2019-2020 оны эдийн засгийн төлөвийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан дараах байдлаар тодорхойлж байна.
Эдийн засгийн өсөлт, идэвхжил үргэлжлэх бөгөөд үүнд голлон цалингийн өсөлт, өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт нөлөөлөхөөр байна. Түүнчлэн 2019 онд экспортын үнэ таатай 2020 он хүртэл Оюутолгой уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилж, экспортын салбар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн идэвхжилийг даган санхүүжүүлэх эх үүсвэр буюу банкны зээлийн олголт хэвийн үргэлжлэхээр байна.
Эдийн засгийн ойрын ирээдүй өөдрөг байгаа хэдий ч 2019-2020 он дунд, урт хугацааны сорилтыг амжилттай даван туулахад бэлтгэх хугацаа юм. ОУВС дөрөвдүгээр сард дэлхийн эдийн засгийн 2019 оны төсөөллийг 3.3 хувь, 2020 оны төсөөллийг 3.6 хувь болгож, өнгөрсөн оны аравдугаар сарын төсөөллөө 0.4 болон 0.1 нэгж хувиар харгалзан бууруулаад байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй (WEO, 2019.4). Монгол Улсын эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор дор хаяж ойрын арван жилд түүхий эдийн үнэ, худалдааны түншийн эдийн засгаас хамаарах байдал үргэлжлэх нь тодорхой тул хүссэн ч эс хүссэн ч төр, хувийн хэвшлийн аль аль нь гадаад орчноо анхааралтай судалж, эрсдэлээ зөв үнэлсэн санхүүгийн удирдлага, бизнесийн төлөвлөлт, бодлогын стратегиа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засгийн суурь эмзэг байдал нь илүү их нөөц, хөрвөх чадвар, эрсдэл даах чадвартай байхыг биднээс шаардаж байна. 2018 оны дэлхийн эдийн засгийн хандлагын тайланд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи арван жилийн дараах эдийн засгийн сэргэлтийг шинжилж дүгнэлтээ танилцуулжээ. Энэхүү судалгаанаас харахад, хямралын өмнө санхүүгийн салбар нь илүү эмзэг байсан улс оронд хохирол өндөр байсан бол төсвийн салбар нь илүү хүчирхэг, уян хатан валютын ханштай улс орон илүү хохирол багатай байжээ. Эдийн засаг тогтворжиж, богино хугацааны хүндрэл илааршиж, сэргэж байгаа ч дунд хугацааны эмзэг байдал хадгалагдаж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцлийн хувьд экспортын орлого нэмэгдэж байгаа хэдий ч импортын өсөлттэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байна. Гадаад өрийн хэмжээ 28.7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 220.5 хувьтай тэнцэх түвшинд хүрсэн энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нутагшуулах тууштай бодлого дутагдаж байгаа нь дунд хугацааны гадаад тэнцлийн тогтвортой байдалд санаа зовоход хүргэж байна. Цаашид гадаад орчноос хамааралтай байдал, гадаад өрийн дарамтыг харгалзан үзэж, валютын ханшид аль болох дарамт учруулахгүйгээр валютын нөөцөө нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын баталгаа болно. Эдийн засгийн сэргэлт, түүхий эдийн үнийн таатай төлөвтэй холбоотойгоор төсвийн орлогын гүйцэтгэл сайн байж, төсвийн алдагдал буурсан ч цаашид сахилга баттай, мөчлөг сөрсөн бодлогоор үргэлжлүүлэн бууруулах нь гадаадын өрийг бууруулах орон зайг бий болгож, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшил өргөжих бололцоог бүрдүүлэн татварын дарамтыг бууруулна. Арилжааны банкны бизнесийн арга барил, системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, Монголбанкны хяналт шалгалтыг олон улсын түвшинд хүргэх нь хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас хэт хамаарах, төвлөрлийг сааруулах бодлогыг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан маш аядуу, сайн төлөвлөлттэйгөөр урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь ихээхэн өргөн агуулгатай ойлголт бөгөөд эдийн засгийн салбарын төрөлжилтөөс гадна инновац, институци, дэд бүтэц зэрэг суурь хүчин зүйлийн чиглэлээр дэвшилт гаргах шаардлагатай байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлага, гадаад өрийн эргэн төлөлтийг амжилттай шийдвэрлэхэд урт хугацааг харсан, “Зардал-өгөөж-эрсдэл”-ийг сайн дэнсэлсэн тууштай, тогвортой бодлогыг дэлхийн санхүүгийн зах зээлийн тоглогчидтой маш найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх учиртай гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )