Жуан Пабло Бохославски: Уул уурхайн бүх ашгийг хувийн салбар завшихыг зөвшөөрч болохгүй

2019 оны 09 сарын 12

Монгол Улс  2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гараад буй. Энэ бол өнөө маргаашдаа харьцангуй тайван байж болох ч дараа дараагийн өдрүүдэд өрийн айсуй дарамт угтаж буйг батлах том тоо. Тэгвэл Монгол Улсын гадаад өр болон бусад төрлийн олон улсын санхүүгийн үүргүүд нь Монголд хүний бүх эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангуулахад хэрхэн нөлөөлж буйг судалсан НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославскигээс ирэх жилүүдэд төлөх өр болоод хүний эрхэд нөлөөлөх хамаарлын талаар тодруулсан юм. Тэрбээр “Өрөө төлөх ямар гарцууд байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Орлого талаасаа ийм хэмжээний хөрөнгийг бүрдүүлж байж эргэн төлөлтөө хийнэ гэж тооцоолохоос гадна  өрийн эргэн төлөлттэй холбоотойгоор  иргэдийн эдийн засгийн, нийгмийн эрх ямар байдлаар хөндөгдөх юм бэ гэдэг үүднээс дүн шинжилгээ хийж, аль болох эрхийг нь дээдэлж, доройтуулахгүй байх хэмжээний шийдэл, шийдвэр гаргах хэрэгтэй” гэв.

Шинжээч Жуан Пабло Бохославски энэ сарын 2-11-д манай улсад ажиллахдаа  анхдагч эх сурвалжуудтай уулзаж, судалжээ. Түүний судалгаа улсын өр, макро эдийн засгийн бодлогыг хүний эрхийн үүднээс үнэлэх; уул уурхайн салбарын үр өгөөж нийгэм, байгаль орчны хүртээмжтэй цогц бодлогод хэр нийцтэй байгаа эсэх; хүний эрх, тогтвортой хөгжлийг эрчимтэй хангахад оруулж буй хувь нэмрийг ойлгох; уул уурхай, дэд бүтцийн чиглэлийн  төслүүдэд олгосон зээлүүд,  гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзэхэд чиглэсэн гэдгээ дуулгасан. Гэхдээ түүний ажилласан, судалгаа хийсэн хугацаа богиноос гадна эх сурвалжууд, ашигласан мэдээллүүдийн цар хүрээ тийм ч өргөн хэмжээнд биш байсан. Гэхдээ түүний зөвлөмжийн агуулгад анхаарч харах асуудлууд байсныг тодотгоё.

Жуан Пабло Бохославски хэлэхдээ “Уул уурхайн салбар Монгол Улсад жинхэнэ хувьсал өөрчлөлтийг өдөөгчийн үүрэг гүйцэтгэн эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бодитойгоор эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүний хөгжлийг идэвхжүүлэгч хурдасгуур нь байх шаардлагатай байна. Монгол Улс байгалийн баялгаар арвин. Энэ нь ерөөл, хараалын аль нь ч байж болох юм. Өнөөгийн эдийн засгийн загвар нь ашигт малтмалын олборлолт дээр суурилсан бөгөөд ашигт малтмалын ашиглалт, удирдлага, зохицуулалт, орлогын хуваарилалт нь эрхийн хэрэгжилтийг баталгаажуулахад тус дэм болох ёстой” гэж байлаа. Мөн “Ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлт эдийн засагт, улмаар хүний эрхэнд нөлөөлж болно. 2015-2016 оны эдийн засгийн уналт түүхий эдийн үнэ огцом унаснаас үүдэлтэй байсан. Энэ нь ядуурал, тэгш бус байдал өсөн нэмэгдэхэд нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна. Эдийн засгийг сэргээх зорилгоор Засгийн газраас далайцтай эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлсний зарим нь макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг сайжруулах зорилго бүхий ОУВС-гийн санал болгосон арга хэмжээ байв. Эдгээр арга хэмжээний дотор ортодокс буюу уламжлалт мөнгөний бодлогын арга хэмжээ орсон. Монгол Улсад  шинэчлэлийн бодлогын хүний эрхэнд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ  хийдэг нийтлэг дадал тогтоогүй байгаа. Төрийн гадаад өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж буй нь түгшүүртэй асуудал биш юм. Гэсэн хэдий ч санхүүгийн эрх бүхий байгууллагууд өрийн тогтвортой байдлын судалгаандаа хүний эрхийн хэмжигдэхүүнийг авч үзэж оруулах нь зүйтэй” гэлээ.

Эдийн засгийг төрөлжүүлэх асуудал хоцрогдоод байгаа талаар шинжээч дурдсаны сацуу Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилго тавин ажиллаж буйг  онцлов. Засгийн газраас энэ чиглэлд илүү бодитой алхам хийх, шинжилгээ судалгаа, инновац, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэв.

Санхүүгийн байгууллагуудаас тэрдундаа Банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгож буй зээлийн жилийн хүү 200 хүртэлх хувьд хүрч буйг,  мөн өдрийн хүү тогтоож байгаа нь иргэдийн хоол хүнс, орон байртай байх зэрэг анхдагч хэрэгцээгээ, нийгэм, эдийн засгийн эрхээ эдлэхэд сөргөөр нөлөөлж буйг тэрбээр тодотгосон.

Энэ оны хоёрдугаар улирлын статистик дурдахад Засгийн газрын нийт гадаад өр 7.2 тэрбум ам.доллар, улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.6 тэрбум ам.доллар болсон. Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр 15.8 сая ам.доллароор буурсан бол, Улсын нийт гадаад өр 171 сая ам.доллароор  өссөн үзүүлэлт. Шинжээч Жуан Пабло Бохославскигээс нийт  өрийн бүтцийг задалж харвал, төр болоод хувийн хэвшлийн өрийн хүний эрхэнд нөлөөлөх нөлөөллийн  талаар тодруулахад:

-Өр бол өр. Хувийн хэвшил, төрийн өр гэлтгүй нөлөөлнө. Хувийн хэвшил  зээл авахдаа төлөвшсөн байдлаар хандах хэрэгтэй. Өр бидний ирээдүйд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэг талаас харж, өрийн тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Хувийн хэвшлийн өрийн хэмжээ өсөж байгаа.  Нөлөөлөл нь ямар байх вэ гэдэг дээр  дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэсэн юм.

Мөн тэрбээр уул уурхайн салбартай холбоотой байгаль орчны асуудлыг авч хэлэлцдэг байнгын шинж чанартай, олон талын оролцоо бүхий платформ бий болгохыг Засгийн газарт зөвлөсөн. Уул уурхайн компаниуд, уул уурхай, байгаль орчин, хүний эрхийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд  болон нөлөөлөлд өртсөн иргэд гэсэн талуудын оролцоог хангасан бүтцийг тэрбээр хэлж байсан.

Говь цөлд амьдарч буй малчдын хувьд усан хангамж, хүртээмжийн асуудал нь тэдгээр иргэдийн  амьжиргааны үндэс суурь нь юм.  Уул уурхайн үйл ажиллагаа нь эрүүл амьдрах, орон байр, ус болон эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Уул уурхайн компанийн гэрээлсэн  хувийн зөвлөх компани  нөлөөллийн үнэлгээг хийдэг. Би энэхүү тогтолцоонд оршиж буй ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.  Оюутолгойн уурхайд очиж танилцсан. Уурхайн орчны газар нутгийн усны хүртээмжид уг уурхайн үйл ажиллагааны  үзүүлэх нөлөөлөл зэрэг олон асуудлаар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны үр дүнд гэрээ байгуулсныг олж мэдлээ. Оюутолгой компани нь нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүх талуудын шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх, эсхүл төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай усны хүртээмжийн талаар бусад хувилбарыг авч үзэхийг уриалж байна гэлээ. Монгол Улсад хүн амын орлогын татвар жигд 10 хувь байгааг  учир дутагдалтай тогтолцоо гэж хэлсэн. Дахин хуваарилалтыг зохистой болгох, орлогын хэмжээтэй уялдан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөцийг бүрэн дүүрэн дайчлах явдал маш чухал. Уул уурхайн салбарт хэрэглэж буй татварын тогтвортой байдлын тухай заалт ёсоор Монголын байгалийн баялгийг ашиглан олж авсан гэнэтийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшихыг зөвшөөрч болохгүй. Түүхий эдийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг даган тэр хэмээр өөрчлөгдөж байдаг хөвөгч роялти системийг ашиглахыг зөвлөв.

“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг батлах замаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгохыг зорьж буй төр, засгийн хүчин чармайлтыг тэрбээр сайшаасан. Гэхдээ бүхий л салбарыг хамаарсан маш тодорхой, уялдаа холбоо бүхий бодлогын багц болгох хэрэгтэйг хэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top