ЕБС-ийн сурагчид хордлогод өртсөн асуудлыг шалгаж байна

2019 оны 09 сарын 12

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн өөр өөр бүлгийн таван сурагч гэдэс нь эвгүйрхэж, эмнэлэгт ханджээ.

Тэд одоо гадуур эмчилгээ хийлгэж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг эхлүүлж, тус сургуулийн үдийн цай, хоол, ахуйн ус, орчноос дээж, арчдас аван шинжилгээнд өгч, сургуулийн байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгүүлсэн байна. 

Мөн тус сургуулийн нийт хүүхдэд тандалт судалгаа явуулахад 11 хүүхэд нэмж өвчилсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Сургуулийн төвлөрсөн усан хангамжийн системд эвдрэл гарсан тул зөөврийн ус хэрэглэж байгаа аж.


Түүнчлэн энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн 13 дугаар хороо, "Цэцээ гүн" компанийн байранд байрлах “Уудам монгол эдүкэйшн” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хандаж, 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  

Сурагчид "Фаунд тайн" ресторанаас хүргэлтээр ирсэн шөл, котлет, салат зэргийг идсэн бөгөөд үүнээс хойш хордлогын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт яаралтай ханджээ.

НМХГ-аас тус хоолыг нийлүүлсэн ресторан, сургуулийн анги танхимаас арчдас, шүүлтүүртэй усны савнаас дээж аван шинжлүүлж байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилтэй холбогдуулан төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хийж байна. 

Эх сурвалж: МХЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top