УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм. Чуулганы хуралдааны эхэнд Нутгийн удирдлагын тогтолцооны асуудлаар зарчмын зөрүүтэй санал хураалт явуулах үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж “Зарчмын зөрүүтэй санал үндсэндээ дуусч байна. Харин хойшлуулсан асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авч байна. Манай бүлэг одоо хуралдана. Үдээс хойшхи хуралдаанд асуудлаа нэгтгэсэн байна” гэснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан билээ. Парламентын засаглах асуудалтай холбогдуулан "Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна" гэсэн саналд гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-20-30 мянган гишүүнээр нам байгуулж болохгүй гэж бодож байна. Монголчууд 30 жил хоёр намын системээр байгуулагдсан. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн заалт гэж үзэж байна. Энэ чинь МНН-ыг байхгүй болгох бодлого.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Энэ заалтыг засч, дэмжих ёстой. Намыг үүсгэн байгуулах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох ёстой. Ингэхдээ тухайн жилийн сонгуулийн насны тоогоор нэг хувь хүртэл гэж үзэх хэрэгтэй. Өнөөдөр борооны дараах мөөг шиг 34 нам байна. Бүгдээрээ нэг тамгатай. АН харин ч ардчилалтай. Бусад жижиг нам компани болсон. Сонгуульд ялагдахаараа намын дарга нар нь хариуцлага тооцдоггүй. Нам нэртэй тоглож байна. Тиймээс намын санхүүжилтийг ил болгоод, тоог гаргах хэрэгтэй. Ногоон нам ч гэсэн нэг хүний бургас барьсан нам байдаг. Яагаад ч юм улс төрийн намын гуравдугаарт бичигдээд, тэрийгээ наймаалцах гээд явж байдаг.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Монголын бүх улс төрийн процессийн нүгэл улс төрийн нам дээр очиж байна. Яагаад Засгийн газар огцордог вэ. Тэр намууд худлаа ярьдаг, хулгай хийдэг, хуулиа мөрддөггүй хүнийг өөрсдөө гаргаж ирдэг. Намуудынхаа учрыг олоогүй цагт буруугаа Үндсэн хууль руу чихэж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Намын санхүүжилт байхгүй, ганц хүнтэй намууд байна. Сонгууль болохоор идэвхждэг. Намуудын хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өндөржүүлэх ёстой. 801 хүний гарын үсэг зурдаг байсан бол одоо 20 мянган хүний гарын үсэг зурах юм байна. Би энэ төслийг дэмжиж байгаа.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр сонгуулийн насны иргэдийнх нэг хувьтай тэнцэх хэмжээний гишүүдтэй намыг улсын бүртгэлд бүртгэх боломжийг суулгаж өгч байна гэсэн үг.
Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх "Монгол Улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амтан нь төрийн, нийтийн өмч. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах. Газрын хэвлийн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэж өөрчилсөн заалтыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн санал дээр гишүүд үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Энэ заалтад нэлээн маргаан гарсан гэж ойлгож байгаа. "Монгол Улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амтан нь төрийн, нийтийн өмч" гэжээ. Агаар хаачсан бэ. Агаараар зорчиход төлбөр төлдөг биз дээ. Иргэн бүртээ яаж тэгш, шударга хүртээх вэ. "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах. Газрын хэвлийн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэжээ. Энэ заалт популист биш үү. Аливаа байгалийн баялгийг хүртээхдээ ямар нэг хүний, төрийн хүчнээс хамаарахгүйгээр оршин тогтносон. Тиймээс одоо байгаа хүмүүс яаж хүртэх вэ, ирээдүйд төрөх хүмүүстээ яаж хүртээх, нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг тухайн хэвээр нь яаж авч явах вэ. Төр бол ямар нэг байшин сав биш. Бүх иргэдийг баяжуулах бололцоо нь байгаа юу. Хүн бүр янз бүрийн эдийн засгийн бололцоотой.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалттай холбоотой асуудал Үндсэн хуульд орж ирж байгаа нь зөв. Төрийн, нийтийн өмч гэдгийг одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой зааж өгсөн юм билээ. Төр өөрийн эзэмшлийн өмчтэй байна. Төр нийтийн өмчтэй байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар төрийн нийтийн өмч нь байгалийн баялаг орох юм билээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжиж гарын үсэг зурсан 62 гишүүний нэг нь би. Өнгөрсөн 20 гаруй жил уул уурхайн үйл ажиллагаа хариуцлагагүй явж ирсэн гэж үзэж байна. Жишээ нь, бид "Оюу толгой"-гоос ямар роялти авч байна, Бороогийн алтыг "Бороо гуолд" компани хааш нь алга болгов. Дорнодын Матадын газрын тосны хоёр үйлдвэр Хятадын талд орсон. Малчдын бэлчээрийн даац муудсан гээд олон сөрөг үр дагавар амсч байна. Ард иргэд хариуцлагатай уул уурхайг хэзээ бий болгох гээд байна вэ. "Уул уурхайн Кадастрын алба, аймгийн Засаг дарга, хэдэн нөхөд хуйвалдаад газар шороо ухаад эхэлдэг. Олон талаас зам гаргаад агаар тоосруулж, хүн ардыг дуу чимээгээр цочроогоод байх юм. Хэлж өгөөрэй гэсэн". Энэ бол өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын гол хэсэг. Харин өнөөдрийн оруулж байгаа заалт маш тодорхой заалт гэж дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энгийн хандаж болохгүй. Үүнд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Санал нийлэхгүй хоёр зүйл байгаа юм. Үндэсний баялгийн санг өнөөдөр олон улсын нийтлэг жишгээр байх хэрэгтэй. Олон улсын баялгийн сангийн жишгээс зөрж болохгүй. Баялгийн сан бол хуримтлалын сан байх ёстой. Хуримтлалын санг бий болгох зорилго байх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Ганболд:
-Төрийн, нийтийн өмч гэж сонин нэршил орж ирж байна. Иргэдээс санал асуулга авбал иргэд ойлгохгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг унагах хэмжээний зүйл болж мэднэ. Асуудлаа нэг талд нь шийдэхгүй бол гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр эсрэг саналтай байна шүү. Ажлын хэсэг гишүүдийн үгийг нухацтай авч үзэх ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Маш чухал асуудлыг хэлэлцээд дуусч байна. Зургадугаар бүлэг дээр ямар өөрчлөлт орох нь вэ гэдгийг ард түмэн харж байгаа. Үндэсний баялгийн сан байгуулж байгааг зөв гэж үзэж байна. Шинэ сан байгуулагдаж, татан буугдахыг харж байсан хүн л дээ би. Онцгой статустай бүлэг байх ёстой шүү. Салаа ойлголт төрүүлэх хэрэггүй. Оюу толгойгоо бид 100 хувь хяналтаасаа алдаж байгаа. ҮАБЗ-д шууд нөлөөлөх ордыг стратегийн ордод оруулах ёстой. Гуравдугаар хэлэлцүүлэгтээ энэ асуудлаа цэгцлээд ирээрэй гэдгийг хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Бид ийм зэрэмдэг хууль хийснээс Үндсэн хуулиа өөрчлөхгүй байсан нь дээр. Тиймээс бид энэ зөвшилцлөөс гарахаас өөр зам үлдсэнгүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Сонгуулийн тогтолцооны асуудал хамгийн чухал байсан. 100 хувь санал нэгдсэн нэг заалт нь энэ байна. Үнэхээр сонгууль дөхсөн юм байна. УИХ-ын гишүүд бүгд сургууль, цэцэрлэг гээд жалга руу явж байна. УИХ-ын гишүүд сонгогдох нэргүй болсондоо жагсаалтад орох гээд байгаа юм биш гэх зэргээр байр сууриудаа илэрхийлж байв. Дугаар шилжих мөчид чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөгүй байлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319