Ж.Төмөрсүх: Хэргийг шалгах явцад алдсан зүйл их бий

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүх, ээж С.Наранцэцэг нартай хийсэн ярилц­лагыг уншигч танд хүргэж байна.


-Х.Мандахбаяр: Та сайхан намаржиж байна уу?

-Ж.Төмөрсүх: Сайхан намар­жиж байна. Сайн явж ирэв үү.

-Х.Мандахбаяр: Сайн явж ирлээ. Та хоёртой уулзаж, ярилцлага авах гэж зорьж ирлээ?

-Ж.Төмөрсүх: Хаа холын Хөвсгөл далайн хөвөөн дээрээс өмнийн цэнхэр говийг холбосон нэгэн уртраг дотор аав хүү хоёр нэгэн цаг хугацаанд байгаль хамгаалагч хийж явлаа. Харамсалтай нь арай гэнэн байснаас миний хүү тодорхой шалтгаанаар нас барсан. Гэхдээ нас барснаасаа хойш мөнхөрч, Монголын ард түмний хамгийн хайртай хүү болсон байна. Хэдийгээр бие нь нас барсан ч гэсэн Монголын ард түмний хайртай хүү болж зүрх сэтгэлд нь үлдсэнд бидний хувьд зохих ёсоор тайтгарч байдгийг хэлмээр байна. Өнөөдөр төрж өссөн нутагт нь бид сууж байна. Ийм сайхан нутагт төрсөн хүүхэд Монголынхоо төлөө эх орноо хайрлахаас өөр аргагүй юм. Ярьж чадахгүй нь. /уйлав/

Тостын нуруутай манай гэр бүлийн амь амьдрал холбогдсон. Сайн муугаар бидний сэтгэл зүрхэнд байдаг. Говь нутгийн зүг сэтгэл зүрхээ чилээж ирсэн. Эндээс 2000 шахуу км-ийн зайтай. Гэсэн хэдий ч сэтгэлд ойр байдаг. Энд цас дараад зуд болж байхад говьд цас байхгүй зэрлэг ан амьтан ангаж үхдэг байсан. Тэр үед манай хүү олон тонн ус үүрээд говийн уул руу мацаж байгаа бичлэгийг үзэхээр одоо ч хамар хорсдог юм.

-Х.Мандахбаяр: Хэд хоногийн өмнө Засгийн газар Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авлаа. Олон жилийн тэмцлийн дараа ийм шийдвэр гарсанд баяртай байна. Байгаль эхээ, газар нутгаа хамгаалах, эх орон минь эзэнтэй байх талаас маш том дуу хоолой боллоо гэж харж байна. Тостын нурууг тусгай хамгаалалтад авахад олон хүний итгэл үнэм­шил, хөлс хүч, хөдөлмөр зүтгэл оролцсон. Тэдгээрийн нэгэн томоохон хэсэг нь танай гэр бүл. Та хоёрт баяр хүргэе?

-Ж.Төмөрсүх: Баярлалаа.

-Х.Мандахбаяр: Монголчууд бүгдээрээ харж, мэдэрч байгаа. Т.Лхагвасүмбэрэл агсан байгаагүй бол говийн баян бүрд болсон тэр сайхан нутаг гадаадын хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн гарт сүйтгэгдэж, олон мянган зэрлэг ан амьтан үрэгдэх байсан. Т.Лхагвасүмбэрэл агсан байснаараа байгаль орчныг сүйтгэж байгаа асуудлыг олон нийтэд ил гаргаж тавьсан. Талийгаач байгаль дэлхийгээ хамгаалах гэж тэмцээд, зохих хүмүүст нь бичиг цаас шидээд эхэлсэн тэр үед түүн рүү халдлага, дайралт ирсэн байдаг. Тэр үед та энэ талаар мэдэж байсан байх?

-Ж.Төмөрсүх: Оюутны дадлага хийж байхаасаа говийн байгальтай, тэр тусмаа зэрлэг амьтантай, аргаль, янгир, ирвэстэй зүрхний холбоотой болсон хүүхэд. Дадлага хийж ирээд зэрлэг амьтдын тухай ярина. Говьд байхдаа залхуураад хэвтээд байдаггүй. Уул хадаар их явна. Тиймээс манай хүн тэр бүс нутгийн байгалийн болоод хууль бус олон нууцыг мэдсэн байгаа юм. Нутгийн малчид мэдээгүй, үзээгүй байсан бүх нууцыг мэдэж, олж харсан. Өөрийнх нь сэтгэл ч эмзэглэсэн. Залуу хүүхэд учраас гэнэн байж. Ганцаараа уул хадаар их явж, байгалиа хамгаалахын төлөө тэмцэлдэж байсан. Зарим нэг хууль бусаар ухсан нүхийг өөрийн биеэр хүрз барьж, хөлсөө дуслуулан ажиллаж дарж байсан. Тэгж ажиллаж, тэмцэж байсан дүрс бичлэг үлдсэн байдаг. Тэгэхээр энэ газрыг ухуулахгүй юмсан гэсэн сэтгэл зүрх их байсан. Тиймээс ганцаараа өөрөө гүйгээд хамгаалахгүй, улсын тусгай хамгаалалтад оруулах ёстой юм байна гэж үзэж, тэмцэж байсан. Би өөрөө энд 30 гаруй жил тусгай хамгаалалттай газар ажилласан учраас тусгай хамгаалалттай газар ямар байдаг, яаж хамгаалдаг юм гэдгийг зохих ёсоор мэдэх учраас Ирвэс хамгаалах сан, нутгийн удирдлага, иргэдийн саналаар Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар хэлэлцэж байсан. Харамсалтай нь манай хүү гэнэдсэн. Ганцаардсан. Өөрөө том хэмжээнд зохион байгуулалт хийгээд явж чадахгүй учраас ганцаараа тэмцэж байсан.
 

НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ - ХХ ХӨТӨЛБӨР
 

-Х.Мандахбаяр: Хэдэн настайдаа Тост, Тосон бумбын нуруунд очиж ажилласан юм бэ?

-Ж.Төмөрсүх: Оюутан байхаасаа очдог байсан. Сургуулиа төгсөөд 22 настайдаа очиж ажилласан. Тостын нуруунд 27 нас хүртлээ 5, 6 жил ажилласан. Хятад хүмүүс надтай уулзаад “Нутгаа эргэж явна” гэж том дуугарч байна лээ гэж надад хэлдэг байсан. Тэгэхээр тэр нутаг харийн хүний хөлд өртөж байсан дүр зураг бий. Энэ тухай тэмдэглэлийн дэвтэр дээр нь бичиж, тэмдэглэсэн зүйлүүд ч байдаг.

-Х.Мандахбаяр: Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Талийгаач хэд дэх хүүхэд тань байв?

-С.Наранцэцэг: Манайх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь байсан. Энэ нутагт бага насаа өнгөрөөсөн. Багадаа зэрлэг амьтан тэжээдэг хүүхэд байлаа. Аав нь эхээсээ төөрсөн бугын тугал, гахайн хоёр тоорой авчраад тэжээж байсан. Тэр хөөрхөн амьтдыг миний хүү гардан тэжээдэг байсан. Арван салаа эвэртэй жижигхэн бугын эврийг нь 10, 10 хоногийн хугацаанд хэмжиж хэмжилтийг авдаг байсан. Тэр үед хүү маань тав, зургаахан настай байсан. Тийм багаасаа зэрлэг амьтантай харьцаж, тэжээж ирсэн. Аав нь байгаль хамгаалагч учраас багаасаа байгаль орчныг хайрлан хамгаалахад суралцсан. Нэг буу үүрсэн хүн явж байх юм бол “Ааваа тэр хүн хулгайн анчин байх. Та очооч” гэнэ. Багаасаа л байгаль орчинд ингэж санаа зовдог хүүхэд байсан.

-Х.Мандахбаяр: Анх их сургуулийн хуваарь авахдаа биологичийн ангид орж чадаагүй гэдэг?

-С.Наранцэцэг: Тэр жил аймагт биологич мэргэжлийн хуваарь хоёрхон ирсэн байлаа. Нэгийг нь олимпиадад түрүүлсэн хүүхэд авсан. Нөгөөх нь ямар хүүхэд авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан хоёрхон хуваарь байсан учраас өөр эзэнтэй болсон. Тиймээс оноо нь хүрч байсан учраас их сургуульд ой судлалын анги авсан. Тэгээд намар оюутан болж очоод удалгүй л над руу ярихдаа “Ээж ээ би ангиа сольсон шүү” гэсэн. Хүү маань сургуулийнхаа декан дээр очиж уулзаад “Би биологич болох л зорилготой. Та миний ангийг сольж өгөөч. Би заавал биологич болно” гээд орсон байгаа юм. Тэгээд декан нь өөрөө үнэхээр байгаль хамгаалагч болох сонирхолтой хүүхэд байна гэж үзээд биологичийн ангид оруулсан юм билээ.

-Х.Мандахбаяр: Та эх хүний хувьд хүүдээ санаа зовдог л байсан байх. Нутагтаа ирж ажиллах тухай санал хүүдээ хэлж байв уу?

-С.Наранцэцэг: Манай гэр бүлийн зарчим бол Монголын аль ч нутаг миний нутаг. Бид хоёрын сургадаг сургаал тийм. Тийм учраас бид хаана ч явсан эх орноо хамгаалах ёстой гэдэг үзэл баримтлалыг багаасаа шингээсэн учраас тэгж хүний нутагт явчихлаа гэсэн бодол байдаггүй. Хамгийн гол нь миний хүү чинь багаасаа биеэ даагаад сурсан учраас бид хоёрт санаа зовох, айдас хүйдэс байгаагүй. Багаасаа амьдралаа авч явж чаддаг байсан. Тиймээс хүүгээ чадна гэж итгэж ирсэн.

-Х.Мандахбаяр: Байгаль, газар нутаг, эх орноо хамгаалах ажил хийж яваад амь эрсэдсэн. Хамгийн харамсалтай нь хүүгийн тань үхлийн шалтгааныг хуулийн байгууллага, Монголын төр үнэн зөвөөр шийдэж чадсан уу гэдэгт өнөөдрийг хүртэл эцсийн хариу байхгүй байгаа нь эмгэнэлтэй юм. Та бүхэн ч энэ хэргийн араас маш их явсан. Юу болов. Ямар хэрэг болчихов. Та юу гэж үздэг вэ?

-Ж.Төмөрсүх: Энэ бол тодорхой хэрэг л дээ. Нэгдүгээрт, хүүгийн маань хүмүүжил, эр зориг ямар хүн бэ гэдгийг биднээс өөр хэн ч илүү мэдэхгүй. Эх оронч олон сайхан хүүхдүүд байдаг ч миний хүү шиг хүн ховор байх. Зоригтой, биеэ даах чадвартай. Өөрийн гэсэн толгойтой. Хэн нэгэн шанаа өгөхөд, загнахад хальраад байх хүүхэд биш. Өлсөж, эцэж ч чадна. Тиймээс  эцэг эх, багш нь загнахаар санаа сэтгэл нь хувирах хүүхэд биш. Хоёрдугаарт, ажлын хамт олон, найз нөхөд нь үнэлэлт дүгнэлт өгдөг. Гуравдугаарт, удам угшлын талаасаа цоо эрүүл хүүхэд байсан. Бидний удам угсаа ямар нэгэн архаг, хууч өвчингүй цоо эрүүл хүмүүс. Энэ сайхан байгаль цаг ууртай нутагт эрүүл аж төрөх боломжтой. Өөрийн оюун ухаан, булчин шөрмөсөөрөө амьдарч ирсэн. Дээр нь манай удамд хэн нэг даргын цүнх барьж, далдганаж амьдарч ирсэн түүх байхгүй. Хүнээс тав, арван төгрөг илүү дутуу авах, хээл хахууль авах сэдэл, сэтгэл байхгүй.

Харин талийгаач 5, 6 жил ажиллах хугацаанд нь гаднын халдлага их болсон байдаг. Мэдэгдсэн зүйлүүд байгаа ч мэдэгдээгүй, бидэнд хэлээгүй олон зүйл бий. Мотоцикльтой хүмүүс ирж зодож байсан ч тохиолдлууд байдаг. Уул уурхайн үйл ажиллагааны эсрэг жаахан бацаан ирээд нутгийн иргэдэд ухуулга хийгээд, байгаль хамгаалах ажил хийгээд байна гэсэн байдаг. Түүнээс манай хүн их эрх мэдэлтэй хүн биш. Ер нь эрх ашиг нь зөрчигдөж байгаа тэр хүмүүс “Энэ хүүхэд нутгийн малчдыг уриалж, яваандаа цахиур хагалж, босгож магадгүй” гэсэн бодолтой байсан. Тийм учраас хүүд маань халдаж ирсэн. Хүүгийн маань биед нь гэмтэл учруулж, сэтгэл санаанд нь нөлөөлж байсан ч шантраагүй. Энэ бүхэнд шантарсан бол хүү маань наашаа хүрээд ирнэ. Энд гэрт нь хангалттай хийх ажил байна, унаж эдэлж байсан морь мал нь байна. Бид хүүгээ “Наана чинь юу болж байна. Эндээ ирэх юмуу” гэхэд ирээгүй. Тэр ч байтугай бие нь муу байхдаа говийнхоо тухай ярьдаг байсан. Тэнд уул уурхайн чиглэлээр нүх ухах гэж байна гэх зэргээр нутгийн иргэдтэй ярьдаг байсан. Тийм учраас ийм ажилтай, зүрх сэтгэлтэй хүн өнөөдөр үхлийн шалтгаан тодорхойгүй байх ёсгүй. Харин ямар арга сэдлээр, ямар зорилгоор, хэний даалгавраар ийм зүйл болов. Хэргийг мөрдөн шалгах явцдаа алдсан зүйл маш их бий. Жирийн миний байгаль хамгаалагчийн нүдээр харахад хэргийг шалгахдаа алдаа гаргасан зүйл маш их байдаг. Тухайн үед нь би хэлж л байсан. Мөрдөн шалгаж байсан хүмүүс санаатай юу, санаандгүйгээр алдаа гаргасныг мэдэхгүй. Мөрдөн байцаагч мэргэжлийн хувьд алдаа гаргасан байж болно. Тэрийг нь би мэдэхгүй шүү дээ. Хөнгөн хуумгай хандсан ч байж болно. Бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ алдаа гаргасан нь ноцтой үйлдэл. Энэ тухай яривал маш их зүйл бий.

-Х.Мандахбаяр: Хэргийн мөрдөн шалгалтын тухай, гаргасан алдааны асуудлаар бид одоо ярих ёстой. Энэ хэргийг золгүй явдлаар талийгаач амиа алдсан гэж ойлгож байгаа Монгол хүн цөөхөн шүү. Тийм учраас энэ асуудлыг орхихгүй араас нь хөөцөлдөж явах ёстой. Иргэний хөдөлгөөнийхөн, иргэд, сэтгүүлчид олон хүн ийм байр суурьтай байгаа. Энэ зүгээр нэг биологич залуугийн үхэл байгаагүй. Монголын эх оронч залуусын зоригийг мохоох, байгаль хамгаалах үзэл санааг нухчин дарах, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй тэр олигархуудын үйл ажиллагаа газар авах үндэс суурь болсон гэж хардаг. Тийм учраас таныг эцэг хүний хувьд, иргэн хүний хувьд үнэнийг ярьж байгаад баяртай байна?

-Ж.Төмөрсүх: Талийгаач хэлсэн байдаг. Утасны бичлэгт яриа нь бий. “Та бүхэн энэ цаг үеийг авчихсан эрин үе байна. Энэ цаг хугацаа чинь тун удахгүй мөхнө шүү” гэж хэлсэн байдаг. Бүх юмыг хахуульдаад, худалдаад авчихсан байна. Цаг хугацаа өөр болно шүү гэж хэлсэн. Тийм үг хэл гэж хэн ч хэлээгүй. Номноос уншаагүй. Сэтгэл зүрхэндээ шатаж явсан хүний үг байхгүй юу. Тэмцэж, шаналж, гарах гарц хайж, ганцаардсан хүний үг байсан. Би ингээд өнгөрлөө, гэхдээ миний цаана Монголын ард түмэн хоцорлоо шүү, цаг нь болохоор та нарыг барьж авна шүү гэсэн хатуу үг байхгүй юу. Түүнээс биш уур нь хүрээд, гомдоод, эсвэл айгаад ч юмуу хэлээгүй. Байгаль орчин, зэрлэг ан амьтнаа хамгаалах гэж шаналсан хүний үг байхгүй юу.

-Х.Мандахбаяр: Цагдаагийн байгууллагад та олон хандсан байх. Энэ хэргийг шалгаад үнэн мөнийг илрүүлчих байх гэсэн итгэл танд хэдий хүртэл байсан бэ?

-Ж.Төмөрсүх: Хэргийн газарт цагдаагийнхан үзлэг шалгалт анх хийгээд ирэхдээ л маш өөр ойлголттой ирсэн байсан. Бүх зүйл дээр эхнээсээ алдсан. Урьдчилан тааварлаж, хэргийг шалгах ёсгүй шүү дээ. Гэтэл урьдчилан тааварлаж хэргийг шалгаж эхэлсэн. Тэгж тааварлаж шалгасан нь буруу болсон. Олон зуун жилийн түүхтэй мөрдөн шалгах ажиллагааг хуульд тааварлаж шалгаж болохгүй гээд заагаад өгчихсөн шүү дээ.

-Х.Мандахбаяр: Та бол мөрдөн шалгах ажиллагаанд алдаа гаргасан гэж их зөөлнөөр хуулийн хүрээнд ярьж байна. Анхнаасаа хэргийг шалгахдаа зохиомлоор тодорхой сценартай хийсэн юм биш үү. Тухайлбал, хэргийн газраас архины шил олдсон гэдэг ч юмуу. Энэ бол мөрдөн байцаагчийн зүгээр нэг санаатайгаар хийсэн алдаа гэхээсээ илүүтэй, талийгаачийг зохион байгуулалттайгаар хөнөөгөөд, араас нь хууль хүчний байгууллага анхаарал тавихгүй, зориуд хэргийг нуун дарагдуулж байна уу даа гэсэн хардлагыг нийгэмд бий болгосон. Энэ хардлагад 100 хувь санал нийлдэг хүний нэг нь миний бие. Та тэгж бодож үзэж байсан уу?

-Ж.Төмөрсүх: Ер нь өмнөх халдлагуудыг бодохоор үнэхээр гайхдаг л даа. Хүрэн даваан дээр хутгалуулсан хэргийг нь шалгахдаа анхнаасаа цааргалж шалгаж байгаа байхгүй юу. Хүн хутгалуулчихаад байхад гэмт хэргийн ул мөр алга гээд хаачихсан. Хүн хутгалуулсан байхад түүнээс өөр ямар ул мөр байх ёстой юм. Гэх мэтчилэн эргэлзээтэй зүйлүүд байдаг. Сүүлд очоод үзэхэд уулнаас мотоцикльтой гулсаж орсон мөр байж л байсан. Түүнийг ямар ч цагдаа, хуулийнхан олоогүй байсан. Би тэр шалгаж очсон цагдаагийн ажилтныг дагуулж очоод үзүүлэхэд “Бид үүнийг шалгаагүй, өөр газар шалгаж байсан” гэж байсан. Тэгэхээр үнэхээр гайхмаар байдаг. 

-Х.Мандахбаяр: Талийгаачийн цогцос Хөвсгөл нуурын эргээс 70 орчим метрийн зайтай олдсон. Та Хөвсгөл нуурын эрэгт өссөн хүн сайн мэдэх байх. Тийм зайд хүн яаж очих боломжтой вэ?

-Ж.Төмөрсүх: Уснаас гаргаж ирэхдээ дөрвөн метрийн гүнд байна гэж гаргаж ирсэн. Олон хүн сонссон, дүгнэлт нь ч байгаа. Хэргийн материалд 20 метрийн захад байсан гэж бичсэн байсан. Хорин метрийн захад дөрвөн метр гүн байхгүй. Нуурын захаас 70 метрийн зайд л дөрвөн метр гүн байгаа. Одоо ч тийм байгаа. Тэгэхээр бас л худлаа хэлсэн. Нуурын эргээс 20 метр зайнд хамгийн ихдээ 1.7 метр л гүн байгаа. Би яагаад сайн мэдэх вэ гэхээр олон удаа далай дээр ажилласан. Машин тэрэг гаргаж авч байсан. Тийм учраас цогцсыг завьтай хүмүүс ороод гаргаж ирэхэд нь усны эрэгт байгаа модтой харьцуулаад тэмдэглэсэн байхгүй юу. Мөс хөлдөхөд нь очоод хэмжилт хийхэд 70 метр байсан. Гэтэл 20 метрт дөрвөн метр гүн ус далайд байхгүй. Гэх мэтчилэн олон эргэлзээ бий.

-Х.Мандахбаяр: Энэ хэргийн үнэн мөнийг олох хэрэг­тэй. “Эзэн холбогдогч нь тодорхой хэрэг. Энэ хэргийг дахин шалгаж тогтоох ёстой” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгч болоогүй байхдаа байр сууриа илэрхийлсэн байдаг. Хариуцлагатай хүний үгнээс ийм үг гарч, хэвлэл мэдээллээр цацагдсан. Одоо энэ хэргийг илрүүлж, аймшигтай алуурчныг Монголын төр олж тогтоох ёстой?

-Ж.Төмөрсүх: Ер нь бодоход ганц миний хүү ч биш, том том эх орончид зуурдаар амиа алдсан. О.Даш­балбар гуай, М.Зэнээ гуай байна. Бүгд учир битүүлгээр бурхан болсон. Бусад хэрүүл хийсэн улсууд нь байгаад байдаг. Гайхмаар байхгүй юу.

-Х.Мандахбаяр: Талийгаач өнөөдөр амьд сэрүүн байсан бол Тост, Тосон бумбын нуруундаа ажиллаж амьдарч байх байсан болов уу. Алс хэтийн ямар зорилготой байсан бэ?

-Ж.Төмөрсүх: Тостын зэрлэг амьтныг хайрлах сэтгэлтэй болчихсон байсан. Нөхцөл байдал хүнд байна. Газар нутаг нь эрсдэлд орох нөхцөлд орсон гэдгийг мэдэж байсан. Тэгэхээр тэнд байгаа хэдэн малчнаа хаяад ирэх зүрх сэтгэл байгаагүй. Би Тостын нуруунд очиж малчидтай уулзаж, ярилцаж байхад миний хүүд маш их хайртай байсан. Талийгаач маань тэр нутгийн унаган хүүхэд шиг болсон. “Миний хүү, Миний хүү” гэсэн олон хүн байсан. Тэгээд хүү маань үнэхээр энэ нутгийг орхиод явах боломжгүй юм байна гэж надад бодогдож байлаа. Тэгэхээр миний хүү говийн хүүхэд болсон байсан даа.

-Х.Мандахбаяр: Нэг сонин зүйл байдаг. Ирвэсийн гол хоол тэжээл бол янгир ямаа. Ирвэс хоол хүнс ховордох юм бол айлын хоттой хонь руу ордог. Хонио идүүлсэн малчин буугаа бариад ирвэсийг агнах гэдэг. Тэгэхээр ирвэс, малчин хоёрын хооронд тэмцэл явагддаг байсан байгаа юм. Тиймээс ирвэсээ хамгаалж, малчидтай тэмцэх шаардлага ч талийгаачид тулгарч байж. Гэхдээ их ухаалаг тэмцдэг байсан. Малчдыг соён гэгээрүүлэх, ухуулж ойлгуулах, сургалт явуулах замаар тэмцэж ирсэн. Нэг өвгөн ярьж байсан л даа, “Талийгаач ирээд ирвэс алж болохгүй гээд учирлаад, гуйгаад суудаг байж билээ” гэж. Тэгж сэтгэл зүрхээрээ энэ ажлыг хийх хүн одоо байх болов уу?

-Ж.Төмөрсүх: Ирвэсээс малыг хамгаалах олон улсын төсөл бичээд шалгарсан байдаг. Малыг хамгаалах торон хашааг малчдад талийгаач маань хийж өгсөн байгаа юм. Тэгээд малчид ярьдаг байхгүй юу. Манай хүүг хулхи юм хийдэггүй гэж. Хашаа барьж, шон суулгаж байгаа нь ямар ч залхууралгүй яс хийсэн байгаа юм. Тэр нь хүмүүст харагдаж, мэдэгдээд байхгүй юу. Бид хоёрыг очиход янзын сайн хашаа барьж өгсөн шүү гэж малчид ярьж байсан.

-Х.Мандахбаяр: Талийгаач сүүлд магистрт сурч байсан юм билээ. Магистрын дипломын ажил нь олон улсын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байдаг. Одоо амьд сэрүүн байсан бол залуухан эрдэмтэн байх байж дээ гэсэн бодол төрдөг юм?

-Ж.Төмөрсүх: Ер нь маш шаргуу мөрөөдөлдөө хүрнэ гэсэн зорилготой хүү байсан. Нэг ажлыг бариад авсан бол дуусгана гэсэн зорилготой. Ан амьтанд хайртай. Хичээлдээ суугаад байж байхад нь “Ирвэс чинь айлын ямаа барьчихлаа. Нөгөө хүүг дууд” гэдэг. Тэгээд хүү маань очоод зохицуулалт хийх жишээний. Олон улсад шинэ туршиж байсан хос ажиглагчийн аргаар ирвэсийн хоол тэжээлийн тооллого хийж, түүгээрээ магистрын зэрэг хамгаалах гэж байсан. Ойролцоогоор эрдмийн ажил нь 80, 90 хувьтай явж байсан. Янз янзын шалтаг гараад хамгаалж чадахгүй яваад байсан байдаг байхгүй юу.

-Х.Мандахбаяр: Талийгаачийн зүтгэж, мөрөөдөж байсан ажлын үр дүн хожуу ч гэсэн гарлаа. Т.Лхагвасүмбэрэл агснаас гадна олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрхний оролцоогоор Тост, Тосон бумбын нурууны бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Гэсэн хэдий ч олон жил энэ сайхан газар орныхоо төлөө тэмцсэн талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоож, хэргийг мухарлахгүйгээр зүгээр нэг орхиж болохгүй. Тийм учраас хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн ажлын хэсгээс Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хэргийг сэргээн шалгаач гэдэг санал хүргэсэн?

-Ж.Төмөрсүх: Энэ хэрэг бол ээдрээтэй хэрэг. Би прокурор, цагдаагийн байгууллагад олон удаа шал­гуулах асуудлаар гомдол өгсөн. Ноцтой баримт, мэдээллүүд ч гаргаж өгсөн. Миний өгсөн хүсэлтийн дагуу шалгалт хийгдээгүй. Өөрсдийнхөө хэмжээнд дүрэм журмын дагуу шал­гасан байх. Гэхдээ шалгах ёстой зүйлүүд шалгагдаагүй. Хэрэгтэй холбоотой дүгнэлтүүд гарсан. Дүгнэлтүүд худлаа гэдэг нь мэдэгдэхүйц байсан.

-Х.Мандахбаяр: Талийгаачийн дурсгалыг мөнхжүүлэх талаар ямар ажлууд хийгдэж байсан бэ. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Ж.Төмөрсүх: Нас барснаас нь хойш дурсгалыг нь мөнхжүүлэх тухай санал, санаачилга гарах болсон. Найз нөхдөөс нь хөшөө дурсгал босгоё, сан байгуулъя гэдэг санал гардаг. Кино хийе гэж бүхэл бүтэн баг санал гаргаж байгаа. Тэгэхээр ганц хүүгийн маань дурсгалыг мөнхжүүлэх гэхээсээ Монголын эх орончдын төлөө санаа зовж, ухамсар хүмүүжлийг олон залууст үлдээх гэсэн асар том агуулгатай юм. Бид хүүгийнхээ хөшөөг босгоё гэж гүйхээсээ илүү Монголын ард түмний газар нутгийн төлөө хийх тэмцлийн нэг хэсэг гэж ойлгох ёстой.

Ярилцсан Х.МАНДАХБАЯР

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Ariya(223.39.150.169) 2019 оны 08 сарын 29

Burhanii orond hamgiin deed suudald suuj baigaa huu n

0  |  0
b(66.181.168.8) 2019 оны 08 сарын 29

denduu haramsaltai, neeree hushuu ch yahav uil hereg ni bieleesei

0  |  0
Уншигч(50.64.100.25) 2019 оны 08 сарын 29

Хүниы дээд сайхан хүү байж дээ, бүх л талаараа бүх л сэтгэл зүрхээрээ жинхэнэ .,.мааааш харамсалтай бна.....алуурчид үйлийн үрээ эдлэх цаг ирнээ

0  |  0
Top