Монголын өрсөлдөх чадварыг унагасан үзүүлэлтүүдтэй танилц!

2019 оны 09 сарын 02

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 1989 оноос хойш жил бүр гаргасаар ирсэн “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь улс орнуудын өрсөлдөх чадварыг цогцоор нь харуулдаг судалгааны бүтээл гэдэгтэй судлаачид санал нэгддэг. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” тайланд  63 улсыг харьцуулахад, манай улс 62-рт жагссаныг өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус тайланд орсон Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар хүргэе.

Өрсөлдөх чадвар нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эдийн засаг болон бизнесийн салбарын хүрээнд өргөнөөр хэрэглэгдэх болсон олон талт, цогц ойлголт бөгөөд угтаа “чадавхийг дээшлүүлэхэд” чиглэгддэг. Өрсөлдөх чадварын судалгаагаар бусдаас давуу байдлыг судлахаас илүүтэй тухайн улс, бүс нутаг өөрийн нөөц боломжоо хэрхэн үр дүнтэй ашиглаж, өөрийн гэсэн өрсөлдөх чадварыг бий болгож, амьдрах болоод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж чадсан эсэхийг судалдаг гэдгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс тодотгож байгаа юм.

Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн (ОУУХХ)- ийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төв (ДӨЧТ) “Улс орнуудын өрсөлдөх чадвар судлал нь эдийн засгийн шинжлэх ухааны нэгэн салбар бөгөөд аливаа орны компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлж, хөгжүүлэх талаар бодит байдал, бодлого хоёрыг харьцуулан судалдаг” хэмээн тодорхойлсон байдаг.  Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь /ЭЗБӨЧСТ/ Швейцарьт төвтэй ОУУХХ-ийн дэргэдэх ДӨЧТ-тэй Монгол Улсын өрсөлдөх чадварын давуу болон сул талын талаар судалгаа шинжилгээ хийхэд албан ёсоор хамтран ажилладаг. Одоогийн байдлаар ЭЗБӨЧСТ нь Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсын мэдээллүүдийг бэлтгэн явуулдаг бөгөөд бие дааж аймгуудын өрсөлдөх чадвар болон дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг бэлтгэн гаргаж байна.

ЭЗБӨЧСТ нь 2010-2014 оны хооронд 14 улсыг харьцуулан судалдаг “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргасан бөгөөд 2015 оноос эхлэн дэлхийн 60 гаруй улсын өрсөлдөх чадварыг харьцуулан судалдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д Монгол Улсын мэдээллүүдийг бэлтгэн явуулж байна. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” нь дэлхийн 63 улсыг харьцуулсан тайлан бөгөөд нийт 332 үзүүлэлттэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг.

63 улсыг тоон мэдээллийн олдоц, хамтран ажиллах байгууллага, тэдний туршлагаас хамаарч сонгодог аж. Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, засаглалын үр ашиг, дэд бүтэц зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйлийн 332 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг энэхүү тайланд 2015 онд Монгол Улс 61 орноос 57-рт, 2016 онд 60- рт, 2017 онд 63 орноос 62-рт, 2018 онд мөн 62-рт эрэмбэлэгдсэн билээ. Энэ жил Монгол Улс өрсөлдөх чадвараараа хэддүгээрт эрэмбэлэгдэж буйг, өмнөх жилүүдтэй харьцуулсан өсөлт, бууралт, бүс нутгийн эрэмбэ зэргээс гадна Монгол Улсын өрсөлдөх чадварын давуу болон сул талууд, сүүлийн  нэг жилийн хугацаанд хамгийн ихээр өөрчлөгдсөн үзүүлэлтүүд, бидэнд тулгарч буй бэрхшээл гэх мэт мэдээллийг энэхүү шинэ тайлангаас харах боломжтой юм


Тайлангийн үр дүнгээс-Дэлхийн улсуудын өрсөлдөх чадвар

Нийт 63 орноос өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонконг, АНУ тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улсууд сүүлийн байруудад орсон байгаа юм. БНХАУ өмнөх жилээс нэг байр ухарч 14-т эрэмбэлэгдсэн бол ОХУ өмнөх жилийн адил 45-т эрэмбэлэгджээ.

Бүс нутгуудын хувьд өрсөлдөх чадвар хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

  • Зүүн Азийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ 2016 оноос хойш өсжээ.
  • Хойд Америкийн хувьд өрсөлдөх чадварын эрэмбэ 2015-2017 онд буурч, 2017-2018 онд өсөж, 2019 онд буурчээ.
  • Баруун Европын орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ тогтвортой байсан хэдий ч 2019 онд буурсан байна.
  • Өмнөд Ази, Номхон далай бүс нутагт 2018 он хүртэл өрсөлдөх чадварын эрэмбэ буурсан ч 2019 онд өсжээ.
  • Зүүн Европын орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ өссөөр байгаа юм.
  • Төв Азийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ буурчээ.
  • Өмнөд Америкийн орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ мөн буурсаар байна. 

ИНСТИТУЦИЙН НӨЛӨӨ

Институцийн чадавх, чанар нь эдийн засгийг урт хугацаанд амжилтад хүргэх гол хөдөлгөгч хүч, таамаглагч юм. Өрсөлдөх чадварын эрэмбэд эдийн засгийн өөрчлөлтөд төрийн бодлогын дасан зохицох чадвар (59-рт) болон улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлийн (61-рт) харилцан хамаарлыг  дараах зургаар харуулав.

Өрсөлдөх чадварын хамаарал

Дээрх зургаас харахад эдийн засгийн өөрчлөлтөд төрийн бодлогын дасан зохицох чадвар болон улс төрийн тогтвортой байдлын эрсдэл нь өрсөлдөх чадвартай сөрөг хамааралтай болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, бодлого нь зохицолдоогүй, улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл өндөр байх нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна Монгол Улс институцийн тогтолцоо хамгийн муу орнуудад, тэр дундаа Засгийн газрын бодлого, шийдвэрийн ил тод байдал хангалттай байдаггүй орнуудын тоонд багтжээ.

Институцийн тогтолцоо хамгийн сайн болон хамгийн муу байгаа орнууд /шалгуур үзүүлэлтийн түвшинд/


МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-рт хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна.

Монгол Улсын өрсөлдөх чадварМонгол Улсын өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс “Эдийн засгийн тамир тэнхээ” хамгийн дээгүүр эрэмбэ (58-рт)-тэй байна.

 Өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэ

Монгол Улсын өрсөлдөх чадварын дэд бүлгүүдээс “Үнэ” дэд бүлэг хамгийн дээгүүр эрэмбэтэй байна. Тодруулбал, Манай Улсын хэрэглээний үнийн индекс, амьжиргааны өртөг, орон сууц, оффисын түрээс бусад улсуудтай харьцуулахад бага байна. Харин олон улсын худалдаа, бүтээмж, үр ашиг, санхүү, менежментийн үйл ажиллагаа, технологийн дэд бүтэц, шинжлэх ухааны дэд бүтэц, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ.
Өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбийн өөрчлөлт

/1 жилийн хугацаанд хамгийн их хувиар өөрчлөгдсөн үзүүлэлтүүд/

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт, аялал жуулчлалаас олсон орлого, үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэвэрийн сан зэрэг үзүүлэлтүүд мууджээ. Өрсөлдөх чадварын оноо буурахад дээрх үзүүлэлтүүдээс гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд буурсан нь нөлөөлжээ.


ХАМГИЙН ТААТАЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Судалгаанд оролцогчид Монгол Улсын эдийн засгийн хувьд хамгийн сайн гэж үзэж буй 5 хариулт сонгосон үр дүн. /Санал асуулгад хариулагчдын хэдэн хувь нь үзүүлэлтийг сонгосон байдлаар/

 Монгол Улсын хамгийн таатай хүчин зүйлс

2019 ОНД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД

  •  Гадаад өрийн эргэн төлөлт нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж болзошгүй.
  • Удахгүй болох Улсын Их Хурлын сонгууль улс төрийн тогтворгүй байдал, бодлогын залгамжгүй байдлыг авч ирэх магадлалтай.
  • Сонгуулийн улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч магадгүй.
  •  Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляци өсөх эрсдэлтэй.
  • Хот, суурин газрын хөрсний болон агаарын бохирдол нийгэм, эдийн засагт хохирол учруулж байгаа зэрэг нь Монгол Улсад хүндхэн сорилт болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top