Азийн орнууд Озоны давхаргыг хамгаалах асуудлаар Монголд чуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны талаарх Азийн бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдаан өнөөдөр /2019.08.26/ Улаанбаатар хотноо  эхэллээ.

Хуралдаан дөрвөн өдөр үргэлжлэх ба Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр 11 улсын зочид төлөөлөгчид Монголд хүрэлцэн иржээ. Эдгээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, озоны цоорлоос дэлхий нийтийг хамгаалах асуудлаар өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар харилцан арга туршлагаа солилцох юм.

Энэ талаар Байгаль, орчин, аялал жуулчлалын Сайд Д.Цэрэнбат “Өнөөдөр озоны давхаргыг бүтэн болгох талаар олон улс орнууд туршлагаа нэвтрүүлсэн. Монгол Улс барилгын үйлдвэрлэлийн салбарт хөргөлт агааржуулалтын бодисыг хэрэглэдэг хэрэглээгээ олон хууль дүрэмд өөрчлөлт оруулж багасгасан. Өнөөдөр Зүүн өмнөд Азийн улсууд өөрсдийн туршлага, тулгарч буй хүндрэлүүдээ хэрхэн давах вэ гэдэг хуралдааныг Монгол Улсад анх удаагаа хийж байна. Тухайн оронд гарч байгаа хүндрэлүүд эдийн засаг, хууль эрх зүй болон ард  иргэдийн хэрэглээнээс болж гарч байна уу гэдгийг хэлэлцэнэ. Монгол Улсын хувьд 2010 оноос хойш озон задалдаг бодисын хэрэглээнд хязгаарлалт тавьж хориглосон. Мөн цаашид үүнийг орлох бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байна. Озоны давхаргыг хамгаалах Азийн бүсийн орнуудын хуралдаан туршлага солилцсон, мэдээлэл солилцсон, технологи солилцсон арга хэмжээ болно гэж  бодож байна” хэмээн хэллээ.

Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн "Өнөөдрийн озоны давхаргыг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сааруулахад чиглэсэн хуралдааныг Монгол улсын Байгаль, Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Гол зорилго нь сүүлийн үед озон задалдаг бодисыг шинэ бодисоор орлуулсан. Өөрөөр хэлбэл хөргөгч, хөлдөөгчид хөргөлтийг бий болгодог бодис байгаа юм. Үүнийг орлуулж байгаа бодсонд гидрофторт нүүрстөрөгч нь дэлхийн дулааралд нөлөөлдөг, хүчтэй хүлэмжийн хий байдаг. Тийм учраас 2016 онд Африк улсад олон улсын хуралдаанаар дэлхийн 198 орон хэлэлцэж 2024 оноос эхлэн гидрофторт нүүрстөрөгчийн бодсыг бууруулах төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөг батлах, кегалийн нэмэлтэд нэгдэн орох талаар дэлхийн улс орнууд сүүлийн үед эрчимтэй арга хэмжээ авч байна. Кегалийн нэмэлтэд нэгдэн ороогүй улс орнуудын олон улсын худалдаа, олон улсын харилцаа, эдийн засгийн харилцааг 2024 оноос эхлэн зогсоох шийдвэрт хүрсэн. Манай улс кегалийн нэмэлтэд нэгдэн орох анхныхаа алхмыг хийгээд амжилттай явж байна. Байгаль, Орчин, Аялал Жуулчлалын Сайд Д.Цэрэнбат  дэлхийн улс орнуудын өмнө кегалийн нэмэлтэд нэгдэн орно гэдгээ хэлсэн нь чухал ач холбогдолтой болж байна. Мөн ард түмэнд гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулж, өөр бодисоор солих талаар үзэсгэлэн гаргасан” гэдгийг онцлов.

Өнөөгийн байдлаар озоны цоорхойн хэмжээ багасгах төлөвтэй байгаа ба 21 дүгээр зууны дунд үе гэхэд бүрэн нөхөгдөх хэтийн төлөвтэй байгааг мэргэжилтнүүд ярив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top