“Дэлхийн гол эдийн засгууд түүхэн дэх хамгийн урт тэлэлтийн мөчлөгтөө яваа”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 07

 Санхүүгийн мөчлөг гэж яг юуг хэлж байна вэ, бизнесийн мөчлөгөөс юугаараа ялгаатай вэ? Мөчлөгтэй холбоотой ямар гол сорилтууд байна вэ гэдэг асуултад Төв банкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл дараах хариултыг өгч байна.

Ердийн бизнесийн мөчлөг бол эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээ хэр идэвхтэй өрнөж буйг харуулдаг үзүүлэлт гэж хэлж болно. Үүний хүрээнд ДНБ-ийн бодит өсөлт, мөн түүнчлэн хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн идэвхжил, худалдааны салбарын борлуулалт, ажил эрхлэлт, өрхийн орлогын өсөлт гэх зэрэг үзүүлэлтүүдийг авч үзэх нь түгээмэл. Тэгвэл эдийн засагт оролцогчдын үйл ажиллагаа цаанаа санхүүжилттэй ихээхэн холбоотой байдаг бөгөөд санхүүгийн нөхцөл байдал ч мөн тодорхой мөчлөгтэй байдаг. Жишээ нь компаниуд хөрөнгийн зах дээрээс хувьцаа эсвэл бонд хэлбэрээр санхүүжилт босгох боломж, эсвэл иргэдийн авч буй хэрэглээний зээл, эзэмшиж буй хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөх нь одоогийн санхүүгийн байдал болон цаашдын шийдвэр, үйл хөдлөлд нь чухал нөлөөтэй. Энэ нь хэдийгээр мэдээжийн зүйл мэт санагдавч зээлийн өсөлт, бондын хүүгийн спред, хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнийг ажиглаад, ямар нэг нэгдсэн дүгнэлт хийх нь амаргүй. Учир нь энэ өсөлт үнэхээр “эдийн засаг хэвийн, сайн байгаагийн илрэл үү?” эсвэл “хэт эрсдэлтэй зүйл үү?” гэдэг заагийг ялгах шаардлагатай учраас тэр. Санхүүгийн байгууллагууд эдийн засаг сайн үед санхүүжилтийн нөхцөлөө хэт сулруулж, мөчлөг дагасан үйл хөдлөлтэй байдаг нь нэмэлт сорилтыг дагуулдаг. Тухайлбал, эрсдэл өндөртэй зээлдэгчид шалгуур багатай моргейжийн зээл ихээр олгосон нь 2008-2009 оны хямралын шалтгаан болсон том сургамж байсан. Мөн санхүүгийн мөчлөг бизнесийн мөчлөгөөс урт бөгөөд, далайц өндөртэй байх нь түгээмэл тул хоёр мөчлөг зөрөх үед сорилтыг бий болгодог. Одоо дэлхийн гол эдийн засгууд түүхэн дэх хамгийн урт тэлэлтийн мөчлөгтөө яваа бөгөөд харьцангуй бага хүүгийн орчинд санхүүгийн маш таатай нөхцөлөөр үүнийг дэмжиж буй. Бизнесийн мөчлөг унахад санхүүжилтийн нөхцөлийг үргэлжлүүлэн сулруулах уу, энэ нь ирээдүйд санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагаа, хөрөнгийн үнийн хөөсрөл болон өрийн тогтвортой байдалд илүү том эрсдэлийг хуримтлуулах уу гэдэг нь том асуулт юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top