УИХ-ын тухай хуулийн 15.2-т "Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ урьдчилан хэлэлцэж тогтооно" гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.09.13/ хуралдаж, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд 19 гишүүн оролцох ёстой ч 57.9 хувийн ирцтэй эхэлсэн. Тогтоолын төслийг байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцууллаа.
ЗАСГИЙН ГАЗРААС 82 ТӨСӨЛ ИРҮҮЛСНИЙ ДОЛООГ НЬ ХАСЧЭЭ
Тэрбээр "УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн 14 саналын 10-ыг нь, УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн 23 саналын гурвыг нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нараас ирүүлсэн 15 саналын тавыг нь хассан байна. Монгол Улсын Засгийн газраас 82 санал ирүүлснээс долоон төслийг нь буцаалаа" хэмээн тодотголоо.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАГАЖ 27 ХУУЛИЙГ БАТАЛНА
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтыг тогтоолын төслийг танилцуулсны дараа гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Намрын чуулган онцлогтой. Төсөв хэлэлцдэг. Хаврын чуулган бол сонгуулийн өмнөх гэдэг утгаараа ярвигтай хоёр чуулган биднийг хүлээж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан олон хуулийн төслийг хэлэлцэж амжихгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дагаж 27 хуулийг батална” хэмээн ярилаа.
Д.ЭРДЭНЭБАТ: ТӨСВӨӨС БУСАД ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ
Тэгвэл сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Ирэх намрын чуулганаар Монгол Улсын төсвөөс бусад хуулийг хэлэлцэх шаардлагагүй. Учир нь, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэдэг утгаараа хуулиудыг өөрчлөх шаардлага байхгүй. Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулахаа шийдээгүй, дэмжигдэх эсэх нь шийдэгдээгүй байхад ийм их хуулийг оруулж ирж байгаа нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Хуучин байгаа Сонгуулийн тухай хуулиа задалж болох юм. Үндсэн хууль нь өөрчлөгдөөгүй байхад урьдчилсан байдлаар хэлэлцэнэ гэж болохгүй. Хуулийн бэлтгэлийг л хангах тухай ярих ёстой. Манайхаас эдийн засгийн ач холбогдолтой олон хуулийн төслийг өргөн барьсан. Тэр нь нэг ч байхгүй байна. Ард нийтийн санал асуулгын тогтоол чинь хэзээ эцэслэн батлагдах юм. Иргэдийн хүсэн хүлээж байсан тогтолцоо чинь агшчихсан. Хэр их хэмжээний зардал гарах нь ч тодорхойгүй байна. Энэ маягаараа та нар ирэх аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл чимээгүй бултчих гээд л байна даа" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )