Нөхөн сонгууль болохгүй бол...
Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн маргааныг УИХ, Үндсэн хуулийн Цэц дундаа шидэлцсээр багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд олон нийт үүнийг субъект хоорондын хууль эрх зүйн алдаа, гацаа гэж харахгүй байна. Гагцхүү Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах сонирхол байхгүй учраас ийнхүү дундаа шидэлцэж байна гэх хардлага ч илүүтэй давамгайлах аж. Харин маргааш буюу баасан гаригт энэхүү маргааныг таслах Их суудлын хуралдаан болно. Энэ бол яах аргагүй олны анхаарлын төвд байгаа зүйл. Тэр тусмаа улс төрийн жижиг намууд, улс төр горьлогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй. Мэдээжийн хэрэг УИХ-д төлөөлөлгүй нэг жил гаруйн хугацааг үдээд байгаа Хэнтий аймгийн Чингис хот, Мөрөн, Жаргалтхааны иргэд сонирхож байгаа нь ойлгомжтой. Таамаглаж байгаагаар бол Их суудлын хуралдаан, Дунд суудлынхаа хуралдааны шийдвэрийг үгүйсгэхгүй л болов уу.
Нэгэн тогооноос хооллож буй нөхөд өчигдөр гаргасан шийдвэрээ маргааш нь буруу байжээ гэх нь дотоод ёс зүйд нь үл нийцэх учраас Дунд суудлын хуралдааны шийдвэр хэвээр үлдэх магадлал тун өндөр.
Анх Цэцээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Энэхүү шийдвэр хэвээр үлдвэл нөхөн сонгуулийн тов тодорхойгүй хэвээр үлдэнэ. Таамаглаж байгаагаар явбал ирэх 2020 оны сонгууль хүртэл Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй гэсэн үг. Үүний зэрэгцээ нөхөн сонгуулийг “Зааны эзгүй наадам” гэж үзсэн жижиг намуудын горьлогчид азаа үзэхээр улайрч байгаа. Нэг жил хүрэхгүй хугацаанд ч хамаагүй “УИХ-ын гишүүн” хэмээн цоллуулах хүсэл нь тэднийг ийнхүү яаруулж байна. Тиймдээ ч “УИХ-д төлөөлөлгүй 17 мянган иргэн байна, эрх баригчид нөхөн сонгууль хийхийг үнэхээр хүсэхгүй байна, ард түмэн минь эзэнгүйдлээ” хэмээн уйлах нь халаг худлаа цээжээ дэлдэж байгаа. Үүнээс харвал маргаашийн Их суудлын хуралдааны дараа энд тэндгүй жижиг намууд хэвлэлийн хурал зарлаж таарна. Үнэн хэрэгтээ МАН, АН аль аль нь нөхөн сонгуулийг хүсэхгүй байгаа нь туйлын үнэн. Нэгдүгээрт, цаг үеийн байдал таагүй. Хоёрдугаарт, сонгуулийн ямар ч кампанит ажил өрнүүлээгүй. Гуравдугаарт, иргэдийн бухимдал сонгууль дөхөж буй энэ үед өвдөг шороодвол их наадмын өмнөх өнгөө харуулчихна гээд олон шалтгаан бий. Үнэн хэрэгтээ АН-ынхан эрх баригчид нөхөн сонгуульд өрсөлдөхөөс айж байна, хэргээр хойшлуулж байна гэх боловч өөрсдөө ч нөхөн сонгуулийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. АН-аас нөхөн сонгуульд өрсөлдөгч илгээе гэсэн ч “дүр” алга. Хэнтий аймагт тус бүр хоёр удаа өвдөглөөд буй шороотой бөхчүүд Ц.Оюунбаатар, М.Хүдэрбаатар нараас өөр дүр алга. Хэнтий аймаг бол эртнээсээ МАН-ын дархалсан тойрог бөгөөд нөхөн сонгууль явуулах 42 дугаар тойргийг ч МАН-ын гишүүн төлөөлж байсан. Улс төрийн ууган хүчин нөхөн сонгуульд өрсөлдөх сонирхолгүй байгаа ч нэр дэвшигчээ илгээхээс өөр аргагүй байдалд хүрвэл магадлал бүхий нөхрийг илгээж таарна. АН хэзээ ч нөхөн сонгууль хүсээгүй. Зүгээр л нэг шоу юм. Учир нь суудлаа хамгаалж үлдэхээс гадна, айсуй 2020 оны сонгуулийн өнгө, рейтэнгийн нэгэн хэмжүүр энэ сонгуулиас шууд харагдана. Нөхөн сонгуулийг наадмын өмнө болж байгаа “Их сунгаа” гэж ойлгож болно. Тэгэхээр маргаашийн Их суудлын хуралдаанаар “Их сунгаа” болох эсэхийг шийдвэрлэнэ. Хэрвээ нөхөн сонгууль болохгүй бол жижиг намууд үүгээр далимдуулан нийгэмд өөрсдийгөө харуулах гэж хаа сайгүй жүжиг тавихаас үл хэтэрнэ.
Хэрвээ нөхөн сонгууль болвол...
Өнгөрөгч хавар мөнхийн тэмүүлэлттэй МАХН-аас Хэнтий аймагт тандалт судалгаа явуулсан нь бий. Ингэхдээ өөрсдийгөө баахан дөвийлгөсөн байдгийг энд дурдах нь оройтсон хэрэг. Нөхөн сонгууль буюу “Их сунгаа”-нд ах намынхан хамгийн найдвартай “дүр”-ийг илгээхээс өөр аргагүй. Хэрвээ сонгууль боллоо гэж үзвэл 2020 оны сонгуулийн өмнөх жилийн нөхөн сонгуульд “би” хэмээн гараа өргөөд гүйчих нөхөд тийм ч олонгүй байгаа. Хамгийн боломжит дүр бол Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Н.Ганбямба байж таарна. Олны таамаглаж байгаа шиг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхгүй бололтой. Түүний Хэвлэлийн төлөөлөгч нэлээд эртнээс “У.Хүрэлсүх сайд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн, өөр шийдвэр гаргаагүй байгаа. Намын хувьд өөрийн дүрэм, журмын дагуу нэр дэвшигчээ тодруулах болов уу” хэмээн байр сууриа хэвлэлээр илэрхийлсэн нь бий. Нөгөө талаар улс орны эдийн засгийн таагүй нөхцөлд Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байгаа хүн сонгуульд өрсөлдөөд явах зав зай ч байхгүй биз, зүйд ч нийцэхгүй биз. Тэгэхээр Ерөнхий сайд нэр дэвшихгүй гэсэн үг.
Харин цэнхэр намаас сонирхол бүхий олон нөхөд байгааг эх сурвалж дуулгасан. Юуны өмнө Хэнтий аймагт хоёр ч удаа өрсөлдөөд өвдөг шороодсон М.Хүдэрбаатар ихээхэн сонирхолтой байгаа бол 2016 онд 42 дугаар тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон Ж.Оюунбаатарыг “Нэг мөр шороогоо цэвэрлэх арга бод” хэмээн намаас нь үүрэгдсэн гэх сураг байгаа. Гэтэл орон гарсан энэ тойрогт АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнайг МАН-ын удирдлагууд илгээх сонирхол байгааг ч хэлсэн. Өнөөдрийн тухайд гэвэл УИХ-д бүлэггүй болчихоод байгаа С.Эрдэнэд нэг суудал юу юунаас үнэтэй байгаа одоо дэндүү оройтсон учир зөвлөлтэйгөө дуусах нь тэдэнд илүү ашигтай. Хэрвээ нөхөн сонгууль болохдоо тулвал АН-ын удирдлагуудын нөхөн сонгуульд нэрлэж байгаа нөхөд нь тийм ч дуртай бус байгаа аж.
Гэтэл нөхөн сонгуулийг хамгийн ихээр сонирхож буй жижиг намууд олон бий. Тэр дундаа МАХН бол туйлын сонирхолтой байгаа. Энэ намаас суудал чирээд ирэх магадлалтай нөхөд цөөнгүй байгааг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар гээд магадлал бүхий нөхөд бий. Тэр тусмаа улс төрийн гортигоны цаана арваад жил гудамжны улс төр хийж байгаа Н.Энхбаяр нэг ч гэсэн хоногийн өмнө их улс төрд хөл тавих туйлын хүсэлтэй байгааг надаар хэлүүлэх юун. Энэ тухайд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар хэлэхдээ “Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг” хэмээсэн. Н.Энхбаяр өөрөө хүсч гэмээнэ юун “намын эрх бүхий байгууллагын шийдвэр” вэ. Хувийнхаа намаас өөрөө дэвшинэ үү, өрөөлийг дэвшүүлнэ үү зөвхөн түүний дурын хэрэг. Олон жил улс төрийн талбараас хол “тарчилсан” Н.Энхбаяр өөрөө өрсөлдөх өндөр магадлалтай. Мэдээжийн хэрэг, бусад жижиг намууд бол ялах эсэх нь хамаагүй таних танихгүй нэр дэвшигчдээ илгээж таарна. Хэрвээ нөхөн сонгууль болбол ийм л дүр зураг харагдаж байна. Гэхдээ Их суудлын хуралдаан, Дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийн эсрэг явах ч үгүй биз ээ. Үүнээс цаана ч өөр шалтгаан байж болно.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319