Д.Дамба-Очир: “Эрдэнэт” үйлдвэр ялсан намын даргын ойрын хүн удирддаг газар байж болохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сарын хугацаагаар сунгах тогтоолын төслийг ийнхүү УИХ баталсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-УИХ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах тогтоолын төслийг баталлаа. Та “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан мөн Эрдэнэтээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд уг үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах шаардлагатай гэж үзэж байна уу?

-1998 онд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байсан тохиолдол байдаг. Одоо хоёр дахь удаагаа тогтоож байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш зургаан сарын хугацаанд бүх шалгалтыг оруулсан байдаг. Сангийн яамнаас болон Монголбанкны шалгалтууд орсон. Үндсэндээ гаргаж ирэх асуудлуудыг бүгдийг нь гаргаж ирсэн.

Цагдаа, Авлигатай тэмцэх газар, тагнуулын шугамаар шалгах ажлууд дууссан гэж би ойлгож байгаа. Цаашид шүүхийн асуудлууд үргэлжилнэ. Нөгөө тал ч гэсэн шүүх дээр гомдол гаргасан юм билээ. Мөнгө угаасан асуудлыг дахин ярьцгаана. 400 сая ам.долларыг ямар хэлбэрээр гаргаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан асуудлыг хөндөнө. Би “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан хүний хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсныг зөв гэж боддог. Харин онцгой дэглэмийг сунгаж байгаа асуудал хуулийн хүрээнд явагдсан. Хууль дүрэмдээ онцгой дэглэмийг хоёр удаа сунгаж болдог. Энэ дагуу Засгийн газраас онцгой дэглэм сунгах асуудлыг УИХ-д оруулж ирж, чуулганаар баталлаа. Энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах болон үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байгааг тус үйлдвэрт ажилчид хэрхэн хүлээж авдаг бол?

-Үйлдвэрийн жирийн ажилчид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал нэг мөр шийдэгдээд албан ёсоор улсын үйлдвэрийн газар болоосой гэж хүсэж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд шилжсэнээр зарим хувийг нь “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдад өгөх тухай асуудлыг хөндөх учиртай. Дээрээс нь Эрдэнэт хотод амьдарч байгаа иргэдэд хувьцаа олгох, улмаар үйлдвэрийн ашгаас хүртдэг байх асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. Үүний тулд 49 хувийнхаа асуудлыг хууль дүрмийнхээ дагуу шийдэх нь чухал. Мэдээж цаг хугацаа их орно. Төвөгтэй, хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа. Том мөнгө яригдаж байгаа учраас амаргүй гэдгийг би ойлгож байгаа. Тиймээс УИХ-аас шалтгаалах асуудлуудыг нь хийх байдлаар онцгой дэглэмийг сунгаад ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх боломжтой хэрэг үү?

-Би УИХ-д сонгогдон ажиллах хугацаандаа нэг зүйлийг судалсан. Тэр нь “Эрдэнэт” үйлдвэрийг хаалттай хувьцаат компани болгочих юм бол ажилчид нь хувь эзэмшээд явах боломжтой тухай. Хэрэв ажилчид хувь эзэмших юм бол үйлдвэрийн үйл ажиллагаанд ажилчид нь идэвхтэй оролцдог, сэтгэлээсээ, үр дүнтэй ажиллах болно. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрт үр ашгаа өгнө. Ер нь дээр үед “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Төмөр зам”-ын 10 хувийг хувьчлах гэж байсныг нь зогсоочихсон юм. Стратегийн үйлдвэрүүд учраас хувьчилж болохгүй гэж үзсэн. Тэр үед хувьчлах нь гэдэг сургаар зарим хүмүүс ягаан, цэнхэр тасалбаруудаа “Эрдэнэт” үйлдвэрт өгсөн. Гэвч одоо болтол хувь эзэмшээгүй байгаа. “Эрдэнэт” үйлдвэр хувьчлагдахгүй болсонтой холбогдуулан Хөрөнгийн бирж дээр цуглараад байсан үнэт цааснуудыг өөр газар руу оруулсан гэдэг асуудал нь шүүх дээр байдаг. Эрдэнэтэд ажиллаж, амьдарч байгаа маш олон хүн ийм байдлаар хохирсон. “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувиас хувьцаа эзэмших сонирхол эрдэнэтчүүдэд одоо ч бий. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр Эрдэнэт хотын өдөр тутмын санхүүжилтийн 93 хувийг бүрдүүлдэг. Тиймээс үйлдвэрээс хамааралтай хотын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал Эрдэнэт хотод ихээхэн хамааралтай. “Эрдэнэт” үйлдвэрийг ил тод байлгах, худалдаа, худалдан авалтыг онлайнаар явуулах зэрэг асуудлыг нээлттэй шийдэх хэрэгтэй. Үүний тулд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг мэддэг, үйлдвэрийн төлөө гэх сэтгэлтэй хүмүүсийг дотроос нь авч ажиллуулах замаар шийдвэр гаргах төвшинд ажиллуулмаар байна. Тэгэхгүй бол Улаанбаатараас нэг чемодантай нөхөр очдог. Тэгээд үйлдвэрт ажиллах хэсэгхэн хугацаандаа хэдэн төгрөг хийж аваад явдгаас биш “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн төлөө ажиллаад байгаа нь харагддаггүй шүү дээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн менежментийг цаашид хэрхэн явуулах учиртай вэ?

-Өнөөдөр Тавантолгой ашигтай ажиллаад байна. Түүн шиг “Эрдэнэт” үйлдвэрийг ашигтай ажиллуулах хэрэгтэй. Хамгийн гол нь ил тод болгох ёстой. Төрийн мэдэлд байж болно. Гэхдээ хувьцаат компани болго гэж байгаа юм. Ингэснээр Хөрөнгийн бирж дээр гарч, улмаар тайлан балансаа үзүүлдэг болно. Нээлттэй болж, ашигтай ажиллах хэрэгтэй болно. Тэгэхгүйгээр ялсан намынх нь даргын ойрын хүн нь очиж удирддаг газар байж болохгүй. Би хэн нэгнийг хэлж байгаа хэрэг биш шүү. Үеийн үед ингэж явж ирсэн.

-Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд 150 сая ам.долларын нууц гэрээ хийсэн тухай дуулдаж байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Хэрэв баримт байгаа бол гаргаж тавих хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал шүүх дээр байгаа үед эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс янз бүрийн зүйл яриад, гүйлдээд байж болох юм.

-Удахгүй УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэнэ. 2020 оны төсвийн төсөөлөл ямар байна вэ?

-Одоо ээлжит бус чуулган завсарлах байх. Аравдугаар сарын 1-нээс намрын чуулган эхэлнэ. Тэр үед Засгийн газар төсвөө оруулж ирэх учиртай. Тэгэхээр нь УИХ хэлэлцээд явна. Амьдрал үргэлжилж байгаа юм чинь төсвөө батлахгүй бол болохгүй. Монгол Улс 2020 онд төсөвгүй байж болохгүй шүү дээ.

-УИХ-аас ээлжит бус чуулганы хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталлаа. УИХ ард түмэндээ ямар төсөл танилцуулах гэж байгаа талаар та дүгнэж хэлэхгүй юу?

-Үндсэн хуульд 40-өөд заалтад нэмэлт, өөрчлөлт орлоо. Төрийг хариуцлагажуулах, төрийн үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Дараа дараагийн парламентын гишүүд хариуцлагатай ажиллах чиглэлээр өөрчлөлтүүд орсон. Уул уурхайн чиглэлээр байгалийн баялгийг ард иргэд тэгш эзэмшихээр болсон. Уул уурхайн баялгийн ашгаас Монголын ард түмэн тэгш хүртэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баялгийн сан бүрдүүлж улмаар иргэддээ хүртээдэг Норвегийн сан, Аляскын сангийн зарчмаар ажиллана гэсэн үг. Мөн хотын статусын асуудлыг шийдсэн. Эрдэнэт, Дархан энэ өөрчлөлтөөс хот болж байгаа. Ирэх оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хууль хэрэгжиж эхлэхэд Эрдэнэт хот болох бэлтгэл хангагдаж дууссан байх үүрэгтэй. Ингэснээр эрдэнэтчүүдийн сүүлийн 27 жил ярьсан асуудал биеллээ олж байна. Би 2008 онд УИХ-д орж ирээд Үндсэн хуульд хот гэдэг үгийг оруулах гэж зүтгэсээр байгаад одоо үр дүнг нь үзэж байна. Үүнээс гадна дордсон долоон өөрчлөлтийг засаж байранд нь оруулах, төсвийн хариуцлагын нэмэгдүүлэх гээд олон сайн өөрчлөлт орж байгаа. Шүүх хяналтгүй байсныг Сахилгын хороо, Шүүхийн зөвлөл байгуулах замаар хариуцлагажуулах боллоо. Ерөнхий сайдад томоохон эрхүүдийг өгч байгаа. Үндсэндээ Монгол Улсад 27 жил Үндсэн хуульд тулаад зогсчихдог байсан болохгүй байгаа асуудлуудыг шийдэх гэж оролдлоо.

-Таны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгахыг хүссэн ямар заалт байна вэ?

-Бодож байсан зүйлүүд бий. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын гишүүдийн тал нь пропорциональ, тал нь мажоритараар сонгогддог дэвшилтэт аргуудыг тусгаж чадсангүй. Хэрэв эдгээр заалтууд орж, сонгодог парламентын зарчим бүрдэх боломж олдсон бол Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй байсан юм. Ямар ч байсан бид урагшаа хоёр алхам хийж чадлаа. Цаашдаа Үндсэн хууль өөрчлөлт оруулж, сайжруулахад сайн жишиг тогтоож чадсан гэж ойлгох хэрэгтэй.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдохоор заасан. Дийлэнх гэдгийг 50+1 хувь гэж ойлгох учиртай тухай ч тайлбарлаж байсан. Тэгэхээр Оюутолгойн 34 хувийг төр эзэмшиж байгаа. Шинэ өөрчлөлтөөр Оюутолгойн төрийн эзэмшлийг нэмэх боломжтой юу?

-Байгалийн баялгийн ашгийг төр засаг, ард түмэн тэгш хүртэх ёстой гэдэг зарчим юм. Ганц Оюутолгой бус уул уурхайн баялгуудаас тэгш хүртэх ёстой. Стратегийн том ордуудаас ашгаа хүртэхийн тулд баялгийн сан байгуулна. Баялгийн сан байгуулахыг Үндсэн хуульд оруулж өгсөн. Дээрээс нь уул уурхайг хоёр хүн лиценз нэрийн дор авдаг биш, нэг гэр бүл баяжаад явдаг биш ард иргэд тэгш хүртдэг, эрүүл мэнд, боловсролын салбарт жигд хүртээгээд явдаг чиглэл рүү л орох юм.

-Та Оюутолгойн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд Оюутолгойн гэрээг сайжруулах асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюутолгой дээр намайг Ажлын хэсэг ахалж байхад нэлээд хүнд хүнд уулзалтууд болж байсан. Нөгөө тал хатуу байр суурьтай байгаа. Гэхдээ ямар ч байсан Монголын төр ширээний ард суугаад Оюутолгойн гэрээг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа Дубайн гэрээг сайжруулахаас өөр арга байхгүй. Цаашдаа Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтуудын бүх зүйл нь ил тод, ойлгомжтой болгохгүй бол төрд байгаа хүмүүс янз бүрийн гэрээ хэлцэл хийдэг жишгийг тогтоож болохгүй. Оюутолгойн гүний уурхайн ажлууд нь яваад дуусах хэрэгтэй. Харин гэрээгээ шинэчил. Ирэх аравдугаар сард ч юм уу, Оюутолгойн асуудлыг УИХ хэлэлцээд гэрээгээ сайжруулаад явах нь зүйтэй. Түүнээс биш “Рио Тинто” гэдэг компанийг хөөж гаргах гэж байгаа зүйл байхгүй. Мэдээж хөрөнгө оруулалтыг дэмжихгүй бол болохгүй. Тэгэхгүй бол сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт саарч байна. Оюутолгойн гүний уурхайг эс тооцвол хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Эдийн засгаа сайжруулъя гэж бодож байгаа бол гаднын хөрөнгө оруулалтууд зугтааж байгаа үед онцгой анхаарч ажиллах ёстой.

-Оюутолгойн асуудал намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан уу?

-Байгаа. Ажлын хэсэг саналаа оруулж ирсэн. Үүнийг Б.Баттөмөр гишүүн ахалж байгаа. Аравдугаар сард УИХ хэлэлцээд явах нь зүйтэй. Оюутолгойн гэрээг цуцал гэж байгаа юм биш. Гэрээгээ сайжруулах ёстой гэдэг байр суурьдаа хатуу байх болно.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудалд эргээд оръё. Энэ удаагийн өөрчлөлтийг дагаад олон хуульд өөрчлөлт орохоор байгаа. Намрын чуулганаар ямар хуулийн төслүүдийг хэлэлцэх товтой байна вэ?

-Намрын чуулганаар 24 дагалдах хуулийг гаргана. Жишээлбэл, Хот, тосгоны тухай хууль, Засаг захиргааны нэгжийн хууль, Сонгуулийн тухай хууль гээд олон салбар хуульд өөрчлөлт орно. Улс төрийн нам 30 мянган хүний гарын үсэг авч байж нам байгуулах эрхтэй болж байгаа. Одоо бол захын нэг нөхөр халаасандаа тамга өвөртөлчхөөд намын нэрээр шантаач хийж амьдардаг нэг хэрэгсэл болсон байна. Өнөөдөр Монгол Улсад 35 нам бүртгэлтэй болсон. Энэ бүгдийг цэгцэлнэ. Ингэснээр ирэх оны тавдугаар сарын 25 гэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих боломжтой болно. Эдгээр хуулиуд шинэчлэгдээгүй тохиолдолд хуучин хуулиудаа түр хугацаанд хэрэглээд явна.

-УИХ-аас ард нийтийн санал санал асуулга явуулахаар тогтсон боловч хэдийд санал асуулга явуулахыг эцэслэн шийдээгүй байгаа шүү дээ.

-УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлахаар тогтсон. Харин хугацааг нь тогтоогүй байна. Урьдчилсан байдлаар аравдугаар сарын 30, 31 гэж яригдаж байгаа. Ард нийтийнхээ санал асуулгыг Монгол Улс хоёр дахь удаагаа хийх гэж байна. 1945 онд Монгол Улс тусгаар тогтнолоо ард түмнээсээ асууж байсан бол одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асуух гэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах эрх мэдлээсээ татгалзаж ард нийтээрээ батлуулах гэж байгаа юм.

-Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулгатай хамтатган засаглалын хэлбэрээ асуух ёстой гэж байгаа. Энэ боломжтой юу?

-Би хууль зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Хуулиа л харах хэрэгтэй. Санал асуулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд л явна гэж ойлгосон. Гэхдээ хэт нарийн ширийн асуулт байхгүй. “Та энэ өөрчлөлтийг дэмжиж байна уу” л гэж асууна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс Ерөнхийлөгч, АН саналаа татаж авахаар оролдох зэргээр яагаад адармаатай байдалд хүрчих вэ?

-Байдал амаргүй байна. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн тавьсан саналуудаас олон орсон. АН-ын саналууд ч орсон. Зөвшилцөх Ажлын хэсэг гэж ажилласан. Мэдээж бүх санал орох боломжгүй шүү дээ. Би гэхэд Эрдэнэт хотын асуудлыг яг сонгодог утгаар нь оруулах гэж оролдсон ч чадаагүй. Миний санаа бол Монгол Улсын Засаг захиргааны нэгж нь аймаг, хотод хуваагдана. Аймаг нь сум, багт, хот нь дүүрэг, хороонд хуваагдана гэдэг томьёоллоор оруулах гэсэн боловч арай зөөлрүүлсэн хэлбэрээр орсон. Энэ мэтчилэн хүн болгоны хүссэн зүйл орох боломжгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болохынхоо хувьд ард түмний хувьсан саналуудыг тусгаснаар энэ удаагийн өөрчлөлт хийгдэж байгаа. УИХ дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ганц үг, цэг, таслалд хүртэл анхаарч ажилласан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нь амаргүй болохыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд харлаа. Түүхэн том өөрчлөлт орсон гэж үзэж байгаа. Зарим хүн ойлгож байгаа юм уу, үгүй юм уу. Миний хувьд Монгол Улсын түүхэнд оруулсан асар том гавьяа гэж харж байна.

-Хэрэв УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гавьяагаа байгуулсан бол тарах шийдвэр гаргах шаардлагыг Ерөнхийлөгч тавиад байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ тарж, ээлжит бус сонгууль болох тухай дуулдаж байна. Энэ хэр бодитой вэ?

-Мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл УИХ тарж байсан жишиг байхгүй. Цаашдаа УИХ тардаг жишиг тогтчих вий. Ээлжит бус сонгууль зарлах, УИХ тарах асуудлыг МАН-ын удирдах зөвлөл, намын Бага хурал шийднэ. Хэдэн талаас нь сайн ярьж байж шийдэх ёстой асуудал.

-Ийм яриа гараад байгаа нь ямар учиртай вэ?

-Улс төрийн байдал амаргүй байна. Ерөнхийлөгч, АН болон бусад намууд нөгөө талдаа гарчихаад байгаа. Ер нь амар байсан үе байгаагүй л дээ. Улс төрийн байдал дандаа л амаргүй байдаг. Гэсэн ч урагшаа харж ажиллах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Отгооо(121.129.18.141) 2019 оны 09 сарын 16

Эрдэнэтийн ажилчид л жаал баяжих вм бздээ

0  |  0
МАН ын гишүүн(202.179.31.27) 2019 оны 09 сарын 16

65 та нар арчаагүй байна даа. Та нарыг яах гэж сонгов оо. Ингэж хулхидахыг мэдсэн бол хэрэггүй сонголоо. Арчаагүй шаарнууд Баасанхүүгээс долоон дор. Хэт мөнгөний хойноос явахаар ард түмэндээ нэр хүндээ алдаж байгаа юм даа.

1  |  0
МАН ын гишүүн(202.179.31.27) 2019 оны 09 сарын 16

65 та нар арчаагүй байна даа. Та нарыг яах гэж сонгов оо. Ингэж хулхидахыг мэдсэн бол хэрэггүй сонголоо. Арчаагүй шаарнууд Баасанхүүгээс долоон дор. Хэт мөнгөний хойноос явахаар ард түмэндээ нэр хүндээ алдаж байгаа юм даа.

1  |  0
Zochin(213.61.242.164) 2019 оны 09 сарын 16

Toriin medliin barag buh l kompani deer chemodantai nohod tomilogdon irj ajilladag bolood udaj bna doo,ireed l,yavaad l,ard n baasin mergejiliin hamt olon n tseverleed,nohood suuj bdag bolson shdee

0  |  0
Top