Хууль бусаар олсон хөрөнгийн урсгал хууль бус аливаа үйлдлийг санхүүжүүлэхэд чиглэдэг нь тодорхой байдаг. Тиймээс дэлхий нийтээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг нэгдсэн байдлаар тэмцээд багагүй хугацаа өнгөрч буй. Манай улсын тухайд ч олон улсын стандартаас гажилгүйгээр Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлагатай байгаа. “Саарал жагсаалт”-ын гадаа үлдэхийн тулд хийсэн “гэрийн даалгавар”-аа ФАТФ-ын хуралдаанд танилцуулаад ирсэн. Ер нь Монгол Улс Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэхэд тал бүртээ анхаарч ажиллаж буй гэдгийг нотлохыг чухалчилж буйг тодотгох нь зүйтэй.
Тэгэхээр энэ удаа дотоодын нөхцөл байдлаас гадна дэлхийн улс орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.
ФАТФ-аас энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл гаргахдаа Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх ажлын хүрээнд стратегийн дутагдалтай буюу хар жагсаалтад орсон улсуудыг дурдсан. Үүнд, БНАСАУ болон Иран улс багтсан юм.
Мэдэгдэлд, БНАСАУ нь Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тогтолцоонд тулгараад буй томоохон асуудлуудаа шийдвэрлээгүй, олон улсын санхүүгийн системд учруулаад байгаа хор уршгаа арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа нь эрх бүхий байгууллагуудын санааг зовоосон хэвээр байна. Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн БНАСАУ-ын иргэн, тэр дундаа тус улсын компаниуд, санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн нэрийн өмнөөс гүйлгээ хийхийг завдсан этгээдтэй санхүүгийн харилцаа үүсгэхэд онцгой анхаарал хандуулахыг ФАТФ-аас нийт улс орнуудад анхааруулж байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргадаг тогтоолуудын дагуу тус улсын холбогдох этгээдтэй харилцаа үүсгэхгүй байх, үүсгэсэн тохиолдолд таслан зогсоох арга хэмжээг авахыг зөвлөж байна гэсэн.
Иран улсын тухайд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тогтолцоог сайжруулахтай холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэдий ч ФАТФ-аас хангалтгүй гэж үзэн шаардлагатай арга хэмжээг бүгдийг нь авч хэрэгжүүлтэл хар жагсаалтад үлдээхээр болсон бөгөөд улс орнуудад анхааруулга хүргүүлсэн. Иймд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд Иран улсын хувь хүн, хуулийн этгээдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарал болгоомжтой хандах, өндөр эрсдэлтэй харилцагчдад зориулсан нарийвчилсан харилцагчийг таних механизмыг авч хэрэгжүүлэхийг анхааруулсан.
Ер нь дэлхий нийтийн хувьд эрүүл саруул эдийн засагтай байхын тулд Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага бий. Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэлэхдээ:
“АНУ гэхэд санхүүгийн систем шалгуур өндөртэй. Төрийн байгууллагууд нь санхүүгийн системдээ үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдэд өндөр хяналт тавьдаг. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг олон улсын том банкуудад сүүлийн үед торгуулийн арга хэмжээнүүд авагдаж буй. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан гэсэн тодотголтой торгууль төлбөр төлцгааж байгаа. Том эдийн засаг учраас мөнгө угаах гэмт хэрэгт нэлээн нэрвэгддэг. Тийм учраас гаднаас орж ирж байгаа мөнгөний урсгалд хамгаалалт, хяналт тавьдаг. Австрали, Япон, Европ гэхчлэн том эдийн засгууд ялгаагүй бүгдээрээ стандарт, шаардлагыг биелүүлэхийг нэхдэг. Бид олон улсын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулъя гэж байгаа бол шаардлагуудыг нь биелүүлээд явж байх ёстой” гэж байсныг сануулъя.
Хуулийн байгууллагын эх сурвалж хэлэхдээ “Мөнгө угаах гэмт хэрэг нь Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдалд аюул, заналхийлэл учруулах бөгөөд гэмт этгээд, гэмт бүлэг, зохион байгуулалттай бүлэглэлүүд гэмт хэргээс олсон орлого, хөрөнгөөр дамжуулан санхүүгийн системд өөрийн нөлөөг тогтоох, гэмт үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засагт хор уршигтай үйл ажиллагаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудыг чадавхжуулах нь олон улсын түвшинд төдийгүй Монгол Улсын хувьд ч тулгамдсан асуудал хэвээр байгаа. Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд бүлэг, зохион байгуулалтад орж үйлдлийн арга, хэлбэр улам боловсронгуй болж техник, технологийн дэвшлийг ашиглах, гэмт хэргийн улмаас олсон орлогыг улс, орон дамжуулж шилжүүлэх хандлага ажиглагдаж байна” гэж байсан юм.
Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон дэлхийн томоохон банкуудын мэдээллээс хүргэе.
-Английн HSBC банк хууль зөрчин Мексик, Иран, Куба, Саудын Араб зэрэг улс орнуудтай сүлжээлэн мөнгө угаасан нь тогтоогдож, улмаар 1.9 тэрбум ам.долларын торгууль төлж байсан.
-Стандарт Чартеред банк АНУ-ын эдийн засгийн хорионд орсон орнуудын жагсаалтад орсон Судан, Иран зэрэг дөрвөн улстай 2001-2007 оны хооронд бизнесийн харилцаатай байсан нь нотлогдсон тул АНУ-ын холбооны болон Нью-Йорк мужийн хууль хяналтынханд нийт 667 сая ам.долларын торгууль төлсөн байдаг.
-Мексик улс хар тамхины наймаанаас жилд 50 тэрбум ам.долларын орлого олж байгаа ч зургаан жилийн дотор энэхүү хууль бус наймааны хөлд дөчөөд мянган хүн амиа алдсан гэсэн тоо бий.
-Авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч “Трансперенси Интернешнл” байгууллагаас Индонезийн Ерөнхийлөгч асан Сухартог хамгийн том авлигачдын жагсаалтад оруулж байсан. 9 тэрбум ам.долларыг Австрийн банкинд хадгалуулсан нь илэрснээр, түүний хөрөнгийн эх үүсвэр хууль бус болох нь илэрсэн юм.
-Нью-Йоркийн банкин дахь “Benex Worldwide” компанийн дансаар Оросын мафийн мөнгийг угааж байсан асуудал илэрч байв. 1996-2002 оны хооронд 9 орчим тэрбум ам.доллар Америкийн банк руу шилжсэнийхээ дараа буцаад Европын банкуудаар дамжиж Орос руу орсон байдаг.
Сэтгэгдэл ( 0 )