Бүлэг дээр нэг удаа ярьсан, уг саналыг. Би 76 гишүүнтэй байхыг дэмжиж байгаа. Орон нутагт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга хийхэд иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эрс эсэргүүцэж байсан. “Та нарын тоо илүүдээгүй. Та нар хуулиа мөрд, та нар ёс суртахуунтай бай, хариуцлагатай бай” гэдгийг хэлж байсан. Түүнээс УИХ-ын 76-гаас болоод лоббины хууль гардаг, хэсэг бүлэгт үйлчилдэг талаар ярьж байгаа зүйл алга. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг судалгаанд хамрагдсан иргэдийн 89 хувь нь дэмжихгүй байна гэдэг судалгааны дүнг бүлгийн хуралд танилцуулж байсан. Судалгааны дүн ийм гарч байгаа юм чинь нэгийг бодож байгаа байлгүй дээ. Эцсийн дүндээ УИХ дээр орж ирээд шийдэгдэх асуудал.
108 гишүүнээс болоод хоёр талцаад, хэн нэгнийг ятгаад гүйгээд байгаа юм байхгүй. Миний хувьд хэнийг ч ятгаагүй. Үгсэж, эвсэж, ятгана гэдэг утгагүй. Гишүүдийн итгэл үнэмшилд халдаж болохгүй. Энэ заалтыг дэмжвэл цаашид гарах эерэг, сөрөг дагавар нь юу байх вэ гэдгийг бодох л ёстой. Парламентад сууж байгаа 75 гишүүн ухаан бодлоо уралдуулж байгаад нэг шийдэл гаргах байлгүй дээ.
-Үндсэн хуулийг батлах цаг хугацаа байна уу. Зөвхөн Ерөнхийлөгчийн саналыг нэгтгэхийн тулд нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн. Сая АН-ын зөвлөл саналаа өгчихлөө. Ард нийтийн санал асуулга явуулна гээд байгаа шүү дээ?
-Цаг хугацаа давчуу байгаа нь үнэн. Хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийн дараа гишүүд орон нутагт ажиллах байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа гуравдахь хэлэлцүүлгээс санал нэмэхгүй хасаж болно гэдгийг Д.Лүндээжанцан дарга хэлж байсан. Ард нийтийн санал асуулга явуулаад аравдугаар сардаа багтаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө батлачих байх гэж бодоод байгаа. Зөвшилцөлд хүрч чадахгүй мэтгэлцээд байвал Үндсэн хуулийг баталж амжихгүй.
-Танай бүлгийн Д.Тогтохсүрэн даргын хэлснээр зөвшилцөлд хүрч чадахгүй бол анх өргөн барьсан 62 гишүүний төслөө хэлэлцэн батлах чиг бүлгээс гарсан гэж байсан л даа...
-Яг тийм чиглэл гарсан эсэхийг мэдэхгүй. Миний суусан бүлгийн хурал дээр тийм чиглэл гараагүй. АН-ын зүгээс өрийн хязгаарыг тогтоох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэж байсан. Сүүлд нь дахин нэмж санал өгсөн байна лээ. Тэдний өсгөн саналаас Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэсэн саналыг дэмжиж байгаа. Энэ саналыг хэлэлцээд явах боломж буй эсэх талаар сайн мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэхээр одоогийн Ерөнхийлөгч рүү аваачиж наагаад байх юм. Тийм юм байхгүй. Ерөнхийлөгчийн сонгодог парламентын зарчмаар сонгоод парламент өөрөө жишиг болж явж чадвал энэ төрийн тогтолцоо төвшин болно.
Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн 40-70 хууль байгаа гэдэг. Энэ хуулиудыг эргэж харах хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч бүлгийн хуралд суухад нь хэлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч энэ хуулиудыг өргөн барьсан биш ямар юмных нь хамаарал байхав. Өмнөх Ерөнхийлөгч нарын батлуулсан хуулиуд явсаар байгаад Засгийн газартайгаа эн тэнцэхүйц хэмжээний болгочихсон. Үндсэндээ хоёр Засгийн газрын тэргүүнтэй болсон тул ажил гацаад байна. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь хамгийн зөв. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналдаа хоёр танхимтай парламенттай байх тухай бичсэн. У.Хүрэлсүх дарга өөрөө хоёр танхимтай парламенттай болох ёстой гэдэг хүн. Би тэр саналын дагуу ажлын хэсгийг ахалж байсан Сү.Батболдод хоёр парламенттай байх саналаа өгч байсан ч хэлэлцээгүй.
-Үндсэн хуулиа баталж амжихгүй бол Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гацаанд орох уу?
-Үндсэн хуулиа хэлэлцэхгүй ч гэсэн Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа батална. Баталдаггүй юмаа гэхэд хуучин хуулиараа сонгуульд орно.
-Сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульд наах шаардлага байгаа юм уу?
-Үндсэн хуульд “сонгуулийн тогтолцоо” гэдэг үгтэй орж ирээд ажлын хэсэг дээр хасагдсан. Үүн дээр бүлгийн шийдвэр гарсан. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд заахгүй, Сонгуулийн тухай хуульдаа байж болно гэсэн юм. Харин ард түмний дунд пропорциональ системийг оруулж ирээд намын дарга нарын ард нуугдан парламентад шургалж жинхэнэ утгаараа бүлэглэл үүсэх нь гээд ард түмэн хардаж байна. Сонгуулийн аль ч тогтолцоо нь сайн муу талтай. Үүнийгээ сайтар ярилцах байх.
-Үндсэн хуулийн тухайд танай намын бүлгийг 32, 33-аараа дахин хуваагдсан байна гэх юм?
-Хэвлэл мэдээллийнхэн л ийм зүйл рүү хатгаж байна. Бүлгийн хурал дээр гишүүдийн тоог нэмэх үү гэхэд “Нэмэхгүй. 76-гаараа байна” гэдэг саналыг Л.Элдэв-Очир, С.Чинзориг нараас эхлээд “нөгөө” талын гэгдэх гишүүд дэмжиж байсан. Үндсэн хууль дээр гишүүд өөр өөрсдийн байр сууринаас хандаж байна гэж харж байгаа.
-Ирэх жил сонгууль болно. МАН сонгуульд бэлэн үү. Хандлага, тойм зураг хэлээч?
-Нам бодлогын хүрээнд бэлтгэл базааж байгаа байх. Бидний сэтгэлийг зовоож байгаа ганц асуудал нь намын дотоод эв нэгдэл. Нам дотроо харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой. Намын удирдлагууд гишүүдтэйгээ уулзаж ярилцаж хэрхэх вэ гэдгээ тодорхойлж, судалгаа, үндэслэлээ бодитоор гаргах хэрэгтэй. Одоо гишүүдийг харж байхад “Надад суудал олдохгүй юм байна” гэдэг зүйлийг л яриад байх юм. Цагаа тулахаар намын удирдлагууд судалгаан дээр үндэслэж нэр дэвшигчээ тодруулна. “Хаян чи Дарханаа л мэднэ” гээд Дархан руу “хөөгөөд” явуулчихгүй байх л даа. Судалгаа харж байгаад ялах магадлалтай газар руу нь хүнээ явуулахгүй бол сохроор нэр дэвшүүлэхгүй байх. Саяхан намын дарга аймгийн дарга нартай уулзахдаа маш тодорхой зүйл хэлсэн нь “Аймаг, орон нутгийн намын байгууллагын шийдвэр дээр үндэслэнэ. Хамаатан садан, найз нөхөд байх нь сонин биш. Гагцхүү ялалт аваад ирэх боломжтой, төрд бэлтгэгдсэн хүмүүсийг л дэвшүүлээрэй” гэж хэлсэн байна лээ.
Нэр дэвшээд очиход ямар зорилт дэвшүүлэн яваад ямар ажил хийгээд ирэв гэдгийг л ард түмэн харна. Бид юу бүтээж чадав гэдгээ тодорхой болгох ёстой. Юуг нь нуухав ирэх сонгууль бидний хувьд амаргүй байх болно. Нам дотроо эв түнжин муутай, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна гээд бүгдийг тооцох шаардлагатай. Энэ хүрээнд манай тойрогт Дархан-Улаанбаатар, Дархан-Шарын голыг холбосон авто зам явж байгаа. Зам харгуй муу байна. Зам гэж там боллоо гэж хэдий ярьж байгаа ч арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад өгчихвөл зовсны эцэст жаргадаг гэдэг шиг аятайхан замтай болчих байх гэж найдаж байгаа шүү.
-Дархан-Улаанбаатарын зам хугацаандаа ашиглалтад орох уу?
-Би хэд хоногийн өмнө Дархан явсан. Туслах замуудын хувьд гайгүй нь ч байна, гайтай нь ч байна. Энэ жил бороо ус их байгаа учраас сайжруулсан замуудын эвдрэл их байсан. Үндсэн ажлуудыг нь харахад нэлээд сайн ажил нь явж буй газар байна, ажил нь эхлээгүй ч газар байна лээ. Би хааяа ажил хариуцсан яамны хүмүүс рүү нь утасдаж асуудаг. Сүүлд надад мэдээлэл өгөхдөө есдүгээр сард бид хучилтаа эхэлнэ гэж байсан.
-Таны тойрогт ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Дархан-Уул аймгийн төсөвт тавигдсан бүх ажлуудыг аймгийн удирдлагууд сайн зохион байгуулж хийж байна. Хот доторх зам, сургууль, цэцэрлэг гээд явж байнаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Хонгор сумын нэг цэцэрлэгийн тендер зарлагдсан. Тэр нь хүчингүй болоод хоёр хоногийн өмнө дахин тендер зарласан гэдэг мэдээллийг өгсөн. Сургууль, цэцэрлэг гэсэн иймэрхүү асуудлуудыг тэр газраас салгаж аймаг орон нутагт нь эрх мэдлийг нь өгчихмөөр байгаа юм. Аймаг нь өөрөө тендерээ зарлаад ажлаа хийгээд явчихвал илүү шуурхай, хяналттай байна. Бусдаар Дарханы ажлууд сайн явагдаж байгаа. Төрөх эмнэлгээ барьчихсан, Спорт цогцолборын ажил нэлээд урагштай яваа.
-Энэ жил бороо хур элбэг байна. Дархан газар тариалангийн бүс нутаг. Тариа буудайны болцоос эхлээд асуудал гарах байх даа...
-Газар тариалангийн бүс нутаг, тэр дундаа Дархан, Сэлэнгэд тариа тарьсны дараа бороо оройтож орсон. Үүнээс болж тариа буудайны соёололт оройтсон гэдгийг тариаланчид хэлж байна. Одоо өдөр шөнөгүй шахам бороо орж байгаагаас болж дахин соёолж байгаа тул болц нь гүйцэхгүй байх магадлалтай байгаа юм. Тиймээс энэ жил Дархан, Сэлэнгийн бүс нутагт ургацын баланс тааруу гарах болов уу. Улсын онцгой комиссын хурал дээр энэ чиглэлээр ярьж байсан. Засгийн газар үүн дээр анхаарч байгаа байх.
Сэтгэгдэл ( 6 )
Ene huniig Tord Dahin buu congooroi.
OGOR TOLGOI GURSED.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Намын дарга энэ нөхөр хоёр хоорондоо харшилтай биз дээ.Намдаа суудал аваад ирвэл хэн ч байсан яах бэ? гэж юу гэсэн үг бэ? Энэ хүн ийм л зүйл ярьсаар ирсэн дахиад л яриад л явж байна хэзээ төлөвших юм бол.
yum bolgonii turvvn charlan hashgirdag ene lalar zvvdend orood baih yum . darhaniig bulshilsan ulugchin duu . tarvagnii dosh asem hothond huvsguluus songogdson enhamgalan 2 haya derlen 2 haust ungas aldan tansaglah... 300 say iig ene zulbasga haanaas olood asemd zaralchihaav ???
Энэ Хаян яг хийж байгаа зүйлийнхээ эсрэг ярьдаг хүн дээ, Шинэчлэлийн эсрэг, Мафи-г өмгөөлж ЗАСАГАА унагаах гэж улайрч байсныг чинь ард түмэн мартахгүй шүү,,,,Унагаах бодол бол байгаа ,харин сачий нь хүрэхгүй л дээ,