"Синдром"-той хүмүүсийн "солиотой" үдэш

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Танхим дүүрэн үзэгч чив чимээгүй. Гагцхүү нэгэн бүсгүй 20 дугаар зууны суут зураачид болох зууны суутан чихгүй зураач Ван Гог , зүүдийг амилуулагч Сахалт Сальвадор Дали, модон хөлт мохошгүй дайчин бүсгүй Фрида Кало нарын тухай амьдрал, уран бүтээлийн тухай ярина. Түүний ярианаас “өөрийгөө олох, өөрийгөө ойлгох, өөрийгөө таних” гэдэг үг олонтаа сонсогдсон нь өөрийгөө чагнаархан дотогшоо өнгиймөөр санагдуулав.

Түүнийг М.Амина гэдгийг дүрслэх урлаг сонирхогч хэн бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа л даа. Тэрбээр Корпорет конвеншин цэнтрт энэ сарын 10-ны үдэш синдромтой хүмүүсийг нэг дор цуглуулж чадлаа. Синдром буюу сэтгэл хөдлөл гэдэг зүйл уран бүтээлчдийн амин сүнс нь билээ. Сэтгэл хөдлөхгүйгээр, эмзэглэл, өвдөлт, шаналал мэдэрч, асан дүрэлзэж, анивчин унтрахгүйгээр ямар ч уран бүтээл төрөхгүй. Уран бүтээл гэдэг хүнийг ямар нэг гаригаас ирсэн гаж донтон, галзуу солиотон, гайхамшигт эрэлчин болгож суутныг  төрүүлдөг хатуу самар шүү дээ. Тиймээс дээрх зураачдыг суутнуудын тодоос тод төлөөлөл хэмээн сонгож М.Амина нэгэн үдэш тэдний амьдралаар биднийг амьсгалуулав.
 

М.Амина Вангогийн тухай ярихдаа нухацтай, түгшүүртэй, эмзэг зөөлөн өнгө аясаар ярьж, биеийн галбирыг тодотгосон бэйж өнгийн торгомсог даашинз өмссөн бол Дали дээр дайчин, эрэмгий, зоримог өнгөөр ярьж, бардам ихэмсэг байдлыг тодотгосон тас хар өнгийн сонгодог даашинзаар гоёв. Харин Фрида дээр час улаан урт даашинзаар гангарч, зөөлөн дулаан, энхрий ялдам өнгөөр түүний тухай хүүрнэсэн юм.

Дэлхийн алдарт агуу суутан уран бүтээлч , зураачдын амьдралын замнал, дахин давтагдашгүй уран бүтээл төрөх агшин , гайхамшигт урлагийг ойлгож, уран зургийг уншиж сурах, ухан ойлгуулах энэхүү “СИНДРОМ” арт шоу лекц Монголд анх удаа болж байгаагаараа онцлог юм. Урлаг судлаачийн сонирхолтой лекцийн зэрэгцээ Мексик үндэсний бүжгийн үзүүлбэр, модерн балет , саунд-арт, уран зургийн үзэсгэлэн толилуулж зочдын сэрэл мэдрэмжийг сэрээх, сэргээх олон талын урлагтай үдэш байлаа.

37-хон наслахдаа амьдралынхаа сүүлчийн долоон жил л агуу урлагийн бүтээлүүдийг туурвисан , пост-импрессионизм урсгал чиглэлийг үндэслэгч Ван Гог яагаад чихээ тасдах болов? Тэрээр хамгийн алдартай бүтээл болох “Одот шөнө”-өө сэтгэц мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа туурвисан юм гэж үү? Сюрреализм урсгалын том төлөөлөгч , чупа чупсны зураач Сальвадор Дали эмэгтэй хүнээс эмээж айдаг байсан уу? Эх орныхоо иргэний дайныг ганцхан уран зургаар урьдаас зөгнөж чадсан нь ямар учиртай юм бол? Амьдралынхаа туршид 37 удаа хагалгаанд орсон Фрида Калогийн баяр баясгалан, эрч хүчний нууц нь жинхэнэ хайртай учирсных уу? зэрэг олон сонирхолтой сэдвээр бүтэн гурван цаг уйдаалгүй, унтуулахгүй ярина гэдэг урлаг судлаач бүсгүйн хамгийн том чадвар байлаа. Аминагийн хүүхдэрхүү ааштай атлаа эмэгтэйлэг, эрхэмсэг байдалд татагдан, амттай, шимттэй ярианд нь умбан суух үзэгчдийн харцанд ер бусын очис гэрэлтэнэ.
 


Дэлхийн түүхэнд өөрчлөлт оруулсан XX зууны модернизм урлагийн суутан уран бүтээлчдийн намтар түүх, уран бүтээлийн тухай ярианд хачир нэмж УДБЭТ-н гоцлол бүжигчин Б.Төгөлдөрийн модерн балет, "Анима" Дүрслэх урлаг, дизайны сургуулийн Нарны хамтлагийн Ацтек үндэсний бүжиг, Mohanik хамтлагийн хөгжимчний Саунд Арт буюу дуу авианы урлаг, Монголын андеграунд DJ нарын үзүүлбэр мөнөөх харцан дахь очисыг улам бадрааж байлаа. Зураачдын тухай ном бүтээлийн худалдаа, үзэсгэлэн болон  “Анима” дүрслэх урлагийн сургуулийн захирал, зураач Я.Булганы уран бүтээлийн үзэсгэлэн энэхүү үдшийн утга учрыг улам чимж байв.

Гал улаан өнгийн толгойн чимэг бүхий, Фриданууд, Мексикийн бэлгэ тэмдэг болсон хурц тод өнгөтэй өдөн гоёлтой хүдэр чийрэг, урт үстэй эрс, эвэр сахалт Далигийн хувилбарууд, чихгүй солиотын амьд төрх 21 дүгээр зуунд эргэн ирж, үзэгчдийн харцыг сонин содон төрхөөрөө дагуулна. Ягаан, ногоон үстэй, авангарьд загварын хувцастай охид, хөвгүүд үйл ажиллагааны туслах албанд зогсохын зэрэгцээ ирсэн зочдын “хэвийн биш” хувцаслалт, өвөрмөц төрх олныг алмайруулна. Нэг үе хүмүүс хошин шог руу хошуурч, нийтийн дуу руу намирч байсан бол сэтгэлгээний тэлэлт, урлагийн мэдрэмж илүү гүн, илүү элит төвшний болсон нь энэхүү шоунаас харагдлаа. Энэ үдэш яах аргагүй "синдром"-той хүмүүсийн  “солиотой” үдэш байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top