-Манай улсын хувьд урьд өмнө ФАТФ-ын 40 зөвлөмжийн 20 орчмыг нь хэрэгжүүлээгүй учраас хэрэгжилт хангалтгүй хэмээн дүгнүүлжээ-
Монгол Улсын Үндэсний зөвлөл мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хийсэн ажлаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр Ази, Номхон далайн бүсийн хурлаар тайлагнаад ирлээ. Харин ирэх аравдугаар сард тус тайлангийн дүн гарч Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эсэх асуудал шийдэгдэх юм байна. Өнөөгийн эдийн засгийн байдал, нийгмийн нөхцөл байдлаас аваад үзвэл бид “Саарал жагсаалт”-д орвол ихээхэн эрсдэлтэй тулгарна.
Тодотговол, мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцооны хүрээнд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын зөвлөмжүүдийг манай улс биелүүлсэн эсэхийг нэг сар гаруйн дараа мэдэхээр болоод байгаа нь энэ.
Дэлхийн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагааг хангаж ажиллах чиг үүрэгтэй ФАТФ гэж байгууллага бий. Тус байгууллагаас 40 зөвлөмж гаргаж, түүнийгээ дэлхийн улс орон болгонд хэрэгжүүлэхийг тулган шаарддаг. Энэ нь тухайн улс оронд мөнгө угаах болон терроризмын ажиллагаа явахаас урьдчилан сэргийлж байгаа зүйл. Манай улс Ази номхон далайн бүсийн байгууллагын гишүүн бөгөөд 2016 онд тус байгууллагын үнэлгээгээр тэдний анхааралд өртсөн улсын тоонд зүй ёсоор ороод байгаа нь ихээхэн түгшүүртэй хэрэг. Олон улсын байгууллагын анхааралд өртөнө гэдэг биднийг ямар хэмжээнд байгааг илтгэж байгаа хэрэг.
Гэхдээ үүнд бодит бус дотоодын зарим бусармаг үйл явдал нөлөөлж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Ерөөсөө олон улсын байгууллагаас гаргаж өгсөн 40 зөвлөмж бүхий стандартыг зөрчсөн, хэрэгжилт хангалтгүй байвал “Саарал жагсаалт”-д орно гэсэн үг. Манай улсын хувьд урьд өмнө ФАТФ-ын 40 зөвлөмжийн 20 орчмыг нь хэрэгжүүлээгүй учраас хэрэгжилт хангалтгүй гэж дүгнүүлжээ.
Монгол Улс “Саарал жагсаалт”-д орохгүйн тулд нэлээд анхаарч тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энэхүү гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль эрх зүйн орчин нэлээд ядмаг байсан бол “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, бүхэлд нь шахам шинэчилсэн. Үүнээс гадна энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдсан гээд “Саарал жагсаалт”-д орохгүй байх арга хэмжээг аваагүй биш авсан. Хамгийн гол нь 40 зөвлөмж тус бүрийг бүрэн хэрэгжүүлнэ гэдэг аливаа улс оронд тийм амар хэрэгжихгүй. Маш урт цаг хугацаа ордог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дотоодын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар олон улсын байгууллагын 40 зөвлөмжийн 20 орчмыг хэрэгжүүлээгүй, хангалтгүй үнэлгээ авч байсан цагаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч энэ хугацаанд бид маш олон талын арга хэмжээ авсан хэмээн тайлбарлаж буй.
Бид үүнийг зөвхөн мөнгө угаах, хар тамхи, зэр зэвсгийн наймаа төдийнхөөр огт ойлгож болохгүй. Монгол Улсад ирэх аюул занал нь маш хортой гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагааг банк санхүүгийн салбар тэр дундаа Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны үүрэг гэж өнөөг хүртэл ойлгож ирсэн нь ч буруу. Бид хэрвээ “Саарал жагсаалт”-д орвол юуны өмнө банк санхүүгийн салбараар дамжиж Монгол Улсад бүхэлдээ буюу бизнесийн бүхий л салбар иргэн, аж ахуй байгууллагад эрсдэл үүснэ.
ФАТФ-ТАЙ ОУВС, ДЭЛХИЙН БАНК НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАДАГ УЧРААС БИД БҮР Ч БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ
Үүнээс үүдэх томоохон аюул нь Монгол Улсын гадаад, дотоод мөнгөн урсгалууд хязгаарлагдана. Манай улс руу орж ирэх валютын урсгал хязгаарлагдах, дотоодын байгууллагууд гадаад зах зээл рүү төлбөр тооцоо хийх урсгал хаагдах, төр болон хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс мөнгө санхүүгийн эх үүсвэр татах боломж ч хомсодно. Гаднаас ирэх мөнгөний урсгал боогдоно гэдэг манайх шиг улс оронд хамгийн хүнд цохилт болно. Өнөөдөр нийгэм эдийн засгийн байдал таагүй байгаа дээр нэмээд “Саарал жагсаалт”-д орвол юу болох нь ойлгомжтой. Тийм ч учраас дотооддоо ихээхэн хичээж ажилласан ч хөндлөнгийн эх сурвалжийн өөр мэдээлэл байгаа нь анхаарал татаж байна. Үүнийг энд дурдах шаардлагагүйгээс гадна яг баримтаар тогтоосон зүйл биш учраас горьдлого бий.
Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцооны хүрээнд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нь /ФАТФ/ дэлхийн нөлөө бүхий гүрнүүдийн санаачилгаар бий болсон байгууллага аж. Өнөөдрийн байдлаар 37 гишүүн улс, хоёр олон улсын байгууллагыг хамарсан ийм байгууллага. Тэгэхээр бид энэ гишүүн орнуудаас нь эерэг санал авч байж “Саарал жагсаалт”-д орохгүй байх боломж бүрдэнэ. Үүнээс харвал бидний хувь заяа гишүүн орнуудын тааллаас ихээхэн хамааралтай. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцооны хүрээнд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нь Олон улсын валютын сан, Дэлхийн банктай нягт хамтын ажиллагаатай ажилладаг агуулгаараа манайд бүр ч хамааралтай. Учир нь манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаа. Энэ утгаараа Олон улсын валютын сан манай эдийн засаг, санхүүгийн салбарт хяналт тавин ажиллаж буй. Өөрөөр хэлбэл бид мөнгөө өөрсдөө бүрэн дүүрэн зарцуулах эрх ч алга. Нэгэнт оруулаад ирсэн хөтөлбөртөө захирагдан үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй. Монгол Улс өр зээл тавихаас эхлээд бүтээн байгуулалтын чиглэлд бүхий л асуудлаа энэ айлтай зөвлөлдөн хийж байгаагаараа туйлын онцлогтой. Нөгөө талаар Дэлхийн банкнаас бид олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, томоохон бүтээн байгуулалтуудын санхүүжилтийг энэ банкнаас босгодог гээд бас нэг зүйл бий. Мэргэжилтнүүдийн хувьд “Саарал жагсаалт”-д орох эсэх нь Олон улсын валютын сангаас хамаарахгүй гэсэн нь байдаг ч яах аргагүй энэ хоёр байгууллага нягт уялдаатай ажилладаг.
Тийм ч учраас эдийн засагчид бол өөр байр суурьтай байгаа. Тухайлбал, ОУВС-гийн удаа дараагийн дүгнэлтүүд Монгол Улсын эдийн засаг өсөлттэй, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа гэдгийг илэрхийлээд байгаа нь Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдал эдийн засаг, төр засгийн удирдлагын санаачилгатай байдлыг харуулж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх гэдэг ойлголт хоёр нь харьцангуй ангид үнэлэгдэнэ. Тийм учаас шууд эдийн засаг өсөлттэй, эерэг байгаагаар бид “Саарал жагсаалт”-аас гарах боломжтой гэж ойлгох боломжгүй гэж үзсэн байдаг. Одоогийн байдлаар “Саарал жагсаалт”-д Умард Солонгос, Иран зэрэг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орон багтдаг болохоос бус манайх шиг улс багтах учиргүй гэж байгаа ч эрсдэл байгаа нь анхаарал татаж байна.
МОНГОЛ УЛСАД МӨНГӨ УГААЛТААР ИЛЭРСЭН НЭГ Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ, ӨӨР ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛДӨГ
Манай улс дагалдах тайлангаа 2019 оны нэгдүгээр сард Ази номхон далайн бүсийн байгууллагад хүргүүлсэн. Дагалдах тайлангийн жилийн хурал дээр хэлэлцэх төсөл тавдугаар сарын 24-нд гишүүн орнууд болон ажиглагч байгууллагуудад тараагдсан байдаг. Дээр дурдсанчлан эдгээр орнуудын таалалд Монгол Улс багтах эсэхээс бас хамаарна. Харин наймдугаар сарын сүүлээр болсон хурлын дүн мэдээ одоо бидэнд хэрэгтэй байна. Бидний анхааралд орсон гээд байгаа нь олон улсын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн хоёр байгууллагын хийсэн үнэлгээний хүрээнд яригдаж байгаа асуудал гэхээр томорч харагдана. Валютын сангийн зүгээс мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд техникийн туслалцаа үзүүлж хамтран ажилласан. Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн боловч гагцхүү хэрэгжүүлэх тал дээр асуудалтай байгааг гаднын шинжээчид дурдсан нь бий.
Монгол Улсад мөнгө угаалтаар илэрсэн хэрэг нэг ч байхгүй гэдгийг Гүйцэтгэх засаглалын зүгээс хэлж байгаа. Олон улсын зэрэглэлд таагүй харагдаж байгаа нь өөр хүчин зүйлээс нөлөөлөлтэй гэдгийг ч дурдсан. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Жастын Ш.Батхүүтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн 185 хөрөнгө байгаа юм. Гэтэл мөнгө байхгүй тул Эрдэнэт үйлдвэрийн өрийг төлөхгүй гэдэг. Энэ мэтээр төрийн мөнгийг үнэгүйдүүлсэн хүмүүс олон байна. Үүнтэй холбоод хэлэхэд Хөгжлийн банкнаас зээл аваад эргээд төлдөггүй аж ахуйн нэгжүүд байна. Одоогийн байдлаар гэхэд ХХААХҮЯ дээр байгаа бүх бичгийг шалгаж байгаа. Энэ мэт асуудлаас үүдээд олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаах хэрэг гэж хараад байна. Өөрөөр хэлбэл дотоодын бусармаг хүчин зүйл нөлөөлөөд байгаа юм” хэмээсэн нь бий. Гэтэл нөгөө талаас Ж.Батзандан нарын гишүүд “Монгол Улсын өмнө тулгараад байгаа нэг асуудал нь “Саарал жагсаалт” боллоо. ФАТФ манай улсыг аравдугаар сард “Саарал жагсаалт”-д оруулах эсэхээ шийднэ. ФАТФ манай улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх зөвлөмжийн хэрэгжилтийг хангахгүй байна гэсэн анхааруулгыг ирүүлээд байна. Хэрэв энэ саарал жагсаалтад Монгол Улс орвол гаднын улсад хийх иргэдийн валютын гүйлгээ зогсоно. Ам.долларын ханш чангарна” гэх мэтээр айлгаж байна.
Энэ бол Монгол Улс, иргэдэд маш буруу ойлголт өгч байгаагийн нэгэн жишээ гэдгийг зарим эдийн засагчид ч хэлж байна. Ямартай ч бид “Саарал жагсаалт”-д орох эсэхээ ирэх аравдугаар сард дуулах нь.
Сэтгэгдэл ( 7 )
Өнөөгийн төрд байгаа Хүрэлбаатар, Номтойбаяр, Чожилсүрэн тэргүүтэй баялгийн хулгайч, улсаа худалдагчдыг зайлуулаагүй цагт Монгол улс сэхэхгүй, саарал битгий хэл хар болж хувирана даа.
Jagsaaltand baina,jagsaaltaas garlaa odoo boloxoor jagsaaltiin omno zogsoj baina ch gex shig xyn itgeed unshix niitlel gej alga daa !!!
саарал жагсаалтаас мултарлаа гэсэн мэдээ бүх сайтад гарсан даа, худлаа байсымуу?
Орох хэрэгтээ мөнгө угаадаг хүмүүс айж байгаа байх зүгээр байж байгаа хүмүүс бол орхыг дэмжиж байгаа
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319
Хүн ам нь ядуу зүдүү амьдардаг харин офшор дансан дахь мөнгө нь дэлхийн баячуудын эгнээнд орохуйц байдгийг ард түмэн мэдэхгүй болохоос дэлхий нийт мэдэж байгаа шүү. манайд мөнгө угаалт байдаггүй гэнэ үү.....
Анхмаа, Анхмаа, Анхны хайр минь чи билээ.